Чихэн доторх амьдрал… Энэ гурван үг уг нь монгол боловч огт монгол биш уншигдаж байж мэднэ.
Р3 бол бүр ч харь хол. “Эр Зэ”, “Эр 3” гэхчлэн тааж уншиж байж мэднэ.
Гэхдээ хэрэв та 100.9 долгионыг сонсож байсан бол эдгээр үг дэндүү ойр, танил дотно харагдаж байгаа.
Энэ бол МҮОНР-ийн 3 дугаар суваг Р3 радио.
Одоогоос арван жилийн өмнө 2008 оны 5 дугаар сарын 1-ний 07.00 цагт Р3 гэх өвөрмөц нэртэй радио Улаанбаатарт эфирээ цацаж эхэлсэн юм. Үндэсний хэмжээний олон нийтийн радиогийн суваг ийм нэртэй байж болох эсэх, нэр мундсан биш, юу гэсэн үг юм гэх зэргээр дуудах нэрийг нь дуртай хүлээж аваагүй ч дуудуулах алдраа Р3 радио маань өөрөө бүтээж өнөөдөр хэдийн нэгэн арваныг үдэж 10 насны ойтойгоо золгож байна.
Шведийн олон нийтийн радиогийн жишгээр МҮОНР ийнхүү гуравдугаар сувгаа Пи 3 буюу Программ 3 хэмээн нэрийдэж радиог анх нийслэлд туршиж асан энэ өдрийг сонгон отгон суваг болох Р3 радиогоо нээж байжээ.
МҮОНРТ-ийн төв хаалгаар ороход нүдэнд шууд тусах аквариум маягийн шилэн өрөөгөө одоо ч би санадаг. Нарны гэрэл үзэх цонхгүй, салхи муу орж ирдэг, битүү гэх зэргээр Р3-ын студийг хэдэн жилийн дараа нүүлгэсэн ч миний л хувьд одоо хэр нь хамгийн сэтгэл татам орчин тэр л байсан. Гүн хөх өнгөөр хулдсан эфирийн өрөө өөр хэмжээст ертөнцөд хөл тавих мэт… Микрофон нээгдэх тэр агшинд ямар нэгэн увидас, ховс бүхий л бие сэтгэлийг эзэмдэж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд өөр өөрсдийн хэлээр амилан нэгдэх мэт үгээр илэрхийлэмгүй ер бусын байдаг байлаа. Гадаах ертөнцөөс ангид амьдрал Р3-ын эфирт ийн эхэлдэг байсан. Энэ амьдралыг ЧИХЭН ДОТОРХ АМЬДРАЛ гэдэг.
Р3 бол нөхөрлөл
Р3 радио ийнхүү Улаанбаатар хотод 100.9 долгионоор нэн шинэ агуулга, хийц, хөтлөлтийг түгээж эхлэхтэй зэрэгцэн нэгэн нөхөрлөлийн түүх бас эхэлсэн юм. Энэ бол Р3 гэх нөхөрлөл. Гурван залуу, гурван бүсгүй хөтлөгч өөр өөрсдийн сонсогчидтой болж нарийн нандин сэжмээр нөхөрлөж эхэлсэн, тэр сэжим нь ИТГЭЛЦЭЛ байлаа. Сонсогчид бидэнд итгэж, бид сонсогчдодоо итгэж итгэлцэл дээр суурилан нөхөрлөж, нөхөрлөлийн үр дүнд Р3 радио ийнхүү 10 оныг үдэж байна.
Р3 сонсогчдын төлөө цохилж ирсэн
Р3-ын бодлого зорилго, үг үйлдэл бүр сонсогчдын төлөө цохилж ирсэн. Учир нь радиогийн амин сүнс нь сонсогч. Сонсогчгүй бол бид хэн сэн билээ?! Тэд бидэнд итгэж утсаар, зурвасаар, онлайнаар сэтгэл зүрхээ дэлгэж бүр зорин ирдэг. Бид ч мөн тэдэнд итгэж үг бүртээ амь амьсгал шингээн ажиллаж байсан болохоор Р3 сонсогчдын төлөө цохилж ирсэн гэж зориуд хэлсэн учиртай. Бид сонсогчидтойгоо амь нэгтэй явж ирсэн. Өнгөрсөн есөн удаагийн төрсөн өдрийг сонсогчидтойгоо л хамт тэмдэглэж, урин дэлгэр цаг төдийгүй цаснаар борооноор ч бид сонсогчидтойгоо салхинд гарч, өчнөөн олон тэмдэглэлт баяр, сайн үйл, сайхан төслийг сонсогчидтойгоо л хамт амжилттай хэрэгжүүлж тэдэнгүйгээр бид, бидэнгүйгээр тэд байх боломжгүйгээр нөхөрлөж ирсэн. Баярын энэ өдөр хэн нэгэн сонсогчоо илүүд үзэн нэр цохох нь даанч боломгүй. Бүгдийнх нь нэрийг жагсаах ч мөн л боломжгүй юмсанж.
Р3 огт ондоо хамт олон байсан
Ширээ тойрон суугаад ярилцах бүрд шинэ санаа, шилдэг санаачилга ундарч жинхэнэ brain storm тэр “шилэн хорго”-нд болдог байлаа. Хамтарч хийсэн бүхэн, багаараа ажилласан төсөл хөтөлбөр бүр амжилт дагуулдаг байлаа. Сайн муу, алдаа оноо бүхнээ нүүр нүүрээ хараад нүд нүд рүүгээ эгцлээд ярилцдаг байлаа. Р3-ын эрүүл, ардчилсан уур амьсгал дан ганц ажил хэрэг бус өнөөдрийн БИ, БИД бүрэлдэхэд үнэлж баршгүй тусаа өгсөн.
Товчхон энэ тэмдэглэлийнхээ төгсгөлд АНУ-д амьдран суугаа доктор Л.Амарзаяа болон Шведийн радиогийн мэргэжилтэн Петер, Марика, Ионс нартаа гүн талархал илэрхийлье. Бид Амаа гэж дотночлон дууддаг Р3 радиогийн Ерөнхий продюсер Л.Амарзаяа эгчдээ зориулан гурван жилийнхээ ойгоор би ийн бичиглэж байжээ.
“Үүнээс цааш явах газаргүй” гэдэг шиг тухайн үед Р3-ийг удирдах хүн Амаагаас өөр байгаагүй. Цоо шинэ техник технологи, шинэ залуу хамт олон, “Барууны” гэж хэлж болох стандартыг бий болгохоор ханцуй шамлан орсон зоригтон нь Амаа! Тэр бидний жинхэнэ“дарга-найз”байсан. “Байсан” гэдгийн учир нь Амаа одоо Америкт байгаа. “Хувьсгалын” ажлыг ямагт өмнөө тавьж ирсэн Амаа одоо л хувийн амьдралаа цогцлоохоор Америкийг зорьсон нь энэ. Тэнд түүний хайртай хүн бий. Залуухан Амаа аль хэдийний ахмад партизан гэдгийг радио телевизийнхэн даяараа мэдэх учраас олныг нурших илүүц!
Мөн Шведийн мэргэжилтэн Петер, Марика, Ионс болон түүний нөхдийг бид мартах учиргүй. “Р3”-ийнхнийг тэд бий болгосон. Зөвхөн уран бүтээлчдийг биш биднээр дамжуулаад Р3-ийн сонсогчдыг бэлдэж өгсөн шүү! Швед хамтрагчид, багш нартаа бид үргэлж талархаж явдаг. Бидний хамтын ажиллагааг халуун дотноор холбосон нь мөн л Амаа!
Үүнээс хойш даруй 7 жил нисэн одож. Амаа маань Америкт хайртай залуугийнхаа гэргий нь болон Жаргал нэрт хөөрхөн үрээ өсгөн хүмүүжүүлж суугаа. Үүнийг бичигч би Р3 радиод ажиллахаа болиод цөөнгүй оныг үдэж. Гэсэн хэдий ч Р3 гэсэн энэ нэр одоо ч сэтгэл догдлуулж, зүрх булгилуулна.
Ингээд Р3 радиог өлгийдөж авсан анхны хамт олон, үе үеийн сонсогчид болон уран бүтээлчдэдээ ойн баярын мэнд хүргэж цаашид олон арванаар түүхийг нь баяжуулах залуус дүү нартаа хандаж бидний Р3-ийг чин сэтгэл, мэдрэмж догдлол, мэдлэг чадвараар улам илүү хөгжүүлж сайн сайхнаар авч явахыг хүсье!
Ж.Ариунгэрэл