Х.Баянмөнх: Бөхчүүдийг допингоор барьцаалж, мөнгө хийдэг

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Х.Баянмөнх: Бөхчүүдийг допингоор барьцаалж, мөнгө хийдэг

Х.Баянмөнх: Бөхчүүдийг допингоор барьцаалж, мөнгө хийдэг

Монголын Үндэсний бөхийн холбооноос 2002 онд байгуулагдсан Цэцдийн зөвлөлийн хурлыг маргааш хуралдуулахаар болсон. Энэхүү хурлыг хууль бус болно гэдгийг дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Хурлын үеэр далай даян дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.

-Бөхийн холбооны маргаан улам даамжирч байна. Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?

-Хурдан шийдэх арга байна, хуулийнхаа дагуу л явья. 2017 оны ээлжит бус “Их Эе” хуралдаж, тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон. Энэ хурлаас шинээр Цэцдийн зөвлөлийн гишүүдийг сонгосон. Тиймээс хууль ёсны 2017 оны бүрэлдэхүүнийг хуралдуулах ёстой. Үүнд талцаад байх юм байхгүй. Эв нэгдэлтэй байя гэхээр хууль бус холбоо үүнийг эсэргүүцээд байгаа нь сонин байна. Намайг олон хүн зэмлэж байна. 15 жил шүүхээр явж, ялалт байгуулсан хэрнээ буруу холбоонд буулт хийх гэж байгааг шүүмжилж байна. Би эв нэгдлийг хангахын төлөө явж байгаа. Холбооны ажилд бөхчүүд хэрэггүй ээ. Бөхийн төлөө зүтгэлтэй ажилладаг залуучуудад өгөх хэрэгтэй. Үүний төлөө би явж байна.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тамга болон Бөхийн өргөөг булаацалдаад удаж байна. Үүний шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Би Бөхийн өргөөний талаар ер сонирхдоггүй байсан. Одоо өргөөний тухай таагүй мэдээлэл гарч байна. “Үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагад ямар ч бүртгэлтэй өргөө байхгүй. Амбаар ч алга. Яагаад энэ тэмцэл явагдаад байна вэ гэхээр шинэ, хуучин тэргүүн нарын хооронд тэмцэл үүсээд байна. Хуучин хүмүүс нь өргөөг эзэмшээд, ашиглаад дадал болчихсон байна. Бүр тэдэнд эндээс олсон орлого нь их амттай байжээ. Р.Нямдорж тэргүүтэй нөхдүүд шинэчлэл хийгээгүй юм. Найрааны начин цаашлаад заан, аваргад хүрээд ирчихлээ. Барилдаанууд мөнгөний хэрэгсэл болчихлоо. Хуучин 60 кг-ын жинтэй бөх аманд гардаг байсан бол одоо 120 кг-ын бөх гардаг болжээ. Монгол бөхийн ген алдаж, хөдөлгөөн удааширч, зөвхөн шуудагнаасаа хаялцдаг болсон байна. Цаана нь бөхчүүдийн нэр төрийг допингийн шинжилгээний нэрийн доор гутаан доромжилж, мөнгө авч зохион байгуулж байна. Энэ бүх юмыг хуучин арга барилаас салгаад шинэ залуучуудыг тавих хэрэгтэй байна. Өөрчлөлт хийж, технологийн шинэчлэлийг боловсруулан ажиллах нь чухал. Японы сүмо бөх шиг хөгжүүлэх юм. Шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан байгаа.  

-Та Ерөнхийлөгчтэй уулзлаа. Танд юу гэж захисан бэ?

-Ерөнхийлөгч аль болох эвлэрээд дүрмээ баримталж ажилла. Хууль ёсны дагуу явагдсан хурлын шийдвэрийнхээ дагуу явж, хурдан хугацаанд маргааныг дуусгаж эзэнтэй болгох хэрэгтэй байна гэсэн. Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбаттай уулзлаа. Г.Өсөхбаяр гадаадад яваад ирлээ. Мэдээж Р.Нямдорж, Д.Данзан хоёр байж болохгүй. Л.Чинбат бичгээ надаар дамжуулж Ерөнхийлөгчид өгчихсөн. Холбооны тэргүүний албан тушаалыг өгөхөд бэлэн байна гэдгээ хэлсэн байгаа. Эв нэгдлийн гэрээг хийгээд үүний эхэнд хоёр тал хуулийн байгууллагаас бүх өргөдлөө татчихаж гэж би хэлсэн. Тэгээд эхлэе гэж байгаа юм. Гэтэл эв нэгдлийн гэрээг хийж өгөхгүй байна.

-Л.Чинбат тэргүүн албан ёсных гэж та үзэж байна уу?

-Бөхийн холбооны маргаан 2002 оноос хойш эхэлсэн. Үүнээс хойш долоон удаа хуралдлаа. Хамгийн сүүлд 2017 онд хуралдсан ээлжит бус “Их Эе” хурлаар Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон. Шүүх энэ хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Л.Чинбатын зүгээс “Эв эеээ олоод хурлаа хий. Би албан тушаалаасаа огцроод та нарт өгнө” гэж хэлээд надад үүрэг өгсөн.

-2017 оны ээлжит бус “Их Эе”-ийг дүрэм зөрчиж, гишүүдийн ирц хүрээгүй гээд байгаа шүү дээ. Үнэхээр ирц бүрдсэн үү?

-Хурлыг дүрэм зөрчиж болсон гэж яриад байгаа. 160 гаруй гишүүд энэ хуралд оролцсон. Л.Чинбат тэргүүн биш гэдгийг шүүх хэлээгүй. Одоо тэдэнд ямар ч эрх зүйн үндэс байхгүй.

-2002 оны Цэцдийн зөвлөл маргааш хуралдахаар болсон. Гэтэл энэ зөвлөлд Р.Нямдорж, Д.Данзан нар байна шүү дээ?

-Тэд байгаа. Бүр Р.Нямдорж хурлыг нээж, хуралдах гэж байна. Холбооны тэргүүн нээж хурлыг эхлүүлэх учиртай. Бид хуулиа бариад явж байгаа. Хуульд олонхи байхгүй шүү гэж хэлээд байгаа.

-Цэцдийн зөвлөлийн хурлаар “Их Эе”-ийн товыг зарлах ёстой. Та маргаашийн хуралд очих уу?

-Би очихгүй. Би хууль бус зүйлд хутгалдахгүй гэдгээ хэлсэн байгаа. Хуулийн дагуу болж байгаа бол хаана ч байсан очино гэдгээ хэлээд байгаа. Энэ хурал болсон ч хүчингүй болно. Хууль зөрчсөн учраас хуулийн дагуу болохгүй.

-Бөх сонирхогчдын хувьд албан ёсны тэргүүнтэй болчихоосой гэсэн хүлээлттэй байсаар байна. Түүнээс Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ нь хурлыг нээх ёстой гэж харахгүй байна. Та бүхэн үүнд буулт хийгээд Б.Бат-Эрдэнээр хурлыг нээлгэж болохгүй юм уу?

-Болохгүй. Энэ нь хууль бус.

Би буулт хийхэд бэлэн байна. Хууль ёсны хүчинтэй юм бол надад татгалзах зүйл алга. Өнгөрөгч гуравдугаар сард болсон наймдугаар “Их Эе” хууль бус болсон учраас буулт хийж болохгүй.

-Наадам болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдаж байгаа бол?

-Хуучин зургадугаар сар гаргаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Одоо бөхчүүдийн хувьд бэлтгэл хийх хугацаа байна. Ганцхан энэ маргаантай асуудал болоод байна.

-Бөхийн өргөөнд А.Сүхбат аварга хонож багагүй үймээн гаргасан. Та энэ талаар юу хэлэх вэ?

А.Сүхбат аваргын хувьд сонгуульд өрсөлдөж, дарга больё гэж хэлээгүй. Хууль ёсны дагуу болсон Л.Чинбат тэргүүн болон холбоогоо хамгаалж, шаардлага тавьсан. А.Сүхбат хохирчихсон явж байна. Түүнийг өрөөнд байхад харанхуйд Б.Одхүү тэргүүтэй 3-4 хүн орж ирээд бүсэлхийгээр нь тэвэрч цамцыг нь толгойд нь углаад гарсан байгаа. Ноцолдоод үснээс нь авч байгаад цамцыг нь өмсүүлсэн юм билээ. Ингэж А.Сүхбатыг Бөхийн өргөөнөөс гаргасан. Тэр үед цагдаагийн ажилчид байсан ч ямар нэгэн хориглох зүйл хийгээгүй. Нарийн ярих юм бол тэп цагдаагийн ажилчидтай хуйвалдсан байгаа. Энэ асуудлыг шүүхэд өгсөн.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж