Улс орнууд хөдөлмөрчдийн эв санааны өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Улс орнууд хөдөлмөрчдийн эв санааны өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

Улс орнууд хөдөлмөрчдийн эв санааны өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

Өнөөдөр Олон Улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Жил бүрийн энэ өдөр дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг анх тэмдэглэх болсон түүх нь америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй. Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын  цагийг найман цагтай болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ. Үүний дараа амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна.

Энэ өдрийг дэлхийн зарим оронд хэрхэн тэмдэглэдэг вэ.

АНУ-д “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Анх 1882 онд тэмдэглэж эхэлсэн ба 1894 оноос бүх нийтийн амралт болгон өргөн дэлгэр тэмдэглэж эхэлжээ. Энэхүү өдөр нь анх ард түмнийг ажил олгогч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж олгох зорилготой, зөвхөн бүх нийтийн жагсаал маягаар зохион байгуулагддаг байжээ. Харин сүүлийн үед энэхүү өдрийг АНУ-н хөдөлмөрчид өөрсдийн улсынхаа сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх зорилготой тэмдэглэж “Урт долоо хоног” хэмээн нэрлэж бүх нийтээрээ амардаг блджээ. Мөн энэ өдөр олны танил хүмүүс өөрсдийн нийгэм рүү чигэлсэн дуу хоолойгоо хүргэх, жижиглэн худалдаа эрхлэгчид хямдралтай үйл ажиллагаагаа явуулах, АНУ-ын ард түмэн зуны сүүлийн зугаалга хийх зэрэг үйл ажиллагаа болдог болжээ.

ОХУ-д энэ өдрийг Ажилчдын баяр буюу “Майн баяр” хэмээн нэрлэж 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Москва Ходынскийн талбайд болж байсан байна. Харин 1991 оноос хойш энэхүү өдөр нь улс төрийн тэмдэглэлт баяр байхаа больсон. Зарим улс төрийн нам болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал цуглаан зохион байгуулдаг ба ихэнх ард түмэн “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” гэсэн утгаар гэр бүлтэйгээ цагийг амарч өнгөрөөдөг болжээ. Мөн энэ өдөр ихэнх үйлчилгээний байгууллага хаалттай, хүмүүс зугаалгаар явж бие биедээ цэцэг өгж, хүүхдүүд нь хүйтэн өдрүүд дууссаныг тэмдэглэж зайрмаг идэж, бөмбөлгөөр тоглож өнгөрөөдөг байна.

Япон улсад 1945 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөн ба энэхүү өдөрт зориулан олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийж, ажил олгогч, эрх баригчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. 2008 онд 44000 хүнийг хамарсан жагсаалыг “Ёоёоги парк”-д Үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байжээ.

Япон улсын хувьд тус улсын  Засгийн газраас  “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг албан ёсны тэмдэглэлт баяр гэж хүлээн зөвшөөрөөгүй боловч ажилчдын ихэнх хувь нь амардаг байна. Ажил олгогчид цалинтай чөлөө олгох эсвэл бүр мөсөн амрах боломжийг ажилчдаа олгодогаж. Энэхүү өдрүүдээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал зохион байгуулдаг ч ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ зугаалгаар явж цагийг зугаатай өнгөрөөхийг илүүд үздэг.

БНХАУ-д энэ өдрийг албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэх болсон. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд гаргасан Хятадын Үндэсний цагаачлалын албаны мэдэгдэлд, тавдугаар сарын 1-ний амралтын үеэр хилээр орж гарах зорчигч давхардсан тоогоор 1 сая 980 мянгад хүрнэ хэмээн тооцоолжээ.

Тус улсын Үндэсний цагаачлалын албаныхан тавдугаар сарын 1-ний амралтын үеэр хилээр орж гарах хүмүүсийг түргэн нэвтрүүлэх үүднээс хилийн хяналт шалгалтаа чангатгаж, зорчигч тээврийн оргил үеэс өмнө бүх хяналтын замыг ажиллуулж, хилээр нэвтрэх ажлын хүчин чадлыг дээд хэмжээгээр нэмэгдүүлж, зорчигчдын шалгуулах хийлгэх хугацааг богиносгон, урт дараалал үүсгэхгүй байхыг баталгаажуулахад анхаарах болсон байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж