Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

МАН муу авлаа

Засгийн эрхэнд гарсны дараа дараалсан мэдэгдлээрээ улсаа дампууруулах шахсан МАН-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийг гялтайлгаж гийгүүлсэнгүй.  Хэдийгээр улсын макро эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан хийгээд татварын орлого сүүлийн хоёр жил давж биелсэн нь МАН-ын сайных ердөө биш. МАН засаглаж чаддагтаа бүүр ч биш. Татварын орлого давж биелсэн нь Ардчилсан намын үед баталсан НӨАТ-ын шинэчлэлтийн үр дүн гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

Муу хүний заяа завагт гэгчээр  Ардын намынхан Ардчилсан намынхныг бодвол азтай ч гэх юм уу, 2016 оноос эхлээд дэлхийн зах зээлд зэс, нүүрсний ханш сэргэсэн. Дээр нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд  Япон, БНСУ, Энэтхэг, Хятадаас их хэмжээний мөнгө зээлсэн гээд энэ бүхэн бас эрх баригчдын мундаг бодлогодоо биш. Ардчилсан намын тарьсан ургацыг л хурааж, үрж  яваа МАН-ын  зээлсэн их мөнгө, хураасан арвин татварынх нь үр шим, өгөөж айл өрх, ард иргэд, албан байгууллагад хувь хүртээлгүйг Сант-Маралын судалгаа өгүүлж байна.

Сант-Марал сан 1995 оноос хойш олон нийтийн санаа бодлыг тандан судалгаа хийж эхэлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын шинэ тайлангаас нь харвал МАН-ын засгийн үйл ажиллагаанд иргэдийн 33 хувь нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Эдийн засгийн бодлогод нь аз жаргалтай улаанбаатарчуудын 51 хувь нь муу дүн, 19 хувь нь маш муу, 26 хувь нь дунд тавьжээ. Хөдөөгийнхний 44.3 хувь нь эдийн засагт муу үнэлгээ өгсөн бол 16.3 хувь нь маш муу гэсэн байна. Зургаан сарын өмнө топ улстөрчдийн нэгд бичигдэж байсан эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг уруудаж, дөрөвдүгээрт орсон нь МАН-ын явуулж буй бодлого, үйл ажиллагаа иргэдэд таалагдахгүй байгааг харуулсан бодит нэг үзүүлэлтт болов уу.

Мэргэжлийн засгаа Ардын засаг болгож, нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөөд МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжсэнгүй. Харин ч өрийн хязгаар хэтэрч, гаднаас олж ирсэн зээлээ юунд зарцуулах нь тодорхойгүй, эрх мэдлийн зодоондоо туйлдаж яваа МАН-ын рейтинг 11 хувьтай байна. МАН-д өнөөдөр  өлдөхийн зодоон бас олдохын зовлон нүүрлээд хоёр жил өнгөрчээ.  Намынхаа  28 дугаар Их хурлаас хойш нам жим болсон эрх баригчид эвлэлдэн нэгдэхээс нэгэнт өнгөрснийг, завсар гарсан хоёр сэтгэлийг загасны цавуугаар нааж болдоггүйг Ардын намын албан бус хоёр бүлгийн хоорондын үл ойлголцол харуулаад удаж байгаа юм. Тэднийг хувийн улс төр, бизнесийн сонирхол дээр төвлөрч, нийгэмд онц ач холбогдол өгөөгүй гэж 42 хувь нь үзсэн бол 34.5 хувь нь баячуудыг санхүүгийн болон газар өмчлөлийн бодлогоор дэмжсэн гэж дүгнэжээ.  Дундаж давхарга, эмзэг бүлгийнхний төлөө хэрэгжүүлсэн бодлогыг нь ердөө 5-8 хувь нь дэмжиж.

Хэрэвзээ маргааш сонгууль явагдвал  МАН өвдөг шороодохоор болсныг Сант-Маралын тайлан харуулж байна.  Судалгаанд оролцсон иргэдийн 41 хувь нь Ардчилсан намыг,  38 хувь нь Монгол ардын намыг дэмжихээ илэрхийлжээ.  Бүрэн эрхийн хугацааныхаа хоёр жилийг үдээд байгаа МАН-ын рейтинг нэг иймэрхүү.  Үндсэндээ өнгөрсөн 2016 оны сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөртөө дурдсан  томоохон төслөө хөдөлгөж,  татварын шинэчлэлээ хэрэгжүүлж, эдийн засаг, улс төрд реформ хийж бяртай бодлого хэрэгжүүлэхгүй бол бяртай засаг байгаад ч МАН баяртай болох нь.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж