АТГ Д.Зоригт, Л.Гансүх нараас мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

АТГ Д.Зоригт, Л.Гансүх нараас мэдүүлэг авчээ

АТГ Д.Зоригт, Л.Гансүх нараас мэдүүлэг авчээ

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нартай холбоотой хэргийг өчигдөр хэлэлцэж, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон. Харин Оюутолгойн гэрээ болон Эрдэнэтийн асуудлаар хоригдоод байгаа бусад хүмүүсийг яах вэ. АТГ-т шалгагдаж буй дуулиант хэргүүд юу болов.

Д.Зоригт, Л.Гансүх нараас мэдүүлэг авчээ                    

Одоогоос 22 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр АТГ-аас Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорьсон. Тэднийг шүүх хурал дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг 30 хоногоор саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тэгвэл тэднийг суллах уу эсвэл үргэлжлүүлэн саатуулах уу гэдэг асуудлыг дахин шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэнэ. Ч.Сайханбилэг, С.Баяр нарын 30 хоногийн хугацаа ирэх долоо хоногт шийдэгдэх юм.  АТГ-аас Оюутолгойн гэрээнүүд дээр ажилласан, хянасан, баталсан эрх бүхий албан тушаалтнууд нь гэрээний үе шатуудад бусдад давуу байдал бий болгосон, Монгол Улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй, орхигдуулсан, татварын болон бусад нөхцөлийг хууль бусаар бууруулсан, хахууль авсан эсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх зэрэг асуудлыг шалгаж байгаа юм. Мөн тус  гэрээ батлагдах үед

Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг хорих уу гэсэн асуулт олон нийтийн дунд байгаа. Тэгвэл АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Л.Гансүх болон Д.Зоригт нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно.

Хотгор шанагын лицензийг худалдан борлуулсан асуудалд хэрэг бүртгэл нээжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан Хотгор шанага нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрөө үгүйсгэдэг. Харин энэ талаар АТГ “Нийслэлийн прокурорын газраас Хотгор шанага ХХК-ийн 51 хувийн хувьцааг худалдан борлуулсан асуудалд хэрэг хавтаст хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг яллагдагчаар татаагүй” гэсэн тайлбар өгсөн юм. Ямартай ч ийм хувьцаа худалдан борлуулах ажиллагаа явагдсан эсэх, түүнд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар холбоотой эсэх асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгаж эхэлжээ.

Ш.Батхүүгийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

“Жаст” группийн эзэн Ш.Батхүү цагдан хориод нэг сар 16 хонож байна. Хоригдсон цагаас эхлэн хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, сахрын өвчин нь хүндэрч, хоол ч идэхгүй байгаа талаар мэдээлэл гарч байсан.

Ш.Батхүүгийн хувьд сахрын өвчтэй, тэр нь хүндэрч, эмчийн хяналтад байгаа юм. Саяхан тэрбээр, Ш.Батхүү, Төрийн банк, Эдуард Сүрэнтэй холбоотой шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцсон юм. Аж ахуйн нэгж, иргэний зээл, хөрөнгө, өр, авлагын асуудлыг нэг бүрчлэн шалгаж байгаа юм байна.

М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгээгүй

Шведийн вант улсад суух онц бөгөөд Элчин сайд М.Энхсайханыг Тавантолгойн ордын гэрээний төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд бусдад давуу байдал бий болгож төрийн эрх ашигт нөлөөлсөн үндэслэл байгаа эсэхийг нь АТГ шалгаж буй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл байгаа ч АТГ-аас үгүйсгэсэн юм. Гэвч үүнтэй зэрэгцэн Засгийн газрын түвшинд түүнийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилох шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын чуулганд М.Энхсайханыг эгүүлэн татаж, орлон томилох хүнийг өргөн мэдүүлснээр, эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм. Засгийн газраас түүнийг эгүүлэн татаж буйгаа тодорхой тайлбарлаагүй ч УИХ-д өргөн барьсны дараа энэ асуудал тодорхой болох юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж