2016 оны сонгуульд Монгол Ардын нам УИХ-ын 76 суудлаас 65-ыг авснаар хууль тогтоох дээд байгууллагад үнэмлэхүй олонхи болсон. Эдгээр 65-ын бараг тал хувь нь анх удаа парламентад сонгогдож байгаа шинэхэн гишүүд. Өнөөдрийн “76:1” булангийн зочин маань ч анх удаа парламентад сонгогдож байгаа шинэхэн гишүүн.
Хишгээгийн Нямбаатар 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь жолооч, ээж нь нягтлан мэргэжилтэй. Багадаа цэргийн хүн болно гэж боддог байсан боловч аавынхаа шийдвэрийг дагаж хуульч мэргэжил эзэмшсэн нь өнөөдрийн төр түшилцэж яваа жимд маш их хань болж байгаа гэж нэг ярилцлагадаа дурдсан нь бий. 1996-2002 онд Орхон сургууль, 2006-2008 онд Хууль сахиулахын Их сургууль, 2008-2012 онд Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Ажлын гараагаа төгссөн сургуулиасаа эхлүүлсэн. Тодруулбал, Орхон сургуульд хуулийн тэнхим байгуулагдахад төр, эрх зүйн онолын багшаар тасралтгүй долоон жил ажилласан нь түүнд маш их туршлага хуримтлуулжээ.
Хууль тогтоох дээд байгууллагын “гал тогоонд” шинээр элссэн хүмүүсийн дийлэнх нь эхний дөрвөн жилээ УИХ-тай танилцаж, нүүр хагарч өнгөрөөдөгийг бид мэднэ. Тэгвэл Х.Нямбаатар гишүүн тийм байсангүй. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж, УИХ-аар хэлэлцэгдэн батлагдаж буй хуулиудын сул болон давуу талыг чамбайхан хэлдэг нь Орхон сургуульд найман жил багшилсантай нь холбоотой гэж тайлбарлах хүн олон.
Долоон жил багшийн албанд хүчин зүтгэсний дараагаар буюу 2007-2009 оны хооронд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажилласан байдаг. Улмаар 2009-2012 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга гэх мэтчилэн төрийн албыг шат дараатай, доороос нь дээш дэвшиж хашсан байдаг. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа шинээр долоон хороо байгуулж төрийн үйлчилгээг, иргэдэд дарамтгүй, шуурхай хүргэдэг болгосон нь 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтын дэвсгэр байлаа. Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэхгүй байх шийдвэр гаргасныг олон эцэг эх, багш нар алга ташин хүлээж авсан. Энэ мэт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байхдаа иргэддээ ойр, иргэнээ бодсон шийдвэр гаргадаг байсан нь түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд байх ёстой хүмүүсийн тоонд багтаасан хэрэг.
УИХ-д анх удаа сонгогдож байгаа залуу гишүүд гишгэгдлээ тааруулах гэж дөрвөн жилийн талыг нь өнгөрөөдөг бол Х.Нямбаатар тэгсэнгүй. Үүнд хуульч мэргэжил нь нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Төрийн гурван өндөрлөгөөсөө авахуулаад, төрд олон жил алба хашсан хашир бурхинууд ч хэлж, ярьж, дэлгэж зүрхлээгүй булингартай шүүхийн будилааныг ил болгон гаргаж тавьснаараа массын дэмжлэг авсан бол улстөрийн хүрээнд гадуурхагдах хандлага ажиглагдаж буй. Үүгээр ч зогсохгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандан ил захидал хүртэл илгээж байв. Х.Нямбаатар гишүүн захидлынхаа төгсгөлд “Монгол Улсад таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!” хэмээн “зандарсан” удаатай.
Б.БАТ
Холбоотой мэдээ