Монголын топ 10 улстөрч

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Монголын топ 10 улстөрч

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан ээлжит судалгааныхаа дүнг гаргажээ.  Уг тайланд улстөрчдийн рейтингийг судалгаагаар тогтоосон бөгөөд тэднийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж байна.  Өнгөрсөн онд MEC -ын танилцуулсан судалгаагаар Х.Баттулга нэгд, хоёрт С.Жавхлан, гуравт Ц.Нямдорж, дөрөвт С.Ганбаатар, тавдугаарт  У.Хүрэлсүх орж байсан бол энэ удаагийн Сант Маралын судалгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр аман хүзүүдлээ.

Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч. Тэрбээр 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн.  Олон нийтийн дунд тэрбээр рейтинг өндөртэй улстөрчдийн нэг. Түүний улс төрийн тоглолт үргэлж олны анхаарлын төвд байдаг. Оффшор, хулгай, авлигын хэрэгтэй  тэмцэж буй түүний бодлого талархал, шүүмжлэл зэрэг сонсох  болсон.  Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр нэрлэгдэж буй.  Сант Маралын судалгаагаар бусдаасаа хамгийн өндөр 33.6 хувийн санал авчээ.

Н.Энхбаяр /МАХН/

 МАХН-ын дарга тэрбээр О.Баасанхүүтэй намаа булаацалдаж багагүй тэмцэл өрнүүлсэн.  Одоогоор ашигтай нүүдэл хүлээн улс төрийн өргийг анхааралтай ажиглаж суугаа нэгэн.  Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулгын оронд  нөхөн сонгуулиар УИХ-д орохыг зорьж яваа нэгэн. Тиймээс өнгөрсөн өвөлжин Хэнтийн тус тойргийг усалж, тордсон гэх. Сүүлийн үед түүний рейтинг багагүй өсчээ.  Түүний рейтинг  судалгаагаар 20.8 хувьтай гарчээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг өөрчлөх биш цуцлах хэрэгтэй гэж үздэг.

С.Ганбаатар /МАХН/

МАХН-ын дэд дарга. Өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд, Х.Баттулга нартай өрсөлдөж, өвдөг шороодсон ч Сант Маралын судалгаан оролцогчид  нэр хүндтэй улстөрчөөр нэрлэжээ. Тэрбээр намын даргаасаа 0.2 оноогоор дутаж, 19.8 хувийн саналаар гуравдугаарт жагсчээ.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үргэлж эсэргүүцдэг улстөрчдийн нэг.

У.Хүрэлсүх /МАН/

Эрх баригч намын дарга, Ардын засгийн тэргүүнээр ажиллаж байгаа.   Мэргэжлийн засгаа огцруулж, намаа, засгаа авсан үетэй нь харьцуулбал түүний рейтинг урууджээ. Гэхдээ Монголын рейтинг өндөртэй улстөрчийн тоонд  14.7 хувийн саналаар дөрөвт оржээ. Түүний хэрэгжүүлж байгаа бодлогыг сөрөг хүчин шүүмжилж, танхимынх нь хоёр сайдыг огцруулах шаардлага гаргаад байгаа. Хэрэвзээ танхимынхаа хоёр сайдыг явуулахгүй бол өөрийг нь огцруулах асуудлыг хөндөнө гэж сөрөг намын зүгээс шахалт үзүүлэх болсон.  Сөрөг хүчний шаардлагыг намынх нь нөхөд ч дэмжиж буй.

С.Жавхлан /нам бус/

Зохиолын дууны ханхүүг УИХ-ын гишүүн болгосон хүмүүс нь баянзүрхчүүд.  Гишүүн болсноосоо хойш рейтинг өндөртэй улстөрчдийн тоонд багтах болсон.  Тангараг өргөхдөө 99 морьтон ирж, Их хурлын танхим руу ташуураа хөндөлдүүлэн орсон нь олны гайхширлыг төрүүлж байв.   Чуулганы хуралдаан хаа нэг өдрийн од шиг үзэгддэгийг эс тооцвол түүний рейтинг олон нийтийн дунд сайн байгаа бололтой, Сант Маралын судалгаанд оролцогчдын 12.6 хувь нь түүнийг улс төрд идэвхтэй оролцоосой гэж хүсч явдаг бололтой.

Р.Амаржаргал /АН/

 УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй тэрбээр  нам, улс төрөөс хол хөндий яваа. Гэхдээ түүнийг улс төрд идэвхтэй оролцох хүн гэж үздэгээ Сант Маралын судалгаанд оролцогчид үзэж, 8.5 хувийн санал өгчээ.

Ц.Нямдорж /МАН/

Хууль зүй, дотоод хэргийн сайд рейтинг өндөртэй улстөрчдийн  долоод оржээ. Өнгөрсөн онтой харьцуулахад түүний рейтинг багагүй унасан байна. Гэхдээ  Сант Марал-ын судалгаанд оролцогчид түүний төлөө 8.5 хувь нь саналаа өгчээ.  Ардын засгаас огцруулах хоёр сайдын нэг бол Ц.Нямдорж. Түүний огцруулах асуудал өндрөө авч байгаа.  Сайдынх нь суудлаас түүнийг “зайлуулах” сонирхол намынханд нь ч бий.  Ямартай ч Монголын топ 10 улстөрчийн нэг түүний суудал өнцөгдсөн.

Ж.Батзандан /АН/

 Монголын рейтинг өндөртэй улстөрчдийн тоонд тэрбээр шинээр орж ирсэн. Сант  Маралын судалгаад оролцогчдын 5.6 хувь нь түүнд саналаа өгчээ.  АН-ын даргад нэр дэвшсэн,  ТЕГ-ын экс дарга Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол явуулсан, С.Баяртай хэвлэлээр ил захидал шидэлцсэн гээд сүүлийн үед олны “овоо хараа”-нд багагүй өртсөн.

Б.Бат-Эрдэнэ /МАН/

 Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монголын топ улстөрчдийн аравт жагсжээ. Бөхийн  холбооны  тэргүүнээр өнгөрсөн гуравдугаар сард сонгогдсон.  Бөхийн өргөө тойрсон хэрүүлд холбогдох болсон бөхчүүдэд хандаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цолыг нь хурааж авна гэдгээ мэдэгдсэн. Мэргэжлийн засгийн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж