Хаалгаар ороход хүүхдүүдийн цангинасан хоолой энэ хоёр өрөө байрыг дүүргэнэ. Гэвч хэзээ дээрээс нураад ороод ирэх вий гэсэн айдас энэ айлаас огт салдаггүй гэнэ. Учир нь, байрны гол хэсэг болох даацын дамнуурга гурван талдаа хугарч арай ядан тогтож харагдана. Өөр хэд хэдэн газарт цуурчээ. Энэ айл бол Баянмонгол хорооллын 410-р байрны арван давхрын … тоотын оршин суугчид юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай констракшн” компанийн “Саруул’ хорооллын дөрөвдүгээр ээлжийн барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унаж нэг хүн бэртсэн хэрэг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарсан. Барилгын ерөнхий угсралтын гүйцэтгэгчээр “Тольт дэнлүү” ХХК ажиллаж байжээ. Өргөх машин механизмын хувьд “Жинлүүр” ХХК краныг угсарч, харин “Өнөр бүч” ХХК засвар үйлчилгээг нь хариуцаж ажиллажээ. Уг ослын улмаас Баянмонгол хорооллын 410-р байрны дээврийн хэсгийн зарим хэсэг өм авагдаж, хамгийн дээд талын давхар болох арван давхрын хоёр айл краны суманд өртөж даацын хана болоод бусад хийцэд нэлээд эвдрэл гэмтэл учирчээ. Ослын үед тухайн кран 36 метрийн өндрөөс кабиныхаа доод хэсгээр тасарсан байдалтайгаар унасан байна.
Ингээд 410-р байрны арван давхрын … тоот айлын иргэний яриаг хүргэж байна. Тэрбээр зургаа авахуулж, нэрээ хэлэхийг хүсээгүй, харин байрны хугарч цуурсан хэсгийн зургийг авахыг зөвшөөрсөн юм. Тухайн өдрийн талаар ийн ярилаа. Тэрбээр “Кран унадаг өдөр би гурван жаахан хүүхэдтэйгээ байсан. Гэнэт дээрээс тэнгэр ниргэх шиг чимээ сонсогдоод шороо манараад ирсэн. Би тэргэн дээр суулгасан байсан хүүхдээ шүүрч аваад эргээд хартал цонхны цаана краны сум эргээд нумраад унаж байсан. Ямар аймшигтай байсан гэж санана. Хэдэн хүүхдийн минь заяа л түшсэн байх. Ямар азаар эсэн мэнд үлдсэн юм. Манайх энэ байрыг өнгөрсөн оны есдүгээр сард худалдаж аваад засвар хийгээд орсон. Гэтэл энэ ослоос болоод даацын хана гурван талдаа ижил хэмжээтэй цуурсан байдалтай байна.Манайх хамгийн дээд талын давхар. Муугаар бодоход газар хөдлөх юм бол Баянмонгол хорооллын 410-р байр тогтож үлдэхгүй нурна. Энд цаашдаа амьдарна гэхээр айдастай л болчихоод байна. Айдас, түгшүүр дунд амьдарч байна. Олон жаахан хүүхэдтэй болохоор бүр ч хэцүү юм” гэлээ.
Харин Мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагууд хэрэг гарсан өдрөөс хойш хоёр өдрийн турш үзлэг шинжилгээ хийсэн боловч хэргийн дүгнэлтийн талаар танилцуулалгүй цалгардсан байна. Хэрэг мартагдах тийш хандсан учир уржигдар /2018.04.29/ энэ байрны иргэн өөрийн биеэр очин хэргийн дүгнэлттэй танилцжээ. Гэтэл “Цууралт өгсөн байна. “Алтай констракшн” компанийн зүгээс замаск хийж засварлана гэсэн утгатай дүгнэлт гаргасан байсан гэнэ. Тиймээс тэд хаана хандахаа мэдэхгүй, хэнээс тусламж хүсэхээ мэдэхгүй түгшүүртэй сууна. Уг нь замаск төдийхнөөр биш илүү дорвитойхон шиг ажил хийх хэрэгтэй гэцгээж байлаа.
Осолд өртсөн хоёр дахь айлын хувьд даацын хана бус унтлагын өрөөний хэд хэдэн газарт цууралт үүсжээ. Өдөр өдрөөр цууралт нэмэгдэж байгааг гэрийн эзэгтэй санаа зовинон ярьж байв. Тэрбээр долоон жил энэ байранд амьдрахдаа “Саруул’ хорооллын барилгын ажил эхэлсэн цагаас хойш тайван амьдарч чадахаа больсон гэнэ. Учир нь, тухайн барилга зургаан жил баригдах хугацаандаа өвөл, зуны турш байнгын барилгын ажил явуулдаг. Ингэхдээ үдшийн бүрийгээс үүрийн таван цаг хүртэл ажиллан оршин суугчдын амар заяаг үзүүлдэггүй гэнэ. Цонхоо онгойлгоё гэхээр тоос шороо бужигнаад, барилгын чимээ шуугиан сонсогддог аж.
Харин кран унадаг өдрийн талаар ийн ярилаа. Тэрбээр “Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Гэртээ ирэхэд манай унтлагын өрөөний хана цуурсан байсан. Хэрэг гардаг өдрийн маргааш Мэргэжлийн хяналт, Баянзүрх дүүргийн цагдаа, “Алтай констракшн” компанийн ерөнхий инженер зэрэг хүмүүс ирээд хэмжилт хийгээд явсан. Өөрсдөө хэмжилт хийх гээд ханыг нүхэлж цоолсон. Тэд нарын ярьснаар бол манай өрөөний хананы цууралт нь блок руугаа орсон байна гэж ярьсан. Миний санаж байгаагаар осол хийсэн кран өнгөрсөн зунаас энд зоогдсон. Краны суман хэсэг нь их урт. Манай хажуугаар их ойрхон өнгөрдөг байсан. Бусдын эзэмшил, өөр хэсэгт орж кран явуулж болдог юм байхдаа л гэж тухайн үедээ гайхаж байсан. Кран унахдаа манай дээврийг цохиж унана гэдэг нь ямар урт кран байсан нь ойлгомжтой байгаа биз дээ. Ер нь“Алтай констракшн” компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг маш муу хангадаг.
Кран унаснаас хойш барилгын үйл ажиллааг түр зогсоосон гэсэн ч нууцаар барилгын ажил явагдаж байсан. Тиймээс л барилгын есдүгээр давхрын балконы нойтон өрлөг хийж байсан ажилчин доош унаж амь эрсдэх вэ дээ. Бүр нүдэн дээр ийм харамсалтай хэрэг гарчихаж байгаа юм.Энэ хавиар явахад ч сэтгэлд сэвтэй байна. Ялангуяа шөнийн цагаар цонхоор хогоо шиддэг. Шөнө том машин авчирч барилгын материалаа буулгана. Том машины чимээ үнэхээр хэцүү. Бид нар бушуухан энэ барилгыг баригдаж дуусаасай л гэж хүсэх юм” гэв.
Түүний хэлснээр Мэргэжлийн хяналтаас дүгнэлт нь гараад “Алтай констракшн” компанид зөвхөн торгууль тавиад өнгөрсөн гэж байв. Хохирогчид энэ хэргийг сунжраад, жаахан мартагдах гээд байна гэв. Учир нь, оршин суугчдын зүгээс мэргэжлийн байгууллагад “Саруул’ хорооллын барилгын ажлын талаар удаа дараалан гомдол гаргадаг ч өөрчлөгдсөн юм юу ч алга. Дарагдаад өнгөрчихдөг юм шиг байна лээ гэж ярьцгааж байлаа.
Энэ талаар холбогдох байгууллага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулах гэсэн боловч “Энэ асуудал эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа учир ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Урин дулаан ирж бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж байгаа энэ үед толгой дээрээс төмөр, тоосго, чулуу унаад ирэх вий гэж айдас дунд нийслэлийнхэн амьдарч байна. Монгол Улсын бүтээн байгуулалтад онцгой хувь нэмэр оруулж яваа барилгын компанийнхныг буруутгахыг бид урьтал болгосонгүй. Харин “Алтай констракшн” компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхаарч, хууль тогтоомж, дүрэм журмаа дагасан бол хүний амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байлаа.