Задарсанд хүчгүйдсэн төр

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Задарсанд хүчгүйдсэн төр

Задарсанд хүчгүйдсэн төр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хоёрдугаар сард тусгай хамгаалалттай газарт хууль бус, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хашааг буулгах тушаал гаргасан. Энэ дагуу нь мөнхийн газрын маргаантай байдаг Зайсангийн ам, Туул гол орчмын 28 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох болсон тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын  захиргаанаас мэдэгдэж байв. Харамсалтай нь, 23-хан байгаль хамгаалагчтай гэгдэх нэр нь ахадсан энэхүү хамгаалалтын захиргааныхан өнөөдрийг хүртэл дорвитой үйлдэл хийж чадаагүй гэж хэлж болно.

Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо салбарын сайдынх нь тушаалыг биелүүлэх арга чарга хайж, нээлттэй сонсгол хийсний дараа Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн Газрын алба болон Цагдаагийн хэсгийнхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг биелүүлэхэд туслалцаа үзүүлэхээр болсон.

Ингээд өнгөрсөн даваа гаригт зөвшөөрөлгүй баригдсан гэгддэг Зайсангийн бурхантай хөшөөний хойно байрлах таван давхар карказыг буулгахаар очсон ч чадсангүй. Төрийн цагдаа, газрын алба, хамгаалалтын захиргааныхан нь нийлээд ч нэгэн компанийн хөлсөлсөн хамгаалалтын албаныхныг дийлэхгүй болохоо харуулж, хэвлэлийнхний өмнө онигоонд оров. 

Иргэдийнхээ ТҮЦ-ийг хүчээр буулгаж, дотор нь эзнийг нь чихэж аваад ачаад явдаг төрийн зангараг том, том барилгын суурь, хашааг нураахад хэтэрхий багадаж байгааг энэ үйл явдал харуулах нь тэр.

Мөн Зайсан толгойн зүүн энгэрийг ямар ч зөвшөөрөлгүйгээр хашиж, ухсан иргэн н.Одсүрэн гэгчийн өмнө Монгол Улсын төр, цагдаагийн бас л хүчин мөхөстөж байна. Өнөөдрийг хүртэл хашааг нь буулгаж чадалгүй, улбар шар хашаагаар Зайсан толгойн зүүн энгэрийг хүрээлүүлсэн байгааг очоод харж болохоор аж.

Бас нэгэн жишээ нь Туул голын бургасыг хядаж, тансаг зэрэглэлийн 50 айлын хаус барьж буй “Зүүнбаян рефайнери” хэмээх компанийн асуудал. Төрийн гурван өндөрлөгийн оршин суух Их тэнгэрийн амны хойхон талд Туулын эрэг дээр баригдаж буй энэхүү тансаг зэрэглэлийн орд харшийг байгалийн унаган төрхийг алдагдуулж байгааг эрхэм дээдсүүд гэртээ орж, гарах бүртээ хардаг л болов уу. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авагдсангүй.

Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол “Зүүнбаян рефайнери” компанийн газар ашиглах эрхийг 2017 оны зургадугаар сарын 20-нд цуцалсан ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй атлаа өнөөдрийг хүртэл барилгаа барьж байх жишээний. Тус компани нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тус яамнаас 2008 онд авч, 4 га газрыг ашиглах эрхтэй болсныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан хэлж байгаа юм. Харин өнөөдөр 4 га газраа 6 га болгон тэлж, анхны аялал жуулчлалын цогцолбор байгуулна гэх зориулалтаа 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Их тэнгэр вилла” 50 айлын таун хаусын зориулалттай болгож өөрчилсөн байх. Ингэхдээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөны газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нарын зөвшөөрлийн дагуу зориулалтаа өөрчилжээ. Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсийн дэглэм, 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт дээрх үйл ажиллагааг хориглоно гэдгийг товч бөгөөд тодорхой заагаад өгчихсөн байх жишээний.

Уг нь нийтлэлд дурдсан эхний хоёр газрыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийнх гэдэг мэдээлэл хэвлэлээр олонтаа гарсан. Түүнийг Зайсан толгой орох замд барьсан буудлыг ч зөвшөөрөлгүй барьсан гэдгийг холбогдох албаныхан нь хэлдэг. Харин хэргийн эзнээр олон жил жил яригдаж байгаа Л.Гүндалай энэ бүхнээ тайлбарлахдаа “Оюуны ундраа’-гийн Зайсан амралтын цогцолборыг нураачихаад надтай харьц” гэдэг тухай байгаль хамгаалч нар ч хэлж байгаа юм.

Хууль батлалцаж явсан хүмүүс ингэж ч хуулийг гууль болгох гэж дээ. Төр мөнгөтэй хүмүүсийн өмнө хүчгүйдэж байна, яах ёстой вэ?.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж