Испани улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Испани улсын шигшээ баг

Испани улсын шигшээ баг
  • Дасгалжуулагч: Хулен Лопетеги
  • Багийн ахлагч: Серхио Рамос
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Икер Касильяс 167 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Давид Вилья 59 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 8
  • ДАШТ-нд оролцсон тоо: 14 удаа оролцож, 1930, 1938, 1954, 1958, 1970, 1974 онуудад оролцоогүй
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2010 онд дэлхийн аварга цол хүртсэн

МОСКВА ХҮРЭХ ЗАМД:

2008 онд алдарт дасгалжуулагч агсан Л.Арагонесын удирдлага дор Европын аварга цолыг хүртэж тэр үеэс дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд 10 орчим жил бахдам амжилтыг үзүүлж буй “Ялагдашгүй Арамада” Испаний шигшээ багийн хувьд шилжилтийн үе ирж байх шиг. Гэхдээ “Ялагдашгүй Арамада”-чуудын хүч чадал дуусаагүй гэдгийг, шинэ үе хүчтэй байгаа гэдгийг хангалттай харуулж чадсан. Испаничууд Европын бүсийн G хэсэгт Итали, Албани, Израиль, Македон болон Лихтенштейн улсуудын хамтаар багтаж 10 тоглолт хийхэд ердөө Италийн шигшээтэй ганц тэнцэж 9 хожил байгуулсан амжилтаар хэсгээ тэргүүлж Оросыг зорих эрхээ авсан.

ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Испаний шигшээ багийн нэгэн үе дуусаж, залуу үе гарч ирч байна. И.Касильяс, К.Марчена, К.Пуоль, Ж.Капдевила, А.Арбелоа, Шави, Ш.Алонсо, Д.Вилья, Ф.Торрес нарын хүчирхэг үе дууссан. Гэхдээ Х.Лопетеги дасгалжуулагчийн мэдэлд де Хеа, Иско, Асенсио, А.Мората, Ж.Деулофеу нарын эрч хүчтэй залуусаас бүрдсэн олон тоглогчид байна. Тэднээс чухам хэнийг нь эцсийн шатны 23 тамирчны нэгээр сонгох нь дасгалжуулагч Х.Лопетегигийн шийдэх ажил юм.

Хаалгач: П.Рейна (Наполи), Давид де Хеа (Манчестер Юнайтед), Кепа (Атлетик Бильбао). Хаалгачийн байрлалд ерөнхийдөө дээрх 3 хаалгач явах магадлалтай. Эдгээрээс гараанд Манчестер Юнайтед клубын хаалгач де Хеа байх нь гарцаагүй юм.

Хамгаалагч: С.Рамос (Реал Мадрид), Ж.Пике (Барселона), Х.Альба (Барселона), Ц.Аспиликуэта (Челси), Н.Монреал (Арсенал), Д.Кахвахаль (Реал Мадрид), Начо (Реал Мадрид), М.Бартра (Бетис), А.Морено (Ливерпүүл), А.Одриосола (Реал Сосьедад), М.Алонсо (Челси). Багийн хамгаалалтын ноён нуруу бол энэ цаг үед С.Рамос, Ж.Пике нар юм. Магадгүй тэдний сүүлийн дэлхийн аварга байж болох юм. Ийм тэдний хажууд ямар залуус тоглох нь дасгалжуулагчийн сонголт болж байна.

Хагас хамгаалагч: А.Иньеста (Барселона), Д.Силва (Манчестер Сити), С.Бускетс (Барселона), Коке (Атлетико Мадрид), Иско (Реал Мадрид), Тиаго (Бавари Мюнхен), М.Асенсио (Реал Мадрид), Саул (Атлетико Мадрид), Д.Парехо (Валесиа), Родри (Вильярреал), Сусо (АС Милан), Л.Алберто (Лацио). Шави-Иньестагийн эрин үе дууссан. А.Иньестаг яг Оросыг зорих багт багтаж чадахгүй болов уу? Харин тэднийг Иско болон Асенсио нарын залуус орлох боломжтой.

Довтлогч: Д.Вилла (АНУ-ын Нью-Йорк Сити), Педро (Челси), А.Мората (Челси), Д.Коста (Атлетико Мадрид), А.Адуриз (Атлетик Бильбао), И.Аспас (Сельта Виго), Л.Варкуэз (Реал Мадрид), Х.Калльехон (Наполи), Ж.Деулофеу (Уотфорд), Родриго (Валенсиа). Испаний шигшээд Д.Вилла, Ф.Торрес нар шиг шилдэг довтлогчид энэ багт дутагдаж байгаа. Өнгөрсөн онд Италийн эсрэг хийсэн багт Д.Виллаг дуудсан боловч Орос руу явах багт багтахгүй болов уу? Иймд энэ багт Д.Коста, Педро болон А.Мората нар ачааны хүндийг үүрэх үүрэг хариуцлага ногдоно.

ДАШТ-НИЙ ХЭСЭГ:

Испаний шигшээ баг В хэсэгт нэгээр гарахын төлөө К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ багтай тулна. Харин Морокко болон Ираны шигшээ багуудын хувьд Испани, Португалын шигшээ багуудад хангалттай эсэргүүцэл үзүүлэх баг биш юм. Иймд хэсгийн гол өрсөлдөгч нь Португал юм. Магадгүй хэсгээ тэргүүлэхээс илүүтэй 2-р гарахын төлөө ч тоглож болох юм. Учир нь В хэсгийн багууд А хэсгийн багуудтай нугалаанд таарна. А хэсгийн багууд Испани болон Португалын шигшээ багуудын хувьд харьцангуй сул өрсөлдөгчид юм.

БАГИЙН ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ:

Ид ирэн дээрээ байгаа Реал Мадрид клубын хагас хамгаалагч Иско багийн гол тоглогч байх боломжтой. Оросод болох ДАШТ-нд Испаний шигшээ багт довтлогчоос илүүтэй хагас хамгаалагчдын үүрэг роль илүү өндөр байх болов уу? Иймд Испаний шигшээ багийг хэр амжилтай оролцох нь хагас хамгаалагчдаас, тэр дундаа Искогоо ихээхэн шалтгаална.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж