Ялалтын баярт бэлтгэж буй Москва

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Ялалтын баярт бэлтгэж буй Москва

Ялалтын баярт бэлтгэж буй Москва

Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ой тавдугаар сарын 9-нд тохионо. Жил бүр ОХУ-ын Москва хотын улаан талбайд зохион байгуулагддаг цэргийн парадын бэлтгэл аль хэдийнэ эхэлжээ. Энэ жилийн цэргийн парадад ОХУ-ын зэвсэгт хүчний хамгийн шинэлэг техникүүдийг олон нийтэд толилуулна гэдгийг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдэж байна. Тодруулбал, Улаан талбайд нийтдээ 12 мянган цэрэг, 114 хуурай замын танк, автомашин болон 72 нисэх онгоцыг толилуулах юм байна.

Үүнээс гадна, цэргийн парадад эмэгтэй цэргүүд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн Номхон далайн тэнгисийн цэргийн флот, Хойд флотын тэнгисийн цэргүүд болон ойрын хугацаанд Сирийн зэвсэгт мөргөлдөөн рүү томилогдох гэж буй цэргүүд ч гэсэн Ялалтын баярын цэргийн парадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Парадын бэлтгэл ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 6 –нд нэгдсэн бэлтгэл хийх ажээ.

Оросын бүх ард түмэн Москва хотын Улаан талбайд цэргийн парадыг үзэх боломжгүй тул тавдугаар сарын 6-нд болох нэгдсэн бэлтгэлийг олон хүнд үзүүлэхээр зорьж байгаа гэдгийг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгджээ. 

Тодруулбал, Оросын бүх ард түмэн зэвсэгт хүчний нөөц бололцоо, шинэчлэлийг харах ёстой гэв. Одоогийн байдлаар Улаан талбайд орчин үеийн ямар технологийг олон нийтэд танилцуулах гэж буй нь нууцлалын зэрэгтэй байна. Ямартай ч Ялалтын баярын үеэр тэнгэрт нисгэгчгүй агаарын хөлөг болох “Корсар” дүүлнэ гэдэг нь олон нийтэд тодорхой болоод байна. “Корсар” нисгэгчгүй хөлгийг тагнуул болон бие даасан довтолгоонд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.

ЯЛАЛТЫН БАЯРЫН ТӨСӨВ

ОХУ-ын томоохон баярын нэг бол яах аргагүй Ялалтын баяр. Ялалтын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, зэвсэгт хүчний ямар техникийг олон нийтэд танилцуулах, дэлхийн удирдагчдын хэн нь Ялалтын баярт хүрэлцэн ирсэн гээд баярын бүхий л деталиуд нь дэлхий дахины анхаарлын төвд байдаг.

Энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд ойролцоогоор хагас тэрбум рубль шаардагддаг гэнэ. Одоогоор энэ жилийн төсвийн ерөнхий дүн тодорхойгүй байна. Гэхдээ ОХУ ялалтын баярт 2017 онд зөвхөн Москва хотод гэхэд 509 сая рублийг зарцуулжээ. Харин 2016 онд 210 сая рубль зарцуулжээ. Энэ нь 2015 оныхтой харьцуулахад дөрөв дахин бага мөнгө зарцуулсан гэсэн үзүүлэлт гарчээ. 

Ялалтын баярын төсвийг ерөнхийд нь задлаад харвал: 

  • 150 гаруй сая рубль нь ахмад дайчдыг Улаан талбайд авчрахад, 
  • 43.3 сая рубль нь гаднын зочдын бэлгэнд,
  • 16.3 сая рубль нь парадад оролцож буй гаднын цэргүүдийн хоол хүнсэнд,
  • Зэвсэгт хүчний техникийг танилцуулахад 14 сая рубль,
  • 45 сая рубль парадад оролцох цэргүүдэд зориулсан дүрэмт хувцас оёоход, 
  • Хуурай замын техник хэрэгслийн шатахуунд 350 мянган рубль
  • Онгоцыг цэнэглэхэд 13.7 сая рубль  тус тус зарцуулагддаг ажээ. 

ДЭЛХИЙН УДИРДАГЧДААС ХЭН НЬ ЯЛАЛТЫН БАЯРЫГ ЗОРИХ ВЭ?

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадыг зорин ирэх дэлхийн удирдагчдын тоо жилээс жилд цөөрч байна. 2017 онд ОХУ Ялалтын баярт нийт 68 орны төрийн тэргүүнийг урьсан ч тэдний 20 нь л хүрэлцэн ирсэн. Тухайн үед Европын ихэнх улс орнууд Ялалтын баярт очих боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Тэгвэл дэлхийн удирдагчдаас хэн нь чухам энэ жилийн Ялалтын баярыг зорих вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Энэ асуултад ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа "Кремль ялалтын баярын арга хэмжээнд гаднын улсын төрийн тэргүүнийг онцгойлон урих төлөвлөгөө гаргаагүй. Баяр тэмдэглэн өнгөрүүлэх протоколд ч энэ зүйл тусгагдаагүй. Ялалтын баярын арга хэмжээ бүх хүнд нээлттэй. Иймээс энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэх хүсэлтэй хүмүүсийг бид халуун дотноор хүлээн авахад бэлэн байна’ гэсэн юм.

Жилээс жилд ОХУ-ын Улаан талбайд зохион байгуулагддаг цэргийн парадад хүрэлцэн ирэх дэлхийн удирдагчид багасч байгаа энэ үед тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ‘Ялалтын баяр, Цэргийн парад бол гаднын зочдод зориулсан арга хэмжээ биш. Энэ бол ахмад дайчдын баяр, тэдэнд зориулсан цэргийн парад‘ хэмээн мэдэгдэж байсан удаатай. 

Аугаа эх орны дайны ялалтыг зөвхөн ОХУ-аас гадна бусад улс орнууд ч гэсэн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тодруулбал, тавдугаар сарын 8-нд ХБНГУ нацистуудаас чөлөөлөгдсөний баярыг тэмдэглэдэг бол Франц улс энэ өдөр нэр нь үл мэдэгдэх цэргийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг. Харин Лондон тавдугаар сарын 5-нд дайнд үрэгдсэн цэргийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлдэг.

Тэгвэл энэ жилээс эхлэн Израиль тавдугаар сарын 9-ны өдрийг албан ёсны баярын өдөр болгосноо зарлажээ. Энэ өдөр Израилийн Засгийн газрын гишүүд Улаан армийн цэргүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгов. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж