Таамаг: Зэсийн үнэ 6825 ам. доллартай тэнцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Таамаг: Зэсийн үнэ 6825 ам. доллартай тэнцэнэ

Таамаг: Зэсийн үнэ 6825 ам. доллартай тэнцэнэ

Олон улсад хурцдаад буй худалдааны дайн болоод зэсийн томоохон хэрэглэгч улс үндэстнүүдийн эрэлт хэрэгцээ буурсан зэрэг шалтгаануудын улмаас 2018 оны нэгдүгээр улиралд зэсийн үнэ олон улсын зах зээлд 6%-ийн уналт үзүүлжээ. Хэдий тийм ч, шинжээчдийн таамаг харьцангуй өөдрөг хүлээлтийг үүсгэж байгаа нь сайшаалтай.

Энэ оны нэгдүгээр сард нэг тонн нь 7202 ам. доллартай тэнцэж байсан зэсийн үнэ унаснаар гуравдугаар сарын төгсгөл үе гэхэд 6499 ам. доллар болсон юм. Энэхүү бууралтад Хятад улсын эрэлт буурсан, ам. долларын ханшийн өөрчлөлт түлхүү нөлөө үзүүлснийг ажиглагчид онцолж байна.

Тиймээс дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч орон болох Хятадын зэсийн эрэлт цаашид энэ хэвээрээ байх уу? гэдэг хамгийн анхаарал татсан асуулт дэлхий нийтийн өмнө тавигдаж байна.

Focus Economics байгууллагын тооцоолсноор Хятадын худалдан авалтын индексийн сүүлийн нэг жилийн хамгийн доод үзүүлэлт энэ хоёрдугаар сард тохиосныг онцолж байна. Үүссэн нөхцөл байдал Хятад руу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлдэг Азийн орнуудыг сандаргасан гэж хэлж болох юм. Тэдгээрийн дунд Монгол улс ч багтана.

GFMS Thomson Reuters-ийн суурь металлийн шинжээч хатагтай Карен Нортоний үзэж буйгаар: “Бидний тооцоолсноор Хятад дахь зэсийн эрэлт 2018 оны хоёрдугаар улиралд үл хөдлөхийн салбрын сааралтаас үүдэн бага зэргийн бууралт үзүүлэх магадлал байгаа хэдий ч нийт дүнгээр нь хараад үзвэл цаашид зэсийн эрэлттэй холбоотой эмээлт үүсэхгүй гэж харж байгаа. Учир нь бусад олон салбарт зэсийн хэрэглээ өнгөрсөн онытой харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа” хэмээн хэлжээ.

Дэлхийн зэсийн хэрэглээгээрээ хоёрт орж буй Америкийн Нэгдсэн Улсын хувьд гэхэд нийлүүлэлтээ Бразил Энэтхэг зэрэг улсуудаас татан авах байдал улам илүү эрчимжсэн байна. Үүний дүнд сүүлийн 5 жилийн туршид уналт үзүүлэд байсан Бразилийн эдийн засагт шархаа нөхөх боломж гарч ирж байгааг ч тэрээр мөн дурджээ. 

Зэсийн үнийн цаашдын хандлага ямар байх вэ?

Баруунд илүүтэй өрнөж буй геополитикийн асуудлууд, тэр дундаа Оросын Холбооны Улс болон АНУ-ын хурцадмал байдлаас үүдэн зэсийн дэлхийн зах зээл дэх үнэд савлагаа үүсэх нь ихэссэн.

Түүнчлэн ам. долларын ханшийн хэлбэлзэл болон АНУ-ын улс төрийн байдал, Хятадын зээл, Ази тив дэх санхүүгийн салбарт гарч буй хувьслууд зэрэг нь зэсийн үнэд өөрчлөлт авчрагч хүчин зүйлсээр нэрлэгдэж байна. Эдгээр хүчин зүйлүүдээс хамааран энэ оны үлдсэн улирлуудад зэсийн үнэ ямар байх талаар FocusEconomics-ийн шинжээч хэлэхдээ:

-Дэд бүтэц болон цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл , сэргэээгдэх эрчим хүчний салбруудад зэсийн эрэлт эерэг үр дүн авчирч байгаагаас шалтгаалж үнийн хувьд ч дагаад өсөх өөдрөг хүлээлттэй байгааг дуулгажээ.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар дараах нийтлэг хүлээлт үүсэж байгааг тодруулвал “2018 оны хоёрдугаар улиралд зэсийн үнэ ойролцоогоор 6825 ам. доллартай тэнцэнэ” гэсэн таамаг юм. Урьдчилсан таамгуудаас зэсийн үнийг хамгийн өндөр буюу 7415 ам. доллар байхаар тооцоолсон нь  Pezco байсан бол E2 Economia хамгийн доогуур үзүүлэлтийг амлаж 5836 ам. доллартай тэнцэнэ хэмээн тооцжээ.

Дэлхийн банкнаас зэсийн үнийг 2030 он хүртэл урьдчилан тооцоолсон таамгийн дагуу 2018 онд нэг тонн зэсийн үнэ 6118 ам. доллартай тэнцэж байх зураглал бий. Харин дөрөвдүгээр сарын 26-ний байдлаар нэг тонн зэс 6885 ам. доллартай тэнцэж байгааг дурдах нь зүйтэй.

Сонирхолтой байх үүднээс сүүлийн 10 жилд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ нэг ямар замыг туулж, хэрхэн өөрчлөгдөж байсныг доор зургаар харуулав.

                                                                                                                                                                Г.Сүмбээ

                                                                                                                Эх суралж: investingNews, InfoMine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж