Г.Эрдэнэбилэг: Шударга бус бизнесмэнийг "яллана"

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбилэг: Шударга бус бизнесмэнийг "яллана"

Г.Эрдэнэбилэг: Шударга бус бизнесмэнийг "яллана"

“Яллагч” уран сайхны кино маргааш  /2018.5.2/ кинотеатруудаар гарч эхэлнэ. Тус киноны найруулагч Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


ОХУ-д болсон үйл явдлаас сэдэвлэсэн

-Энэ удаад та хэнийг “яллах” вэ?

-Танил талтай, мөнгөтэй нэгэн эрийн шударга бус үйлдлийг яллана. Миний хувьд энэ киноны гол дүр Галтын дүрийг бүтээж, найруулагчаар ажилласан.

-Киног бодит явдлаас сэдэвлэсэн гэсэн. Хэзээ болсон үйл явдал юм бэ?  

-ОХУ-д 2016 онд болсон үйл явдлаас сэдэвлэсэн юм. Андрей Каравайкин хэмээх Афганистанд байлдаж явсан энэ  залуугийн талаарх баримтат кино, нэвтрүүлэг ОХУ-д олон байдаг.  Энэ залуу шүүхийн танхимд хутга нууж ороод охиныг нь хүчирхийлсэн хүн рүү шидэж, хөнөөдөг.  Учир нь, 14 настай охиныг танил тал ихтэй, мөнгөтэй тэр хүн хүчирхийлсэн байсан. Андрей Каравайкин энэ үйл явдлыг хуулиар шийдвэрлүүлэхээр шүүх, прокурор, давж заалдах шат хүртэл яваад эдгээр нь шударга бус юм байна гэдгийг мэдээд цөхөрсөн. Харин охин маш их хэмжээний эм хэрэглэж амиа хорлохыг оролддог. Мөн сэтгэцийн эмнэлэгт хэвтэнэ.  Аав охиныхоо төлөө аргагүйн эрхэнд ийм хэрэг хийж, ял авдаг. Харин шоронд түүнийг хүндэтгэлтэй хүлээж авдаг. Жирийн ард иргэд, сэтгүүлч, хуульчид түүний энэ үйлдлийг эергээр хүлээж авдаг. Монголд хүчирхийлэл их гарах болсон тул энэ сэдвийг хөндөж, Андрей Каравайкин түүхээс сэдэвлэн кино хийх санаа төрсөн.  

“Яллагч” кино олон улсад гарна

-Тэгэхээр киног богино хугацаанд хийж ээ. Харин хэр чанартай, сонирхолтой байж чадах бол?

-Кино арваннэгдүгээр сараас эхлэн яригдаад, Зохиолч Эрдэнэ арваннэг, арванхоёрдугаар сард зохиолыг бичсэн. Зураг авалтыг нэг, хоёрдугаар сард хийж түүнээс хойш, эвлүүлэг зэрэг ажил хийсэн. Маргааш театруудаар гарна. Албан ёсны нээлт тавдугаар сарын 3-нд  болно.  Энэ кино нь миний найруулсан гурав дахь уран бүтээл. “Аав” уран сайхны киноны хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сараас БНХАУ-д гарсан. Ингэснээрээ Монголын кино урлагт маш том алхам болсон гэж үзэж байгаа.  “Яллагч” кино үүний адил олон улсад гарна гэж бодож байна.

Жүжигчин Ш.Доржсүрэн, Ц.Алдармаа нар туслах дүр бүтээсэн

-Жүжигчин С.Болд-Эрдэнэ ихэвчлэн эерэг дүр бүтээдэг. Киноны сөрөг дүрд түүнийг сонгосон нь сонирхолтой байна?

-Сөрөг талын дүр бүтээхэд жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. С.Болд-Эрдэнэ бол авьяаслаг, сайн жүжигчин. Тиймээс түүнийг сонгосон. Мөн тэр ихэвчлэн эерэг дүр бүтээдэг тул энэ удаад сөрөг дүрд тоглуулах нь сонирхолтой байна гэж бодсон. Боогий бид хоёр найзууд. Түүнтэй хамтран ажиллахад амар байдаг. Нэгнийгээ их сайн мэдэрдэг, ойлгодог.

-Жүжигчин Ш.Доржсүрэн, Ц.Алдармаагаас эхлээд киноны туслах дүрийг сонирхолтой жүжигчид бүтээсэн байна. Тэдний дүрийг тодотгож болох уу?

-Жүжигчин Ц.Алдармаагийн хувьд тус киноны гол дүрийн охины бүжгийн багшийн дүрийг бүтээж байгаа. Харин Ш.Доржсүрэн буюу Дооёо ахын хувьд Төмөр хэмээх шинжээчийн дүр бүтээсэн. С.Болд-Эрдэнийн өмгөөлөгчийн дүрд Э.Тодгэрэл. Г.Равдан ах шүүгчийн дүр бүтээсэн.

ХЯТАД, КАЗАКСТАН, АНУ, ОХУ-ЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН  КИНО ХИЙЖ БАЙгаА

-Хүчирхийллийг дэлгэцээр гаргаад байх нь зохимжгүй. Энэ хэсгийг кинонд хэрхэн дүрсэлсэн бэ?

-Кинонд хүчирхийлэл үйлдэж байгаа нэг ч дүрс гарахгүй. Эдгээр үйл явдлыг уран сайны аргаар өгүүлнэ. Кино драмын кино. Олон хаалга хаагдаж, үйл явдал өрнөнө.  

-Уран бүтээлч хүний хувьд хүчирхийлэл нийгмийг цочроож байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Хүчирхийлэл гэнэт гарч ирээд байгаа зүйл биш. Сүүлийн үед хэрээс хэтрээд байгаа нь сошиал орчин хэт хөгжсөнтэй холбоотой байх. Сошиалаар олон сөрөг зүйлийг сурталчилж, гэмт хэрэг хийхийг өдөөдөг болсон байна. Үүнтэй холбоотой гэж бодож байна. Түүнээс биш хүмүүсийн ухамсар гэнэт доройтоогүй. Сошиалаар яваад байгаа мэдээллийн ард ямар хүн байгаа нь чухал.  

-Киногоор дамжуулан юу өгүүлэхийг зорьж байна вэ?

-Хүүхдийн хүмүүжил орхигдож, гэр бүлийн дотно харилцаа дутагдаж байгааг киногоор дамжуулан харуулж байгаа. Сошиал орчныг хуулиар цэгцлэх цаг болсныг харуулж байгаа.

-Өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юү?

-Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн, “Хийморь”хэмээх монгол морины талаар өгүүлэх уран сайхны кино дээр ажиллаж байна. Киног Хятад, Казакстан, АНУ, ОХУ-тай хамтран хийж байгаа. Зураг авалт 60 хувьтай байна. Энэ зун үлдсэн хэсгийн зургийг авна. Энэ киноны хамт олон “Яллагч” кинон дээр ажилласан.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж