Засаг, хот хоёр хамтарч ажиллах цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Засаг, хот хоёр хамтарч ажиллах цаг ирлээ

Засаг, хот хоёр хамтарч ажиллах цаг ирлээ

Нийслэлчүүд хоёр жилийн өмнө утаа, түгжрэл, төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрээсээ салахын түүс болцгоож, өнөөгийн эрх баригч хүчнийг сонгосон. Гэвч Улаанбаатар хот өнөөх л янзаараа.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, өмхий үнэрийг нь дарах технологи нэвтрүүлэх тухай ярьсан ч ажил хэрэг болсонгүй. Барилгын материалын 100 айлын зах, авто машины Да хүрээ захыг нүүлгэж, төвлөрлийг сааруулахыг нь иргэд хүлээсээр. Наймаачид нь ч хүлээн зөвшөөрсөн энэ ажил юунаас болоод хүлээлтэд орсныг үнэндээ ойлгохгүй нь.  Товчхондоо маргааш сонгууль болбол МАН ялагдах нь тодорхой байна.

Жишээ татъя, өнгөрсөн хоёр жилд МАН эрх барихдаа яг юу хийсэн бэ?. Улаанбаатар хотод өнгөрсөн жил төв зам дагуу мод суулгасан бол өнөө жилээс Замын цагдаагийн орчимд гүүрэн гарц барих ажлыг эхлүүлж, зарим нэг хурдны замын ажлыг л үргэлжлүүлж байна. Бүтэн хоёр жил өнгөрсөн байхад дэндүү харамсалтай биш үү.

Гэтэл Ардчилсан нам нийслэлийг удирдсан эхний хоёр жилд 20 гаруй уулзваруудыг өргөтгөн шинэчлээд зогсохгүй Ногоон нуур орчмын гэр хорооллыг барилгажуулах ажлыг эхлүүлсэн байв. Одоо тэнд Хангай нэртэй орон сууцны бүхэл бүтэн хороололд хэдэн зуун иргэн аж төрдөг. Богд уулыг дагаад хурдны зам тавигдаж, Амгалан дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил ид дундаа орсон байв.

Бөмбөгөр худалдааны төв, 100 айл, Сансар, Үйлдвэр комбинат зэрэг хүн олноор зорчдог, авто машин ихээр сүлжилддэг авто замуудад гүүрэн гарц тавьж өгснөөр аваар осол ч буурсан.

Улсын хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал зургаан ч аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлууд дуусаж, тууз хайчилж байв.

Цементийн үйлдвэрүүд баригдаж, Эрдэнэт хивс, Дархан нэхий зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүд Чингис бондоос авсан санхүүжилтээр үйлдвэрүүдээ өргөтгөж, технологио шинэчилсэн. Яармагийн дэнжид хямд үнэтэй орон сууцны хорооллууд сүндэрлэн боссон. Газар тэнгэр шиг ялгааг харж болохоор буй. 

Иймээс эрх баригчид энэ зуныг ашиглаж, нийслэл дэх бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, хог боловсруулах үйлдвэр барих ажлаа эхлүүлж, Засгийн газар нь нефть боловсруулах үйлдвэрийнхээ ажилд шуудрахгүй бол үлдэж байгаа хоёр жил харвасан сум шиг жирэлзээд л өнгөрнө. 

Ганц улстөржилгүйгээр ажлаа хийх цаг энэ жил. Хэрвээ энэ зуныг алдвал буцааж нөхөхөд амаргүй. Ирэх жилээс амь, амиа бодоорой л болцгооно. Юун бүтээн байгуулалт, яаж сонгогчдын саналыг татах вэ гэдэг шоу л өрнөнө. 

Гэтэл Засгийн газрын амлалт бий. Агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотод ирэх намраас түүхий нүүрс оруулахыг хориглох болж буй.  Сайжруулсан түлшийг гэр хорооллынхонд нийлүүлэх үйлдвэрүүд байгуулагдахаас эхлээд хувийн хэвшилтэйгээ түншилж ажиллах шаардлага ирэх намраас тавигдана гэсэн үг.  Гэр хорооллын 200 мянга гаруй айлыг цахилгаан халаагуураар халаах эрчим хүчний дотоодын нөөц Монголд байхгүй.  Хэрэв гадаадаас эрчим хүч импортоор авбал эргээд төрд л дарамт үүсгэнэ. Тиймээс Ерөнхий сайд хэлсэндээ хүрэхийн тулд агаарын бохирдлыг шийдэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Харин энэ бүхнийг бүрэн эрхийн хугацаандаа шийдэж чадах уу?. Мэдээж амжихгүй, гэхдээ амласнаа ядаж ажил хэрэг болгохын төлөө зүтгэхээс аргагүй. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийслэлчүүдийг аз жаргалтай Улаанбаатар хотод амьдруулах заалт багтсан. Зөвхөн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байгаа МАН-ын бүлгийн гишүүд, хотыг удирдаж байгаа багийнхны хийх ажил гээд хаячихаж болохгүй. Засгийн газрын оролцоо байж, хоттой хэр гар нийлж чадна, тэр хэрээр үр дүн гарна. 

Эрх баригч хүчинд олгосон бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө хоёр жил үлдсэн шүү. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж