УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж, гурван асуудал хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанаар тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн талаар гишүүд байр, сууриа илэрхийлээгүй учраас анхны хэлэлцүүлгээр нь батлахаар боллоо. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан “Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр “1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийн нийгмийн амьжиргааг сайжруулах, тэдэнд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохын тулд хуулийг санаачилсан” гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ардчилсан хувьсгалын анхдагч гэж яг хэнийг хэлж байна вэ. Ардчилсан холбооны гишүүдийг хэлж байна уу, Ардчилсан намын гишүүдийг хэлж байна уу. Эсвэл ард түмнээ хэлж байгаа юм уу. Хуулийн төсөл хэдий хэмжээний тэтгэлгийг ямар төсвөөр яг хэнд өгөх гэж байгаа юм бэ. Ардчилал бол ард түмний баялаг, өмч юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Ардчилсан хувьсгалыг үүсгэн санаачилж, зохион байгуулсан тодорхой хүмүүс бий. Тодорхой нэр хаягтай хүмүүс бий. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-оос өмнө ардчилсан хувьсгалд тодорхой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс оролцоно. Хэрэв хууль батлагдвал нарийвчилсан байдлаар тодорхой тоог гаргах ажлын хэсэг байгуулж ажиллана. Ардчилсан хувьсгалын үр шимийг хамгийн их хүртэж байгаа хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү чи шүү.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Ардчилсан хувьсгалын анхдагчид дунд 1500 хүн тодорхой үүрэгтэй оролцсон боловч одоо 1100 хүн амьд сэрүүн байгаа. Мөн энэ хүмүүс байр олгоход 40-70 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн байна. Энэ тооцоо судалгаа хэр бодитой вэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-1100 хүн байгаа гэсэн тоо нь урьдчилсан байдлаар гаргасан судалгаа юм. Байр олгоход 40-70 тэрбум төгрөг байгаа гэсэн багцаалсан тоо юм. Хууль батлагдсаны дараа тодорхой судалгаа, нарийн тоог гаргаж, төсөвт суулгах зэрэг асуудлын талаар илүү тодорхой мэдээлэл бий болох байх.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Ардчиллын анхдагчийг сонгоход ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан уу. Тухайн цаг үеийн мэдээлэл архивт бий юу.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Хууль батлагдах тохиолдолд хуулийг дагаж мөрдөх журам батлагдана. Үүний дагуу тодорхой судалгаа хийгдэж, ажлын хэсэг байгуулаад нарийвчилсан тоо гаргаж, холбогдох асуудлыг ярина. Ардчилсан хувьсгалын анхдагчдад олгох нөхөн олговрын асуудал гарахгүй байх гэж бодож байна. Ямар хүмүүс өөрөө амьд сэрүүн, нас барсан бол зөвхөн түүний гэр бүлийн хүн байхаар хуульд тусгасан.
Ингээд санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн учраас УИХ-ын чуулганы хуралдаан шилжүүллээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар хоёр ажлын хэсэг байгуулж, байнгын хороо өндөрлөлөө.
Ш.ЧИМЭГ