Х.Баянмөнх: Намайг олон хүн зэмлэж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Х.Баянмөнх: Намайг олон хүн зэмлэж байна

Х.Баянмөнх: Намайг олон хүн зэмлэж байна

Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сарын 3-ны өдөр болох Цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдах болсон талаар дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд, бөхийн зүтгэлтэнүүд мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд ирэхийн өмнө Х.Баянмөнх аварга Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, тэргүүн гэгдэж буй Л.Чинбатын албан бичгийг өгчээ. Ерөнхийлөгчийн зүгээс эв эеээ олж, дүрмээ барин хуралдахыг үүрэг болгосон байна.  

Хурлын эхэнд дархан аварга Х.Баянмөнх дараах тайлбарыг хийлээ.

‘Тавдугаар сарын 3-ны өдөр болох Цэцдийн зөвлөлийн хурал хуралдах эсэх нь гацаанд байна. Өнгөрөгч долоо хоногт  буюу дөрөвдүгээр сарын 27-нд болсон хурлаар 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах нь зүйтэй гэсэн олонхийн санал гарсан. Гэтэл 16 жилийн өмнө байгуулагдсан Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 15 нь нас барсан. Үлдсэн хүмүүсийн ирцийн дийлэнхээр хурлыг хийнэ гэж тохиролцоход миний бие ганцаараа зөвшөөрөөгүй. Би энэ хурал дээр ганцаардлаа. Энэ нь хуулиараа хүчингүй тооцно. Би олон хүнд буруутгагдаж байна. Эв нэгдэлтэй хурлаа хийх гэтэл шүүхийн асуудал байна. Шүүхдээд байгаа хоёр байгууллага эв нэгдэлтэй байна гэж байхгүй. Бөхийн өргөө хаана бүртгэлтэй нь тодорхой бус байна. Ард түмний хөрөнгөөр баригдсан энэ өргөө Бөхийн холбооны нэр дээр байна гэсэн тийм баримт байхгүй байна. Одоо хуулийнхаа дагуу явья. Үүнийг маш хурдан шийдэх арга байна. 2017 онд байгуулагдаад тэргүүнээр Л.Чинбатыг сонгож, Цэцдийн зөвлөлийг байгуулсан нь хууль ёсных юм. Намайг олон хүн зэмлэж байна. 15 жил шүүхээр явж ялалт байгуулаад тамга, гэрчилгээ авчихаад нөгөө холбоотой нэгдэнэ гэж юу яриад байна гэж. Баяр наадам дөхөж байна. Би эв нэгдлийг хангахын төлөө ахмад хүний хувьд хийж байгаа юм. Бөхчүүд хэрэггүй ээ. Бөхийн төлөө зүтгэлтэй залуучуудад холбооны ажлыг өгье. Гэхдээ болж өгөхгүй байна’ гэсэн юм. 

Х.Баянмөнх аваргын хувьд нөгөөдөр болох Цэцдийн зөвлөлийн хурлыг хууль бус болно гэдгийг хэлж байв. Тэрбээр 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах нь буруу гэж үзэж, 2017 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах саналтай байгаагээ энэ үеэр хэллээ. Мөн Л.Чинбат “та нар эв эеэ олоод хурлаа хий, би албан тушаалаасаа огцроод та нарт өгнө” гэж хэлснийг өнөөдөр мэдээллээ. Мөн хуралд ирэхээсээ өмнө Л.Чинбат тэргүүний бичгийг Ерөнхийлөгчид өгснөө хэлж, түүнээс чиглэл авч маргааныг хурдан шийдэх үүрэг авчээ. 

Холбооны дүрмэнд аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах товыг гаргадаг байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон “Эвлэрлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл оролцсон хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг хуралдуулахаар болжээ. 

Харин дархан аварга Х.Баянмөнх тавдугаар сарын 3-ны өдөр болох 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлыг хууль бус гэж үзэж байгаагаа өнөөдрийн хурлаар хэллээ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж