УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ардчиллын партизануудад байр олгох, мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн агуулга, ач холбогдол нь юу юм бэ?
-1989-1990 онд Монгол орон нийгмийн нэг байгууллаас нөгөө байгуулалд шилжсэн нь том хувьсгалт өөрчлөлт болсон. Хувьсгалт гэхээр коммунист маягтай сонсогдож магадгүй. Гэхдээ энэ бол бүхэл бүтэн нийгмийн хувьсал, өөрчлөлт байсан учраас хувьсгал гэхэд буруудахгүй. Энэ өөрчлөлтийн үр дүнд Монгол Улс төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг, нэг намын дарангуйллаас олон намын тогтолцоонд шилжсэн. Ардчилал, зах зээл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өнөөгийн нийгмийг бий болгох үндсэн суурийг тавьсан хувьсгал болсон юм. Үүнийг анх эхлүүлэхэд амар байгаагүй. Хүмүүс бүх зүйл өнөөдрийнх шиг байсан юм шиг ойлгодог. Ямар нэгэн эрсдэл гаралгүй тайван замаар шилжилт хөдөлгөөн явагдсан учраас магадгүй энэ хувьсгалын үнэ цэнэ хүмүүст бага юм шиг санагддаг байх. Яг үнэндээ тийм байгаагүй. Нэг намын дарангуйлал тогтсон социалист, коммунист чиг баримжаатай төрийг өөрчилнө гэдэг хэцүү. Тухайн үедээ ардчиллыг бий болгож байсан залуучууд, нийгмийн идэвхтэй хэсгийг хүчээр нухчин дарах, барьж хорих, бүр устгах асуудал ч яригдаж байсан. Ийм цаг үед тэд эрсдэлээс айхгүйгээр зориг гарган хувьсгалт өөрчлөлтийг хийсэн анхдагчдыг төрөөс тодорхой хэмжээгээр үнэлэх хэрэгтэй. Монголын төр Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, 1939, 1945 оны чөлөөлөх дайн гэх мэт нийгмийн томоохон өөрчлөлтийг бий болгох сорилтод оролцсон хүмүүст дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж ирсэн. Үүний дагуу Ардчилсан хувьсгалын үйл явцыг эхлүүлсэн, санаачилсан, гардан зохион байгуулсан анхдагчдад нийгмийн хамгааллын тусламж дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзээд хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан юм.
-Одоогоор хэдэн хүн байна вэ. 1500 орчим байгаа гэсэн энэ тоо бодитой юу?
-Энэ бол урьдчилсан судалгааны тоо. Энэ тоо хэд болж өсөх, хасагдахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тодорхой шалгуур, хяналттайгаар хэдэн хүн байгааг тогтооно. Хууль батлагдаж хүчин төгөлдөр болохоор хууль хэрэгжүүлэх журам гарна. Мөн ажлын хэсэг гарч нарийвчлан хянаж бодит тоог гаргах байх.
-Нэг л удаа тэтгэмж олгоход 40-70 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн?
-Нэг хүнд 40-45 метр квадрат талбайтай орон сууц, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн дэмжлэг олгоно гэж тооцоолсон. Нэг удаа байр олгоход ойролцоогоор 70 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцсон. Харин урсгал зардал буюу нийгмийн халамж үйлчилгээнд нь жилд таван тэрбум төгрөг зарцуулна.
-Урсгал зардал гэдэг нь төрөөс тогтмол дэмжлэг үзүүлнэ гэсэн үг үү?
-Нийгмийн хамгааллын хуулиар ахмад настанд олгож байгаа тэтгэмжийг давхардуулахгүй. Өөрөөр хэлбэл, ардчиллын анхдагч тухайн иргэн өөр хуулиар төрөөс тэтгэмж авч байгаа тохиолдолд давхардуулан олгохгүй. Аль хуулиар ямар тэтгэмж авах нь тухайн хүний эрхийн асуудал. Ямар ч гэсэн хууль батлагдлаа гэхэд бусад тэтгэмжтэй давхцуулахгүй байх боломжтой.
-Хэлэлцүүлгийн шатанд энэ хуулийн төслийг гишүүд улстөржүүлж магадгүй. Та энэ төслөө АН эрх барьж байх үед батлуулах боломжгүй байсан юм уу. Эсвэл намын дарга болсныхоо дараа ийм төсөл санаачлах нь зүйтэй гэж үзэв үү?
-Дөрвөн жилийн өмнө энэ төслийг санаачлахаар судалгаа хийж эхэлсэн. Гэвч бусад хүчин зүйлээ болж хойшлуулсаар хугацаа алдсан.
Ш.ЧИМЭГ