Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Багшид багшилъя

Хэдэн жилийн өмнө цэцэрлэгийн багш хэлд ороогүй бяцхан хүүг “Хоол идэхгүй байна” гэсэн шалтгаанаар зодож ёс зүйгүй авирласан бол саяхан Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн багш Ц гэрийн даалгавраа хийгээгүй таван эмэгтэй сурагчийн чээжин хэсгийн хувцсыг тайлуулж, анги хэсүүлэн, хүүхдийн эрхийг зөрчжээ.

Гэрийн даалгавраа хийгээгүй үйлдлийг нь зөвтгөх аргагүй ч нүцгэлж шийтгэл хүлээлгэнэ гэдэг бол багшаас гарамгүй ёс зүйгүй үйлдэл. Хүүхдүүд хэнээс суралцаж, хэнийг үлгэр дууриаллаа болгох вэ, багш нар аа?. Хүүхдийн хүмүүжил эцэг, эхээс шалтгаалдаг ч багш хэр ёс зүйтэй, шударга байхаас бас хамаардаг. Багш ямар авир гаргана, тэр бүгдийг бага насныхан үлгэр дууриаллаа болгодог.  

Хэдийгээр энэ салбарт мэргэжилдээ, хүүхдүүдэд хайртай, ур чадвартай багш олон байгааг үгүйсгэж боломгүй ч өнөөдөр амьдралын төвшнөөсөө хамаарч багшдаа гологдож, алагчлагддаг олон сурагч байгаа нь бас үнэн. Жишээ татвал, байсхийгээд л бэлэг сэлт өгч, баяр бүрийг алагсалгүй гарыг нь хүндрүүлдэг эцэг, эхтэй хүүхдүүдэд багш илүү анхаарал тавьдаг болсон.

Өдөр өнжүүлэхэд нь хүүхдээ сургаж, сар бүр 250.000-300.000 мянган төгрөгийн төлбөр төлбөл бүр их анхаарна. Ийн амьдралын төвшингөөрөө ялгаварлагдаж байгаа хүүхдүүдээс  толгой сайтай нь багшийн заасныг сурч, амиа аргалдаг бол тааруу сурлагатай нь хичээлээсээ хоцордог. Эцэст нь хамгийн сурлага муутай хүүхэд болж хувирдаг. Хүүхэд бүр сурлагадаа сайн байх албагүй ч багш сурагчдаа амьжиргааны төвшнөөр нь ялгаварлаж харилцах ёсгүй.

Тэр бүү хэл зарим багш хүүхдэд хичээл заах нь байтугай яаж Боловсролын их сургуулийг төгссөн юм болоо гэмээр ур чадваргүй. Сурагчид нь багшаа голж, хичээл заалгахгүй байх хүсэлт гаргадаг ч сургуулийн захирал нь авлига авсан тул ажлаас чөлөөлдөггүй.

Боловсролын газраас багш нарын ур чадварыг шалгах шалгалт авдаг ч тэр нь ёс төдий юм уу гэмээр өнөөх ур чадваргүй багш тэнцэнэ. Эцэг, эхчүүд гомдол гаргаж, өөр сайн багшаар хичээл заалгах хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьдаг ч нэмэргүй. Орлох багш байхгүй гэдэг шалтгаанаар ур чадваргүй багш хичээлээ заана. Харин хавар болж, улсын шалгалт болоход хүүхдүүд ангиараа, сургуулиараа өнөөх багшийн хичээл дээр унана. Гэвч эцсийн бурууг хүүхдүүд л үүрнэ.

Авлига өгч ажилд орсон багш, авлига авсан сургуулийн захирал хоёр ямар ч буруугүй. Хариуцлага тооцдоггүй болохоор сургуулийн захирал дахиад л авлига авч, ур чадваргүй багшийн тоог нэмнэ. Ийм систем энэ боловсролын салбарт тогтоод нэлээд хэдэн жилийг үзлээ. Өөрөөр хэлбэл, хэчнээн ур чадвартай, ёс зүйтэй багш бэлтгэгдлээ ч сургуулийн захиралд өгөх авлигагүй бол багшлах боломжгүй.  Эл шалтгаанаар хэчнээн залуус өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж чадахгүй гудамжинд лааз өшиглөж, зэвэрч явааг таахад бэрх.

Нөгөөтэйгүүр, Боловсролын их сургуульд элсэх босго оноо бусад төрийн өмчит их сургуультай харьцуулахад хамаагүй доогуур байгаа нь эргээд элсэлтийн ерөнхий шалгалтад доогуур оноо авсан хүүхдүүд энэ сургуулийг сонгоход хүргэж байна. Иймээс багшлах боловсон хүчин элсүүлэхээс эхлээд бэлтгэх тогтолцоонд цогцоор нь өөрчлөлт хийж, ур чадвар, ёс зүй хоёрыг тэргүүнд тавьсан боловсон хүчнийг төгсгөхөд анхаарахгүй бол хүүхдийг эвддэг багш бэлтгэснээр нийгмээрээ л хохирох нь. Багш болгоны үйлдлийг камераар хянаж, цалинг нь 2 сая төгрөгт хүргээд ч өнөөдрийн энэ ёс зүйгүй үйлдэл арилахгүй. Тэр тусмаа авлига авдаг сургуулийн захиралтай байхад ур чадваргүй багш ажилласаар л байх болно.

УИХ-аар одоо Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Гэхдээ уг хуулийг үндсээр нь шинэчлэхгүй бол өм, цөм өөрчлөөд байвал боловсролын салбар  шинэчлэгдэж чадахгүй.

Уг хуулийн төсөлд сум, дүүргийн Засаг дарга нар нь сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчээ томилдог байхаар заажээ. Ийм тогтолцоотой болбол энэ салбарт авлига хээл хахууль улам цэцэглэж, зөвхөн Засаг даргын хамаатан садан, найз нөхөд багш, эрхлэгч, захирал болдог систем л ноёлох болно. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар нь сум, дүүргийн сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч нарыг томилж байхад л сум, дүүргийн Засаг дарга нар харьяа газрынхаа захирал, эрхлэгч нарт нөлөөлөх болсон.

Иймээс сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчийг хамт олноос нь сонгох ёстой юм уу, эсвэл боловсролын байгууллага нь томилж явуулах ёстой юу гэдэг шийдэл дээр хамгийн оновчтойг нь сонгох ёстой болов уу. Ийм тогтолцоонд шилжээгүй цагт сайн багш бэлтгэгдлээ ч ажиллах боломж бүрдэхгүй. Тэр цагт өнөөдрийн асуудал болсон алагчилдаг багш нарыг боловсролын салбараас шахах боломжгүй. Багш нарыг ур чадвараар нь үнэлж цалинжуулах Боловсролын сайдын бодлого ч хэрэгжихэд амаргүй болно. Боловсролын салбарт шилдэг боловсон хүчинтэй болохын тулд эхлээд багшид багшлах системээ өөрчилье.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж