А.Сүхбат Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

А.Сүхбат Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өглөө

А.Сүхбат Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр далай даян дархан аварга Х.Баянмөнх болон Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтаар

 

МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг сануулж, үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авхуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдсан юм.

Энэхүү маргаанд дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат идэвхтэй оролцож байгаа билээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-ны шөнө Бөхийн өргөөнд хонож, улмаар үүрээр гарч явахдаа Б.Одхүүд зодуулсан хэмээн олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн үед Бөхийн өргөөнд ийм асуудал болоогүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэээлж байсан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Сүхбат Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бичигт хариу өгчээ.

Энэхүү бичигт “Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан зүйл байхгүй. МҮБХ-ны тэргүүнийг тойрсон маргааныг Монгол улсын гурван шатны шүүх шийдвэрлээд олон жил болж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс арван зургаан жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг таслан зогсоох цаг нэгэнт болсон байна. Хуулийг гууль болгож, худлыг үнэн болгож гүтгэлэг цацаж, иргэд олон түмэн, бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулж байгаа бусармаг явдлыг өөхшүүлж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөмжийн дагуу хуулийг чандлан баримталж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрмийн хүрээнд ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, “Их Эе”-ийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно.” гэсэн байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбатын Ерөнхийлөгчид өгсөн албан бичгийн хариуг бүрэн эхээр хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

2018.04.30

Албан бичгийн хариу

Монгол Улсын Ерөнхийлөгч таны миний нэр дээр ирүүлсэн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Е/06 дугаартай албан бичигтэй танилцлаа. Юуны өмнө Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд байгаа хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаад анхаарлаа хандуулж бидэнд төрийн бодлогын үнэтэй чиглэл өгсөнд гүнээ талархаж байна. Таны албан бичигт “Та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их Эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя” гэсэнтэй миний бие УИХ-ын гишүүн, Дархан аварга цолтны хувьд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

Миний бие 1986 онд Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн удирдлагаар бөхийн чөлөөт барилдаанаар гараагаа эхэлж үндэсний бөхөөр хичээллэж 1990 оноос Улсын баяр наадамд үндэсний бөхөөр зодоглож бөхийн ертөнцөд хөл тавьсан билээ. Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний бөхийн Дархан аварга цолонд хүртлээ зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж ард түмэндээ монгол бөхийн гайхамшиг, ур чадварыг харуулахын төлөө чин сэтгэлийг баримтлан, шулуун шударгыг эрхэмлэн тэмцэж ялж, ялагдаж явсан жирийн нэгэн тамирчин билээ. Гэтэл үндэсний бөхийн барилдаанд даваа наймаалцах, цолны найраа хийх явдал байдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн билээ. Тэр нь залуу бөхчүүдэд ямар их дарамт учруулж, улсын алдар цолыг мөнгөний хэрэгсэл болгож үнэ цэнэгүй болгож байгаа нь ёс зүйгүй, шударга бус байдлыг даамжруулж байгааг үл тэвчиж тэмцсэн бөгөөд улмаар ид бяр мэх тэгширч байсан 35 насандаа зодог тайлахад хүрсэн билээ.

Монгол эрчүүдийн сүлд хийморь монгол бөхчүүддээ оршин байдаг. Монгол бөхийн барилдаан шударга сайхан, цэвэр өрсөлдөөн, цэнгэл баясалтай болж чадвал Монголын төр, иргэд олон түмэнд нөлөөгөө үзүүлнэ гэдэгт би бат итгэдэг хүн. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн зөрчил тэмцлийг таслан зогсоох тухай таны байр суурийг талархан хүлээн авч дэмжиж байна.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдсан зүйл байхгүй. МҮБХ-ны тэргүүнийг тойрсон маргааныг Монгол улсын гурван шатны шүүх шийдвэрлээд олон жил болж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс арван зургаан жилийн турш хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг таслан зогсоох цаг нэгэнт болсон байна.

Хуулийг гууль болгож, худлыг үнэн болгож гүтгэлэг цацаж, иргэд олон түмэн, бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулж байгаа бусармаг явдлыг өөхшүүлж болохгүй. Эрхэм Ерөнхийлөгч таны зөвлөмжийн дагуу хуулийг чандлан баримталж, “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны дүрмийн хүрээнд ойрын хугацаанд Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, “Их Эе”-ийн хуралдааныг товлон зарлаж хуралдуулахад миний бие хүчин зүтгэх болно.

ХҮНДЭТГЭСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж