ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сарын 7-нд тангараг өргөнө. Тангаргын ёслолд гадаадын хэд хэдэн орны төрийн тэргүүн оролцохоор төлөвлөсний дунд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич ч багтжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг арга хэмжээнд оролцохгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш 11 сарын хугацаа өнгөрсөн ч тэрээр төрийн албан ёсны айлчлал хийгээгүй байна. ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцоод ирснийг эс тооцвол Ерөнхийлөгч хилийн дээс алхаагүй байгаа юм.
Тэгвэл Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас хамгийн түрүүнд ОХУ-д айлчлах хүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал яригдаж байгаа бөгөөд тэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцож магадгүй бололтой. Энэхүү форумд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нар тогтмол оролцож ирсэн бөгөөд тавдугаар сарын сүүлээр болох форумд оролцох нь дамжиггүй байна.
Т.НОМИН