Г.Тэнгэрийг Австрали, Н.Чимгүүндарийг Тайландын Элчингээр томилно

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Г.Тэнгэрийг Австрали, Н.Чимгүүндарийг Тайландын Элчингээр томилно

Г.Тэнгэрийг Австрали, Н.Чимгүүндарийг Тайландын Элчингээр томилно

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн Элчин сайдуудыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг шинээр томилохоор болж, УИХ-д өргөн барихаар болсон байна. Тодруулбал, Шведийн вант улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах шийдвэр гаргаж, түүний оронд  Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэгийг томилохоор болсон байна. Мөн Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд, Тайландын Элчин сайд Т.Төгсбилгүүнийг эгүүлэн татаж, Н.Чимгүүндарийг, Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүг эгүүлэн татаж, Г.Тэнгэрийг тус тус томилохоор болсон байна. Гадаад харилцааны сайдын танилцуулсан бусад Элчин сайд нарын хувьд гадаад харилцааны яаманд олон жил ажилласан, туршлагатай, мерит зарчмаар ажиллаж буй хэмээн ийнхүү өргөн мэдүүлж байгаа юм байна. Мөн өнгөрсөн оны долдугаар сараас хойш томилж чадаагүй Япон, Канадын Элчин сайдуудыг энэ удаад мөн томилж байгаа юм байна. Тодруулбал, Япон улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар одоогийн Япон улсын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Батжаргалыг улираан томилох нь зүйтэй гэж үзжээ. Харин Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Я.Ариунболдыг томилох гэнэ.

  • О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
  • Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.
  • Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.
  • Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.
  • Г.Тэнгэр төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажиллаж байна. 2014-2017 онд “Монголын Зүүний хүчний холбоо” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга, 2017 оноос тус холбооны орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
  • Н.Чимгүүндарь дипломат албанд 11 жил ажилласан, 2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна

Ерөнхийлөгчийн зүгээс Япон Улсанд Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн Г.Тэнгэр болон Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь нарыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж байсан. Гэвч, тэднийг өөр улсад Элчин сайдаар томилох саналаа Засгийн газар оруулсан байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж