“УБТЗ” ХНН топ 100 аж ахуйн нэгжээс 14-р байрт жагслаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН топ 100 аж ахуйн нэгжээс 14-р байрт жагслаа

“УБТЗ” ХНН топ 100 аж ахуйн нэгжээс 14-р байрт жагслаа

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаа шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шалгарлаа.  Монгол Улсын эдийн засаг өсөхийн хирээр аж ахуйн нэгжүүдийн улс орны хөгжилд оруулах бодит хувь нэмэр өсч, зах зээлийн өрсөлдөөн ширүүсч  байгаа энэ үед шилдэг 100 аж ахуйн нэгжийн тоонд багтаж орно гэдэг бол нэр төрийн хэрэг юм. Тэр тусмаа шилдэг 100 аж ахуйн нэгжүүд дотроос эхний 14-т багтана гэдэг бол Монгол улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаа “УБТЗ” ХНН-ийн хувьд бахдам амжилт юм. “УБТЗ” ХНН нь өнгөрсөн онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэндээ байгаагүй амжилт гаргасан бөгөөд энэ жил 25 сая тонн ачаа тээвэрлэх өндөр зорилттой ажиллаж байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар  “УБТЗ” ХНН  6 сая 173 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс  697,0 мянган тонн импортын ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 72,2 хувиар өссөн байна.  Мөн 2 сая 242 мянган тонн экспортын ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 45 хувиар өсчээ.

“УБТЗ” ХНН нь Ази- Европыг холбосон хамгийн дөт замаар ачаа тээвэрлэдэг давуу байдлаа ашиглаж чадсаны үр дүнд  Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өнгөрсөн оноос эхлэн огцом тасралтгүй өсч байгаа юм.  УБТЗ-аар тээвэрлэсэн дамжин өнгөрөх ачааны хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 789,3 мянган тонн болсон нь өнгөрсөн оныхоос 45,2 хувиар илүү өссөн байна. Энэ нь БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд ачааны хэмжээ 73,2 хувь, ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 36,9 хувь тус тус өссөн гэсэн үг. Өнгөрсөн оны эхний улиралд манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо 62 байсан бол энэ оны эхний 3 сарын байдлаар 228-д хүрсэн нь томоохон ололт юм. Энэ онд транзит чингэлгийн галт тэрэгний тоог ноднингоос 2 дахин өсгөж 1000-д хүргэхээр “УБТЗ” ХНН шамдан ажиллаж байна.

Замын ажлын үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох ачилтын хэмжээ 4 сая 686,6 мянган тонн-д хүрсэн нь өмнөх оноос 23,3 хувь илүү байна.

Хойт, өмнөд хилээр ачаатай хүлээн авсан вагоны тоо хоногт 408 вагон хүрсэн нь  өнгөрсөн онтой харьцуулахад 161 вагоноор илүү байна. Мөн хоёр хөршийн холбогдох албаныханд ачаатай хүлээлгэн өгсөн вагоны тоо хоногт 631 вагон байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс  50,7 хувиар өсчээ.

“УБТЗ” ХНН-ийн тээврийн үзүүлэлтүүд ийнхүү бүхэлдээ өссөн байгаа нь энэ жил тус нийгэмлэг өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, манай улсын эдийн засгийн өсөлт улам нэмэгдэх сайхан төлөвийг харуулж байна.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж