Өлзийт нутгаа дуурсгасан мөнхийн суутан Лу

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Өлзийт нутгаа дуурсгасан мөнхийн суутан Лу

Өлзийт нутгаа дуурсгасан мөнхийн суутан Лу

-Аян замын тэмдэглэл-

Өлзийт. Энэ бол эх нутгийн минь босго сум. Их хүмүүсийн эснэн мэндэлсэн зартай, хөлтэй газар аа. Баянхонгороос Улаанбаатарыг, эсвэл эндээс хонгор нутаг, чинагш уул Алтайг зорин орчих ирээчин буцаачингуудын дайран гарах аяны өргөн харгуй буюу. Нутгаадаа тэмүүлэхийн мөнд, ээждээ золгоор ирж буцах ээлт замын нугалаанд Өлзийт сайхан нутгаар дайран гарсан нь насныхаа тооноос дутамгүй ч зорьж бууж, тухайлж саатсан нь үгүй шахам билээ.

Аянч шувууд лугаа адил жилдээ нэг нутгаа эргэдэг, эх хэлний наадамдаа саатан, догдлон морилдог их багштаны охин эрдэмтэн буурлын захиа даалгаврыг чандлан сахиж, шүүгч дэнслээчийн хариуцлагатай, хүндтэй үүргийг биелүүлэхээр Өлзийт хэмээх бэлгэтэй сайхан нэртэй сумыг бичээч бээр тугаархан тусгайлан зорьдог байна. Өдийд бол урт өдрийн ээц муутай наран, тоосорхог униар дундаас сүүмийж байх хавар эртийн бүүдэн сүүдэн цаг. Гэлээ ч энэ өдөр тэнгэр огторгуй зун авхайн аашаар тааламжтайяа ивээж, салхи хуй үл дэгдээн анир гүмхэн налайх агаад аль тахиа жилийн намраас бага багаар нэм нэмсээр хатууран хөршсөн замын хоёр этгээдийн нөгөө их түрмэл хунгар цасан хана мөргөцгүүд цагийн эрхээр ус болж нэгэнт шингээд, хөрст газар шимлэн зөөгширч, чийгтэй нуга судаг даган бог бод ямар л бол ямар мал үе үехэн бөөн бөөнөөр идээшлэн, цасан доороос ил гараад даан удаагүй намар оройн нойтон шаргал өвсний унги үлдлийг долоон бөхийлдөнө. Харин хаврын тэнгэр хартайг сануулав уу, Усан Зүйлийн, Хүйтний, Бүрдийн хэмээх гурван хөндийг туулан Арвайхээр дөтлөх үес салхи хуйсганан босч, тэнгэрийн хаяа, алсын уулын толгойтой уусан бараагнаад, борооны өмнөх будан хүдэн ч татаа юм уу, шорооны урьдал тоос тоорог нь нүүрлэв үү үл мэдэгдэн, хурд аван жирийх арлын орны нийтлэг тэрэгнийхээ тохилогт дулдуйдсан дөрвөн эр үл ажран гадаах орчноо эс анзаарах шахам аялан туулна.

Шавь Ганбаа бид хойд суудалд тухалж, энэ тэрийг асуулцан өдөрчийн аяны хүзүү нугаллаа. Тухтай уулзалгүй нэлээд удаж дээ. Тэрбээр төр түшилцэж бүхийдээ хадаг барьж ирсэн, монгол бичгийн цөөн хэдэн шавь нарын маань нэг юм. Бас өвөөгийнхөө нэрэмжит үндэсний бичгийн наадмыг зорьж явнам. Үдэш дүллэн Өлзийт сумнаа хүрвэл мөн л агаар салхи тогтуун, хаа газрын сумын төвийн байр байдал ийм л байдаг биш үү гэмээр хөл хөдөлгөөн, чимээ шуугиан намжуу, хүн харын бараа туруу бараг үл үзэгдэнэ. Замдаа утсаар хоёр нэг зурвас бичих төдий харилцсан зүс үл таних сургуулийн захирлын илгээсэн “элч” тосуул буюу нийгмийн ажилтан Тогтохоо хэмээх шалмаг залуу тун удалгүй гүйж ирээд сумын Тамгын газрын үүднээс цүнх сав барин хөтчилж сургуулийн дотуур байр зүглэлээ. Өлзийтийн сургуулийн хөвгүүдийн байрны хоёрдугаар давхарт, дөрөв дугаарын өрөөнд ийн буудаллах ажээ. Уг нь малчдын хүүхдүүд өрөө өрөөндөө хамгийн цөөндөө зургаа, заримд төмөр ороо давхарлан түүнээс ч олноор суух боловч үүнийг бичээчийн ирэх сургаар дөрөвдүгээр тасгийн ихэнх орыг гарган зайчилсныг үзвэл ая тухыг нэмэгдүүлэх гэсэн хүндлүү сэтгэлийнх буй заа. Дээр нь хүүхдүүд одоо амарч байгаа тул дотуур байр нам жимдүү, их хотын чийр чимээнээс баахан залхсан бидэнд энэ нь аялаг сайхан орчин ажгуу. Тун удалгүй Хашгэрэл захирал сэвхийгээд орж ирлээ. Тэрбээр төсөөлснөөс маань ч залуу хүн ажээ…

Өглөө манагаар, буман олны ирж буцахын ээлж чөлөөгүй өртөө-Өлзийтийн Цагаан хөтөл мөрлөн мандсан тунгалаг нарны бүлээн шаргал ээлэг дор монгол хэл бичгийн уламжлалт наадам сумын Соёлын төвд эхэллээ. Өчигдрийнхөөс ч илүү, зуны эхэн мэт нар ээсэн сайхан өдөр боллоо. Өлзийт сум бол манай улсын хорьдугаар зууны суу алдарт эрдэмтэн, монгол хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг, БНМАУ-ын төрийн шагналт, гавьяат багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Шадавын Лувсанванданы төрж өссөн ээлт нутаг ус гэдгээр онцгой ондоошилтой билээ. Хананд нь Сэмбийн Гончигсумлаа, Гончигийн Бирваа нарын хөргийг зэрэгцүүлэн залсан Соёлын төвийн тайзны гол хоймрын их тал буюу зүүнд, Лу багштан нүдний шилтэй, ажил хэрэгч хувцастай, амгалан агаад эрдмийн хүмүүний холч, нягт ухааныг дүрлэн тэргүүн өргөн “залраад”, дорд этгээдэд нь түүний айлдсан “Хэл бол эвдрэх бүтэх хоёр, салах нийлэх хоёр, тархах хурах хоёр, тасрах үргэлжлэх хоёр, хөдлөх зогсох хоёр, эсрэг тэсрэг талын нэгдэл юм” хэмээх, гүн ухааны гаргалгаат үгсийг эшлэн тодолсон харагдлаа. Баянхонгор аймгийн төвийн болон сумдын сургуулиас эх хэл бичгийн мэргэжлийн болон бага ангийн багш нар, ирээдүйн эрдэмтэд болох шавь нараа бэлтгэн, удирдан олноороо хүрэлцэн ирсэн байвай. Ер нь хонгор нутгийн хэл бичгийн багш нар Лу багшийнхаа нэрэмжит эх хэлний наадмыг зориуд зорин, хүндэтгэн ирж оролцдог уламжлал аандаа тогтсон нь мэдрэгдэнэ.

Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын монгол хэлний аргазүйч багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Одгэрэл, мөн тус газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтэн багш Р.Билигдэмбэрэл нарын хамтад Лу багшийн нэрэмжит, эх хэл бичгийн арван дөрөвдүгээр олимпиадад шүүгчийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэж, багш, сурагчдын эх хэлний мэдлэг чадварыг дэнслэн байр эзлүүлэх амаргүй ачааг үүрсэн хэрэг. Монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын дундаас Баянхонгор аймгийн төвийн “Номгон” ахлах сургуулийн багш Ж.Одончимэг, бага ангийн багш нараас “Номун далай” сургуулийн Ж.Уртнасан нар аваргаар тодорсон болб 12-р ангийн сурагчдыг мөнхүү “Номгон” сургуулийн 12-ын “А” ангийн сурагч Г.Баасансүрэн манлайлж, 9-р ангийнхнаас “Номгон” сургуулийн Б.Номин-Эрдэнэ, 5-р ангийн сурагчдаас Гурванбулаг сумын Ш.Эрдэнэмөрөн нар тус тус тэргүүн байрт шалгаран, “Лувсанвандан сан”-гийн хишиг урамшуулал хүртлээ. Дээд гурван ангилал буюу 12-р ангийн сурагч, бага анги, мэргэжлийн багш нарын ангиллын аваргуудыг тус бүр гоёмсог алтан медаль, хүндлэмж бичгээ дагалдуулан хорин түмэн төгрөгөөр урамшуулсан нь бусад ижил төстэй уралдаан наадмуудынхаас харьцангуй дээгүүр байлаа.

1996 онд Өлзийт сумын дунд сургуулийг их эрдэмтэн, энэ нутгийн унаган хүү Ш.Лувсанвандан багшийн нэрэмжит болгож, “Сайн оюут” хэмээх оноосон нэр хайрлажээ. Энэ нь эрдмийн их хүмүүний алдрын эхний “Лувсан” хэмээх төвөд үгийг эх хэлээрээ дуун хөрвүүлсэн нь гэдгийг номын анир агаар нэгтэн мэргэн уншигчид маань анзаарч буй биз ээ. Лу багшийн хүүхдүүд бүгд гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудыг дүүргэж, эрдмийн цол зэрэг хамгаалан, сайн эцгийнхээ нэр алдрыг улмаа өргөж яваа бөгөөд 2005-р оноос аавынхаа нэрэмжит сургуулийг түшиглэн нутаг оронд нь монгол хэл бичгийн олимпиад санаачлан анх үүсгэж, уламжлал болгон төгөлдөржүүлсээр өнөө жил 14 дэх удаагаа амжилттай зохион байгуулсан нь энэ. Энэ жилийн хувьд, тавдугаар ангийн төрлийг шинээр нэмсэн нь ирээдүйн эх хэлний мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдийг балчраас нь тодруулах бодлогот шийдэл, үүнийг хүүхдүүд ч, багш нар нь ч дуртайяа хүлээн авч байгаа ажээ.

Уралдаан наадам өндөрлөсөн үдэш багш нар, хүүхдүүд эргээд аймгийнхаа төв зүглэх үес Өлзийтийн сургуулийн захирал Ө.Хашбилигийн албан өрөөнд олуул Лу багшийн тухай, түүний их охин, “Лувсанвандан сан”-гийн тэргүүн, доктор, профессор, билгүүн номч Б.Ринчений нэрэмжит шагналтан Л.Маналжав багшийнхаа тухай, уралдаан наадмынхаа утга учир, ирээдүйн нь сэдвээр, айсуй бүхүй 110 жилийн тэгш ойн нь угтал бэлтгэл, “Лу багш” хэмээх дууны тухай халуун яриа өрнүүлж сууцгаалаа. Өглөө нээлтийн ёслолын үед анх чих мялаасан, үдэш бас шагнал гардуулах ёслолын үед сумын Соёлын төвийн тайзнаа, сургуулийн тохилог танхимд гээд бүхүй л хүндэтгэл бахархлын суурь болж учирлаг нэг дуун уянгалсаар асан нь мөн л их эрдэмтний сэдэвтэй, урлагийн содон бүтээл, олон түмний сэтгэлд нэвтэрсэн хүндтэй, эзэнтэй дуу төрсөн нь ажээ.

Энэ сургуулийн ахмад багш Ц.Эрдэнэбаатар шүлгийг нь тэрлэж, аймгийн театрын дарга асан, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуу абугай ая данг нь тааруулснаар Лу багштан анх удаа дууны урлагт дахин “мэндэлсэн” ажээ. Эх хэл шинжлэлийн хэдэн үеийнхний багш болж мөнхөрсөн суут хүмүүний тухай дууг бас ирээдүй, ирэх он жилүүдийн мянга мянган шавь нарынх нь бэлгэдэл болгон Өлзийбаатарын Оюу-Эрдэнэ хэмээх сурагч охиноор дуулуулж амилуулсан нь учир утга гүнзгий, арвис эрдмийн орчин нөхцөлдөө таацсан зохируу, сурч дуулахад хялбар болсон санагдана. Багштаны мэндэлсний 110 жилийн ойг угтаж эл дууг дүрсжүүлэн түмэн олны сэтгэл зүрхэнд улам бат, өргөн дэлгэр хүргэх дөрөв дэх жигүүртэй болгох бүтээлч санаа сэдэл энэ орой бас энд хурагсдаас ундарсан билээ. 

            Эх хэлнийхээ нууцыг тайлсан

            Эрдэмд нэвтэрсэн сод ухаантан багш минь

            Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан

            Эгэл даруухан монгол ухаантан Лу багш минүү

                        Сайн оюут, эрх төгөлдөр

                        Лу багш минүү

            Монгол өв соёлоо дээдлэн судалсан

            Номд нэвтэрсэн суут ухаантан багш минь

            Монгол хэлнийхээн гайхамшгийг мэдрүүлсэн

            Номхон дөлгөөхөн, хүний дээд Лу багш минү

                        Сайн оюут, эрх төгөлдөр

                        Лу багш минүү

            Төрж өссөн Өлзийт нутгаан

            Мөнхөд дуургасан ардын элчин багш минь

            Түүхэн нээлтээрээн дэлхийд гайхагдсан

            Суут ухаантан, мэргэн гүүш Лу багш минү

                        Сайн оюут, эрх төгөлдөр

                        Лу багш минүү

Үг хэлээр сургамжлах бус, үйлдлээрээ үлгэрлэн дагуулж, хүний дайтай хүн явах, ном эрдмийг сурсан шиг сурахын мөн ухааныг хайрласан нөмөрт уул, сайн эцгийнхээ тухай эл нандин бүтээлийг анх сонсоод охин Л.Маналжав нь нулимс унаган уярч суусан тухайг, энэ дуу бүтэх үес тус сургуулийн захирал асан Х.Одгэрэл багш нэмж өгүүлсэн билээ. Монгол хэл маань мохошгүй мөнх байсаар бүхүйд, цагийг эзэлсэн суутан багшийнхаа эрдмийн боть сүмбүмүүдийг судлан суралцсаар, Лу багшийн тухай энэ дуу Өлзийт сайхан нутагт нь үе уламжлан цуурайлсаар байх нь дамжиггүй буюу.

… Өлзийтөд өглөөний арван цаг болов. “Сайн оюут” сургуулийн хөвгүүдийн байр, хоёр давхрын дөрвөн тоот. Ө.Хашбилиг захирал “Старекс”-тэй давхиж ирлээ. Сумын Засаг даргын орлогч Ц.Дашдэмбэрэл, ахмад багш Гүнсэнхорлоогийн Болд нар дагалджээ. Урьд үдэш бид ярилцаж шийдсэнээр Түйн гол уруудан жаахан хөдөөлөх гэж байгаа нь энэ. Миний бие Лу багшийн нэрэмжит наадамд, Л.Маналжав багшийн даалгасныг ёсоор болгож шүүгчээр ажиллах үндсэн үүргээ хичээн биелүүлсээн. Өөр гойд албан ажил үгүй. Тэгээд, номоос л уншсан төдий Бийрийн хөндий, Бийрийн нуур, Эхэн, Дунд, Доод цувраа гурван Хашаат, Лу багштаны хүй цөглөсөн нутгаар дараа очих боломж гарах болов уу гэж найдаад, буцах тухай бодож буйгаа цухуйлгасан юм. Гэтэл захирал, өглөө эртхэн Дунд Хашаат явах шийдэл гаргачихлаа. Баг ч дорхноо бүрддэг байна. Тийнхүү бид дөрөв, дөнгөж онгойж байсан хүнсний дэлгүүрээс эхний үйлчлүүлэгч нь болж унд сүү аваад хөдөллөө. Бас хоёр хадаг авч явахыг Дэмбэрэл ах надад зөвлөвэй.

Түйн голын зүүн эргийг алсуур барин уруудаж, шороон замаар энхэл донхол гатлан довтолголоо. Тэнгэр бүүдгэр, өчигдрийг бодвол бага зэрэг салхитай өдөр тохиох янзтай. Хэсэг яваад Байн хөндийн адгаар гатлахад хуучин маягийн, дан боловч нэлээд өргөн цагаан байшингийн дэргэдүүр өнгөрөх нь хоёрдугаар багийн төв ажээ. Хаш захирал жолоогоо сурамгай мушгиж, Дэмбэрэл ах хажуугийн суудалд нь тухлан, тэртээ баруун өмнө, суунаг дундаас аажмаар тодсох хөх нурууг зааж, Тэвшийн хүрэм гэдэг газар даа, бид түүний наахна очно хэмээв. Барагцаагаар дөчин км яваад машин зам нэгэн намхавтар, үргэлжилсэн нуруунд гарч, удалгүй зүүнээс баруун хойш хандсан сайр луу тонгойсон бөгөөд зүүн гар тийш огцомхон эргээд, чулуу ихтэй бууцны хөлд ойртон зогслоо. Бидний замд хэдэн тэмээ харагдсан. Харин ирж зогссон бууцны эхээр, мөн адгаар нь дэнж толгодын ар барин адуу мал цөөн цөөн бэлчиж үзэгдэнэ.

Дунд Хашаат хэмээх энэ бууцанд, хорьдугаар зууны эхээр хожмын их эрдэмтэн Лувсанвандан хүү арван тавдугаар жарны “Амарлингуй” хэмээх шарагчин шороон тахиа жил, нэгэн мянга есөн зуун аравдугаар он, дүн өвлөөр буюу нэгдүгээр сарын хорины өдөр /Э.Пүрэвжав “Их эрдэмтэн, академич Шадавын Лувсанвандан” ном, УБ, 2010, 5-р тал/, эцэг Бэсүд овгийн Шадавынхаа арван наймны нь ойн дээр хорвоод мэндлэн, идэр залуухан эцэг эх, эгэл малчны удмаа гийгүүлсэн ажээ. Дунд Хашаатад ирж зогсуут Болд багш патиар буулгуураа тэврэн шууд зүүн урдтаах дэнж өөд хурдан хурдан алхлан, түүхт энэ газрын ерөнхий, алсын зураг авах цэг эрж эхэлсэн болбол Дэмбэрэл дарга бууцны баруун захын цохио хадны хөл тушаа завилаад, энд гарын дор юмны нэг үхрийн хуурай аргал дээр цүнхнээсээ арц гарган уугиулж, залгуулан баринтагтай судар ном дэлхэж, тахилын цөгцөнд сүү мэлтэлзүүлээд сан тахилга уншиж эхлэв. Тэрбээр ламын номтой хүн гэдгээ сая ингэж л мэдэгдэн бишрүүллээ. Харин Хаш захирал бид хоёр түүний номын дууг сонсонгоо Лу багшийн мэндэлсэн газрын байр байдлыг амьхандаа шинжиж, зүүн болон баруун урдаад хөхний товч мэт сүндэрлэх ихэр хос хүрмэн шовх хайрхан, хажуу залгаа нь болон хараа булааж бүхүй, оройг нь зориуд засаж тэгшилсэн мэт сод сондгой Тэвшийн хүрэмийн хөх нурууг нүд салгалгүй хараачилж суулаа.

Сан тахилгаа уншиж дууссаны нь дараа гурвуул Дэмбэрэл ахын заавраар есөн жижиг цөгцтэй сүүг тодорхой зүгт, хүн тус бүр эрэмбэ дараатай бялхуулан өргөж, сүслэн ёслов. Зуунд нэг л тодрох эрдмийн их хүмүүний хойч залгаа чухам энэ нутгаас төрөөсэй хэмээн битүүхэн шивших бүлгээ. Нэг хадгаа гарган дэлгэж Дунд Хашаатын бууцны арын ханан цохионы элгэн тушаа чулуу бугуйлдан уянгаа дээр нь бас томхон чулуу өргөн тавьж ёс төр гүйцээлээ. Энэ агшинд бид, хоёр зүйлийн сонин тохиолыг санаандгүй анзаарсан билээ. Монгол хүн бэлгээрээ гэдэг. Нэгд, энэ жил Лу багштаны мэндэлсний яг нэг зуун найман жилийн ой тохиож бүхүйд бид хүй цөглөсөн газарт нь ирж таарчээ. Хоёрт, Дунд Хашаатын бууцны эхний зүүн хэсгийн цохио хаднууд ажиглахнээ нь өрж давхарлаж тавьсан олон зуун судар ном мэт анзаарагдвай. Хавтгай тольгор, зузаан товхгор чулууд нь ийм бэлгэдлийг бэлхнээ илэрхийлэн, хүнээр юм бол юун улс, хаанаас гараад ирэв хэмээн биднийг сонжин сонирхож байх мэт. Дунд Хашаатын бууц үнэхээр л нэг тал хашаатай юм байна. Нэрээс нь ургуулж бодоход, лавтай зуун жилийн тэртээ Лу багшийн аавынхыг өвөлжиж байхад ийм нэртэй байсан болов уу. Хэдэн арван хасаг тэрэг ном өрөөд хураачихсан мэт ийм хад цохиотой, байгалийн “номын сан”-гийн дэргэд их багштан төрж дээ. Бууцны арын дунд хэсгийн хад нь өвөлжөөнийхөө захтай нийлсэн, их өндөргүй, эгц тольгор юм. Яг үүн дээр л, Лу багш энд мэндэлсэн хэмээх утгатай хэдэн мөрийг босоо монгол бичгээр сийлж, чухам дэргэд нь ирсэн хүн л уншиж үзэхээр даруухнаа мэдүүлбэл зохих биш үү гэж нөгөөдүүлтэйгөө бас ярилцлаа. Өвөлжөөний баруун доодхон захад, нэлээд баларшсан гурван ч гэрийн буурь мэдэгдэх төдий үлдсэн байна. Магадгүй эдний аль нэг нь Лу багштаны төрсөн тоонот буюу.

Лу багшийн аав Шадавынхны хол саахалтууд нь бас эгэл ард агаад харин үр хойч нь эгэл бус улс байжээ. 1915 онд, Лувсанвандан хүүг таван ой нь дүүрч байхад саахалт Сэмбийнд нь бас нуган үр заяаж, тэр хүү хожмоо даян монголын хөгжмийн урлагийн их цаст сүмбэр оргил Сэмбийн Гончигсумлаа хэмээгдэн, өлгий болсон Өлзийт нутгаа, бүр монгол түмнээ ертөнцийн чихнээ эгшиг дууны хэлээр дуурсгажээ. Агуу их бүхэн эгэл энгийн агуулгатай байдаг. Сэмбийнх бол бас л жир малчин ард бөгөөд Гончигсумлаагаа мөн л Лу-гийн мэндэлсэн адил, хүйтний эрч сайн хариагүй, хөхөгчин туулай жилийн цагаан сарын шинийн гурван буюу аргын хоёрдугаар сарын арван найманд төрөхөд тэднийх энүүхэн зүүн урд арын Эхэн Хашаатад өвөлжиж байсан юмсанжээ.

Таван насны зөрүүтэй, айл саахалтын эл хөвгүүдийн амьдрал хувь заяа төдийгүй алдар гавьяаны төөрөг нь ч тун төстэй байсан нь сонирхол татдаг. Эрдэмтэн Ш.Лувсанвандан багш 1961 онд академич хэмээх шинжлэхүй ухааны дээд цол хүртэж бүхийд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа мөн онд төрийн шагнал хүлээж, 1971 онд Лу нь төрийн шагналаа тосоход Сумлаа нь мөн жил БНМАУ-ын ардын жүжигчний алдар хүндэд залагдаж байжээ. Лу багшийг 1952, 1970 онд Сүхбаатарын одонгоор хошоод удаа хөхиүлэн шагнасан болбол нөгөөх нь бас л 1975, 1985 онуудад саяхь одонг хошой хүртэж “арцсан” ажээ. Түүнчлэн С.Гончигсумлаа гуай 1965 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол шагнуулсан бол Лу багштан БНМАУ-ын гавьяат багш цолыг 1980 онд хүлээн хүртсэн түүх байдаг билээ.

Ийнхүү Лу багшийн төрсөн тоонотод очсон маань энэ удаагийн аяны томхон олз боллоо. Дунд Хашаатад бид дөрөв бараг хоёр цаг шахам саатсан байх. Болд багш бээр урд, зүүн урд, түүнээсээ хойш эргэж, бүхэл зууны урдах Шадав гуайн өвөлжөөний хотны толгойн жижиг овоонд хүртэл дугуйлж чулуу нэмээд, өнөөх алсын, ерөнхий зургаа, сэтгэлээ ханатал буулгасан бололтой буцаж ирсэн билээ. Болд багшийн унаган мэргэжил дүрслэх урлаг, технологийн багш. Өнөө хэр Өлзийтдөө багшилсаар л. Тэрбээр Өлзийтийн төвийн бүх айлын хашааны том хаалгыг “хуяг хээ”-гээр зурж чимэглэн, жижиг буюу явган хаалгыг нь өлзий утсан хээн титэмтэй, босоо монгол бичгээр “өлзийт” хэмээн дөрвөлжлөн эвхэж бичсэн стандарт гоёлтой болгох сайн үйлс санаачилсан нь, бус олон аймаг суманд дэлгэрүүлүүштэй сайн үйлс болсныг олзуурхан тэмдэглэж байна.

Өглөө хөдлөх гэж байтал тэрбээр гэнэт гараад гэрлүүгээ гүйчихсэн нь учиртай байж. Хөөргөө мартсанаа мэдмэгц яаран буцжээ. Хашаа захирал зураг дарж, бид гурав өнөөх Лу багшийн эхээс мэндлээд хорвоотой харилцсан, биднийхээр бол өрж давхарлаж хураасан олон боть номун хаданд анхны дуугаа шингээсэн тэрхүү түүхт газар нь хөөрөг тамхи болж суулаа. Болд багшийн ажил удаж авч явсан хөөрөг нь үнэндээ л хуучны цэвэрхэн хаш бөгөөд тэгш дөрвөлжин мөртэй, түүндээ тохирсон шүрэн толгойтой юм. Хоёр хажуу тал дээр нь нийт гурван ширхэг сарьсан багваахай сийлсэн нь гойд ховор гоёл болжээ. “Бо багш” хөөрөгнийхөө хээ-сарьсан багваахайн тухай, саявтархан орон даяар цуу дуулиан болоод намжсан сарьсан багваахайн үүр үнэд хүрсэн явдлыг сэргээн хүүрнэж суувай.

Дунд Хашаат. Их эрдэмтэн Шадавын Лувсанвандан багштаны төрсөн тоонот.

Тэгж байгаад, энэ сайхан нутаг ус, унасан газарт нь ирснийх, хангай дэлхийг баясгаж дуу дуулъя гэж санал гаргалаа. Дэмбэрэл дарга хамгийн баруунд сууж байсан тул нар зөв эхлэхээр болж “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн, зууны яруу найрагчийн, олны аманд бэлхнээ байдаг шүлгийн дууг дуурийн маягийн хоолойгоор тун аялаг, эвтэй гэгчийн хүнгэнүүлэв. Лу багштан зуун жилийн өмнө эхээс мэндэлж дуугаа хадааж шингээсэн түүхт энэ буурин дээр удаах зуунд нь Дэмбэрэл ах ирж ийнхүү дуурь хоолойгоо бас дуурсгадаг байна шүү. Эхлээд хөх манхан тэнгэр, холын одод, түүнээсээ цаст цагаан уул, дорогшлон онгон цэнхэр тал, мөрөн голын ус, тэгээд улмаа янагшлан үнэр ялдам агь ганга, түүн дээрх зүүрмэглэгч хун шиг монгол гэр, энэ гэр дэх сайхан сэтгэлт бүсгүй… гээд алслалын арга, гадаад байгалийн өнгө, үзэгдэх хэлбэрээс хүний дотоод сэтгэл рүү агуулгыг гүнзгийрүүлж бичсэн зохиомжтой төгс найраг болсон тухай бид түүнд, сайхан дуулсанд нь талархах аргаа олж ядахдаа сонирхуулсан билээ. Дараа нь дугараа нар зөв эргэж, дунд суусан миний ээлж боллоо. Дуулаагүй удсан, бас нутагтаа ирсэн болохоор “Хонгор нутгийн түмэндээ”-г аяллаа. Дараалал ёсоор Болд багшийн ээлж болоход тэрбээр “Наян булаг”-ийг бүрэн түрлэг “авсан” нь Өлзийтийнхний сүлд дуу ажээ.

            Найман уулын дундаасаа

            Наян булаг урсаастай

            Наян булгийн эхэндээ

            Найман хонгор сойгоостой

            Наран хорвоо гэрлийн доор

Навчин хоёр эрвээхэй

Намжаах хурын намираатай

Наадан наадан найганхан…

Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад гуай анх амилуулж олны чихэнд хоногшуулсан ийм нэгэн дууг хэн хүнгүй л мэдэх дэг ээ. Харин одоо Т.Дэлгэрмөрөний дуулснаар залуу үеийнхэнд залгамжлан эл дуу улмаа урт насалсаар л. Лу багштаны мэндэлсэн түүхт буурин дээр, сэтгэл хөөрсөн дөрвийн дугарааг өндөрлөн Ө.Хашбилиг захирал маань дуулах ёстой байсан ч баахан нимгэн хувцастай гарсандаа жиндээ юм уу, тэргэндээ ороод суучихсан байлаа…

Тэгээд хөдлөх болов. Хэдийвээр Лу багштаны төрсөн тоонотод хамгийн элбэг юм гэлээ ч, ном судрын дүр бэлгэдэлтэй чулуудаас нь тасалж авч, дутаан гансруулж яахин болно. Энэрэлт ижий аавынх нь халуун хошуут мал буянаа налайлган асан бууцан дээр нь өнөөдөр ч гэлээ хамгийн элбэг байх хатсан сайхан хөх аргалаас нь, сүү авчирсан уутандаа хоёр нэгийг авч, энэ жил ирж завдаагүй Л.Маналжав багшдаа хүргэж бэлэглэх санал гаргахдаа манай гурав дуун дээр дэмжинэ гэдгийг мэдэж байлаа. Дэмбэрэл ах жижиг гялаан уутыг дорхноо хуурай сайхан хөх аргалаар дүүргээд над өглөө.

Сэтгүүлч хүн хаа сонин содон газар оронд явж, хүний сайнтай танилцаж, нүд сэтгэл хэдий хэр баясч бадарвал онгод билиг нэмж, уран бүтээлийн олз хишиг ч тэр хэмжээгээр арвиддаг жамтай. Өлзийт гэдэг үнэхээр л нэр шигээ буян нөөлөгтэй нутаг ажээ. Энд явахдаа би, нэг их сайхан бичдэг хүнийг үзлээ. Эх  хэлний наадамд шалгарагсдын хүндлэмж бичиг дээр овог нэрийг нь мөнөөхөн ахмад багш Ц.Эрдэнэбаатар бээр кирил үсгээр хурдан мөртлөө гайхам сайхан урлаж байв шүү. Бичнэ гэж сийлж өгдөг ийм л хүн Лу багшийгаа дууны урлагт шүлгээрээ дархалсан нь, басхүү “Сайн оюут” сургуулийнхаа сүлд дууг давхар тэрлэсэн нь бахархмаар. Сая тугаар, Лу багшийн нэрэмжит эх хэлний наадамд анх тутам нэмсэн тавдугаар ангийн сурагчдын ангиллын бүх бай шагналыг хувиасаа гаргаж буяны богцоо улмаа бондойлгожээ. Өлзийтөд ирэхдээ би бас, авьяас билиг, аз хийморь хосолсон нэг сайхан хүнтэй танилцлаа. Тэр бол энэ тэмдэглэлийн маань нэг туслах баатар Цэвэлийн Дашдэмбэрэл абугай маань шүү дээ. Сайн дуучин, сумын орлогч дарга, бурхны номын хэлд нэвтэрчихсэн буяны садан, нутаг орноо жолоодолцож түмэн олноо оройлж байгаа төрийн хар хүн ч мөн өө. Лу багшийнхаа тухай баримтат кинонд алдарт “хүрэн дээл”-нээсээ “болж”, Санж багшийнх нь дүрийг бүтээчихсэн хувьтай л азтан. Би энэ удаа Өлзийтөд яваад тайзнаас нь, гойд нэгэн уртын дууг, төв халхын барилтай болов уу гэмээр учирлаг хоолойгоор сонсохдоо сэтгэлийн утас долгилсон юм. Тэр авьяаслаг охиныг “Сайн оюут” сургуулийн уртын дууны багш Д.Гандиймаагийн гарын шавь Б.Бадамдолгор гэдэг юм байж. Багш шавь хоёр, биднийг төлдөр Өлзийтөд очихын өмнөхөн Дундговь аймагт болсон Дунжмаа гавьяатын нэрэмжит, уртын дуучдын улсын уралдаанаас алтан, мөнгөн медалийг нь хонгор нутагтаа, Өлзийтдөө авчирч дуулиан болоод байжээ…

 “Эрх төгөлдөр”. Энэ бол их Лу багшийн алдар нэрийн хоёрдугаар хэсэг “Вандан” хэмээх төвөд үгийг бас монгол хэлээр дуун хөрвүүлсэн нь. Үүнийг монгол бичгээр бага инхлэг буюу сүүл “н”-тэй бичдэг буй. 2016 онд, “Лувсанвандан” сангийн гүйцэтгэх захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, өдгөө ардын болон гавьяат багш Ц.Өнөрбаян Баянхонгорт ирэхдээ Өлзийтөөр орж, багшийнхаа нэрэмжит “Сайн оюут” сургуулиар зориуд буугаад морджээ. Ц.Эрдэнэбаатар багшийн өгүүлэх нь, Өнөрөө багш сургуулийн босго алхуут юун түрүүн багшаар нь овоглосон хаяг нүдэнд нь туссан бололтой, тогтож харсан бөгөөд уншиж үзээд сүрхий харж, дуу нь өндөрслөө гэнэ. Учрыг лавлаваас, Лувсанванданы нэрэмжит гэх ёстойг “Лувсанвандангийн” хэмээн ташаарсан байж. Өнөрөө багш тэгээд, дээрхийг залруулж засахыг зөвлөөд инээмсэглэн гарч оджээ.

Одоо харвал, сургуулийн хаяг нь зөвөөс зөв болсон, харин нэлээд элж хуучирсан байнам. Өлзийтийн сургууль гаднаа, гол хаалганыхаа өмнө нар ээсэн сайхан талбайтай юм билээ. Энд Лу багшийн гэрэлт хөшөөг бүтээн залбал, хэлбэр нь агуулгаа тодлох талаасаа орчин үеийн жишигт нийцэх биш үү хэмээн бодсоноо энд тэмдэглэж хошуу нэмж буйдаа хүлцэл өчье. 2010 онд Лу багшийн эрдмийн бүтээлийн бүрэн түүврийг арван хоёр ботиор хэвлүүлсэн нь харин эрин үе улиравч элэршгүй номун хөшөө болсон юм.

Хамтрагсад маань намайг бас Баянхонгорын Ээж хаданд аваачихаар давхар бодолцжээ. Умраас нь ирсэн бид дорноосоо өрнө тийш уруудсан сайрыг өмнөш гатлаад, Тэвшийн хүрэмийн ар хоолой даган хэсэгхэн давхиад тэнд хүрчихлээ. Тэрүүхэндээ өндөрдүү дэнж дээр есөн шон босгож, хооронд нь хэц татсан, хэцүүд дээр хөх хадгийг баглайтал давхарласан нь дааж ядах шиг агаад салхинаа үл мэдэг савлан хийснэ. Түүний голд, зүүн тийш хандсан, гурвалжиндуу оройтой хавтгай хар чулуу зогсоо хүнээс хавьгүй өндөр, гадуур нь саатай торгоор дээл урлаж өмсгөсөн, мөн “хүзүүнд” нь чимэг зүүлт зүүлгэн “ээж”-ийгээ гоёхоо мартсангүй байна. Эрэгтэй хүн бол баруун, эмэгтэй хүн зүүн мутар буюу ташаан тушаа нь, өвч хөх хадагсад нь наалдан зогсоод хүсэл эгээрлээ шившдэг тогтсон ёстой хэмээнэ.

Ээж хадны суварга. Цаад талд Тэгшийн хүрэмийн нуруу

Есөн шонгийн гадуур алсхан, модоор хашаа хайс барьж хамгаалсан бөгөөд баруун урд өнцөгт нэлээд сүрлэг суварга босгожээ. Зүүн талын буюу мөргөлчид нэвтрэх хаалганы хойно, өмнөтээ нь хуучны тулга аргал хоргол түлсэн үнстэйгээ хэд хэд харагдах нь зочлон ирэгсэд “ээж”-дээ гал хөс түлж, цай унд болдгийн тэмдэг болов уу. Ээж хаданд авчирсан өргөл дугуй булант цай нь хурамталсаар илүү гэрийн дайны өндөр, дөрвөлжлөн хураасан нь хангай нутгийн айлын аргал хүйдэс мэт үзэгдэнэ. Галдан бошигтын халхад хийсэн аян дайны үед энэхүү хадан хөшөө дурсгал хамаарна гэдэг түүхийн бүдэгхэн улбаатай. Галданыг энд хоноглоход ээж нь зүүдэнд нь орсныг бэлгэдэж босгосон гэдэг товч гэхэд даанч товч, бүдэг гэхэд бүгт бүдэг аман түүхээс  ондоо, аянчин түүхчнийг ийш нь уруу татчих баримт сэлт, жуулчдад зориулсан таниулга самбар, мэдээлүүр пайлуур одоогоор алга. Үүнийг зохих байгууллага, аялал жуулжчлалын үүрэгтэн нь анхаарч бодууштай санагдав. Ханш нээснээс эхлэн энд сүжигтэн олны хөл хэсэгтээ үл тасардаг гэнэм. Дэмбэрэл ах ч мөн ханш нээгдэхээр дахин зориуд ирнэ гэж байлаа. Үлдсэн нэг хадгаа хонгор нутгийнхаа энэхүү шинэ шүтээнд өргөснөөр бид буцаж хөдөлсөн юм.

Удалгүй Доод буюу Адгийн Хашаатад ирлээ. Түрүүн хаяагаар нь давхиж өнгөрсөн айлдаа эргээд бууж байна гэсэн үг. Болд багш шинэ төлийн дуу сонсох, зураг буулгах санал гаргасныг бид дуу нэг дэмжлээ. Гурван Хашаат, энэ Тэвшийн хүрэмээс өнөө хэр алдартан сайчууд төрсөөр л буй, үнэхээрийн өөр нь өөр нутаг гэдгийг Дэмбэрэл ах ярианы явцад онцолж байлаа. Өлзийтөөс ноднин жил Дарамын Пүрэвийнх, өнөө жил Сангидоржийн Ганбатынх улсын аварга малчин болсон бөгөөд бүгд энэ гурван Хашаатаар нутагтай ажээ. Бидний буусан айл аварга малчин Д.Пүрэв гуайнх байжээ. “Энэ жил цас багатай, дулаан өвөлжлөө, харин урд зун намар гойд гандаж өвлийн идэш гараагүй тул манайхны зарим бүр Баянцагааны Аргалант ууланд отроор явсан, цөөхөн буюу далаад хонь хургалах юм, цагийн байдлаас хамаарч ямаа ч цөөн төллүүлж байна хэмээн өрхийн тэргүүн, Монгол Улсын аварга малчин Д.Пүрэв настан өгүүлээд, гал дээрээс сая гаргасан гэдсэн хуушуураараа дайлж билээ.

Доод Хашаат. Улсын аварга малчин Д.Пүрэвийн хотонд. Гэрэл зургуудыг Б.Элбэгзаяа

 … Аян замын үзүүр эгэх өдрийн урьд үдэш хонгор нутгийн төвд, бүрүй баруйгаар бороо орж эхлээд, шөнө дүллэн хайлмаг цас болон хувирч, өглөө нь Баянхонгор хотын гудамж талбай “Тийн унжлагат” шар нохой жилийн анхны хур усан хишигт автан өнгө гялбаа нэмж, хүмүүс ч сэтгэл хөхиүн алхлан, таатай сайхан байлаа. С.Ганбаатар шавийнхаа хүсэлтээр түүний буурал аав, хонгор нутгийн гэгээрлийн салбарын үндэс суурийг тавигч эрхэм хүмүүн, улсын гавьяат багш Намжилын Биндэряа агсны нэрэмжит үндэсний бичгийн аймгийн аварга шалгаруулах ээлжит наадмын нээлтийн хүндэтгэл ёслолд оролцоод нутгаа тэмүүлсэн ганзага арвин аяныхаа жолоог хантайрвай.

Улаанбаатар-Өлзийт-Дунд Хашаат-Баянхонгор

Шар нохой жилийн хаврын дунд сар.

      Б.Элбэгзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж