Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Бразил-1950

Дэлхийн II дайны улмаас хөлбөмбөгийн ДАШТ түр зуур завсарласны эцэст 1950 онд эргэж ирлээ. Бразил улс 1942 оны ДАШТ-ний зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшсэн боловч дайны улмаас 1942 оны ДАШТ цуцлагдсан. Гэхдээ Бразилчууд ДАШТ-ний зохион байгуулах хүслээсээ ухраагүй бөгөөд дайны дараа 1946 оны 7 сард Люксембург улсад болсон ФИФА-н хурлаар 1950 оны ДАШТ-нийг зохион байгуулах эрхийг олж авсан юм.

Уругвай-Бразил финалын тоглолт

Бразил улс тэмцээнийг 1950 оны 6 сарын 24-нөөс 7 сарын 16-ны хооронд 6 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. 4 дэх удаагийн ДАШТ-нд Англи, Шотланд, Турк болон Энэтхэг улсын шигшээ багууд анх удаагаа оролцох эрхээ авсан боловч Турк, Энэтхэг улсууд Франц улсын адилаар Бразилд хүрэлцэн ирээгүй. Харин ФИФА-гаас Германы шигшээ багийг оролцох эрхийг нь түдгэлзүүлж байжээ. Гэсэн хэдий ч 2 тивийн төлөөлөл 13 улсын шигшээ багууд дэлхийн аварга цолны төлөө хөлбөмбөгийн ногоон талбайд “цусгүй” тулаан хийсэн. Энэ удаагийн тэмцээнд оролцогч шигшээ багууд 1930 онд Уругвайд болсон анхны ДАШТ-ний адилаар 4 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн 4 баг тойргоор медалийн төлөө өрсөлдөж байжээ.

Алтан медалийн эзэн Уругвай

Медалийн төлөө Бразил, Испани, Швед болон Уругвайн шигшээ багууд шалгарч өрсөлдсөн бөгөөд Уругвайн шигшээ баг Бразилыг 2-1, Шведийг 3-2-н харьцаатай хожиж Испаний шигшээ багтай 2-2 тэнцэж аваргын алтан медалийг хүртсэн. Харин зохион байгуулагч Бразилчууд 1938 оны ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртсэн бол Шведийн шигшээ баг анх удаагаа ДАШТ-ний хүрэл медаль хүртэж байжээ. Тэмцээний шийдвэрлэх тоглолтыг тус бүр 2 хожил байгуулсан Бразил болон Уругвайн шигшээ багууд хийсөн бөгөөд Уругвайн шигшээ баг Бразилыг 2-1 харьцаатай хожиж дэлхийн аваргын хошой алтан медалийн эзэн болсон. Тоглолтын эхний гоолыг Бразилын багаас А.Фриаса оруулсан боловч Уругвайчууд тоглолтын 2-р үед эргэн ирэлт хийж хожмоо Италийн шигшээ багийн төлөө тоглосон Хуан Альберто Скьяффино болон Альсидес Эдгардо Гижжа нар гоол оруул шигшээ багаа аваргын алтан медаль хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Бразил-1950 тоон хэлээр:

  • 1: тэмцээний турш ганцхан удаа өөрийн хаалгандаа гоол оруулсан тохиолдол бүртгэгдсэн нь Испаний тоглогч Хосе Парра байсан юм. Тэрээр медалийн төлөөх тоглолтонд Бразилын эсрэг хийсэн тоглолтын 15 дахь минутанд тус тоглолтын эхний гоолыг оруулахдаа өөрийн хаалгандаа оруулж байжээ.
  • 2: тэмцээний аварга Уругвайн шигшээ баг 2 дахь удаагаа ДАШТ-нд түрүүлснээр Итали улсын амжилтыг давтсан юм.
  • 6: Бразил улс тэмцээнийг зохион байгуулахдаа Рио-де-Жанейро, Сан-Пауло, Белу-Оризонти, Ресифи, Порт-Алегри болон Куритиба гэсэн 6 хотын цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг явуулсан бөгөөд шийдвэрлэх Уругвай-Бразилын тоглолт Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон.
  • 8: тэмцээний мэргэн буучаар Бразил улсын шигшээ багийн довтлогч Адемир Маркес де Менезис шалгарсан.
  • 13: ДАШТ-нд Европ тивээс Швед, Испани, Югослав, Швейцар, Итали, Англи, Америк тивээс Бразил, Уругвай, Чили, Парагвай, Болив, АНУ, Мексик гэсэн Европ болон Америк тивийн төлөөлөл 13 улсын шигшээ баг оролцсон.
  • 22: тэмцээний турш нийт 22 тоглолт болсон.
  • 88: тэмцээний туршид орсон гоолын тоо бөгөөд нэг тоглолтонд дунджаар 4 гоол орсон байна.

Мөнгөн медальт Бразилын баг

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж