Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэг Сием Рийпэд хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэг Сием Рийпэд хуралдлаа

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн хоёр ажлын хэсэг Сием Рийпэд хуралдлаа

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн Санхүүгийн хүртээмжийн стратеги (Financial Inclusion Strategy, FIS) ажлын хэсгийн 12, Санхүүгийн хэрэглээний хэм хэмжээ, тэнцвэрт байдлын Олон улсын стандарт (Proportionate Application of Global Standards, GSP) ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурлууд өнгөрөгч долоо хоногт Камбожийн Вант Улсын Сием Рийп (Siem Reap) хотноо боллоо. Ажлын хэсгүүд нь санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдын дэлхийн сүлжээ болсон тус нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн бүтэц бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо зургаан ажлын хэсэгт бүгдэд нь ажиллаж байна.

FIS болон GSP ажлын хэсгүүдийн хурлаар санхүүгийн хүртээмж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зохицуулалтын орчин, сүүдрийн банк, санхүүгийн хүртээмж дэх жендэрийн ялгаатай байдал, эмэгтэйчүүдийн санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд гишүүн орнууд тус тусын сорилт, туршлагыг танилцуулан хэлэлцүүлэв. Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбаруудын зохицуулалтын дүрэм журмуудаа шинэчлэн сайжруулж буй болон өнгөрсөн онд давхар бүртгэлийн журмыг Монголын хөрөнгийн биржтэй хамтран боловсруулж, баталсан талаар мэдээлж, үүсмэл санхүүгийн хэрэгслийн журмыг боловсруулж эхлээд байгаа зэрэг үйл ажиллагааныхаа ахиц дэвшлийг танилцууллаа. Мөн Үндэсний төлбөр тооцооны тухай хууль энэ оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн болон Монгол Улсын санхүүгийн салбарт шинээр нэвтэрч буй финтек буюу технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, олон улсын цахим валютын зохицуулалтын бодлого, шийдлийн эрэл хайгуулын талаар Ажлын хэсгийн гишүүн орнуудын төлөөлөгч нартай зөвлөлдөн ярилцав.

Гишүүн орнуудын 100 гаруй төлөөлөл оролцсон хурлуудын үр дүнд санхүүгийн үйлчилгээний чанарыг үр ашигтай болгох, хүртээмжийн цар хүрээг өргөжүүлэх, чанартай бодлого, зохицуулалтын туршлагыг харилцан дэлгэрүүлэх, ажлын хэсгүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тулгамдсан, шийдвэрлэгдээгүй байгаа асуудлуудыг зохицуулах асуудлаар зөвлөмж, гарын авлага гаргах зэрэг олон бүтээлч санал гарч, эдгээр чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж