Их Британийн Дотоод хэргийн сайд огцрох хүсэлтээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Их Британийн Дотоод хэргийн сайд огцрох хүсэлтээ өгчээ

Их Британийн Дотоод хэргийн сайд огцрох хүсэлтээ өгчээ

Их Британийн Дотоод хэргийн сайд Амбер Радд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Тереза Мэйд илгээжээ. Радд цагаачдын асуудлаар парламентын гишүүдийг төөрөгдөлд оруулснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ тэр анхнаасаа ийм зорилго тээгээгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрбээр "Би санамсаргүйгээр хууль бус цагаачдыг хөөхтэй холбоотой мэдээллээр дотоод хэргийн хороог төөрөгдүүлсэн байна. Иймээс би огцрох шаардлагатай гэж үзлээ. Би үүнийг хийх хэрэгтэй" гэжээ. Харин Ерөнхий сайд Тереза Мэй Раддын тайлбарыг ойлгож буйгаа илэрхийлж, кабинетынхаа сайдаас ийм хүсэлт хүлээн авна гэж бодсонгүй, маш их харамсч байна гэв. 

Өмнө нь, Радд Их Британид шатсан ‘Windrush’ усан онгоцны дуулиантай холбоотойгоор албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан удаатай. ‘Windrush’ усан онгоцны дуулиан Дэлхийн хоёрдугаар дайны дараа ажиллах хүчний дутагдалд орсон Их Британи Африк болон Карибын арлуудаас гаралтай иргэдийг ажиллах хүчнээр татаж байсан. Тухайн үед  буюу 1948 оны зургаадугаар сарын 22-нд ‘Windrush’ хөлөг онгоцонд 492 цагаачид Их Британийг зорьсон түүхтэй. Мөн 1940-өөд оны сүүлээс 1970 оны хооронд ирсэн цагаачдын хамаатнуудыг Лондонд хууль бус цагаачид хэмээн үздэг байв. Тэдгээр иргэдэд албадан гаргах тухай анхааруулга өгч, зарим нь ажлаасаа халагдаж, эмнэлгийн үйлчилгээ авах эрхээ хасуулж, хэсэг бүлэг нь тус улсыг орхин гарсан байдаг.  

ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛ ДАХЬ ШУДАРГА УЛСТӨР

Радд албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Тереза Мэйд хүргүүлэхээсээ өмнө твиттер хуудсаараа дамжуулан ард түмнээсээ уучлалт гуйжээ. Тэрбээр "Албадан гаргасан цагаачдын бодит тоон үзүүлэлтийг мэдээгүй байсан. Би энэ талаар мэдэх ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний ажлын байр хэвлэл мэдээллийн байгууллагын хажууханд байдаг хэр нь би хэвлэлээр гарч буй баримтыг олж хараагүй. Дотоод хэргийн сайдын хувьд цагаачлалын асуудал дээр бидний баримталж буй бодлого шударга, хүнлэг байх ёстой" гэж мэдэгджээ. Үүний дараа буюу өнөөдөр /2018.04.30/ Их Британийн парламентын гишүүдэд цагаачлалын асуудлаар мэдэгдэл хийх юм. 

Радд болон Мэй нар үүсээд буй нөхцөлд хэд хэдэн удаа уучлалт хүссэн. Тэд хүнд суртлын асуудлаас болж хохирсон иргэдэд иргэншил болон нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч үүсээд буй нөхцөл байдал, дуулианыг намжааж чадахгүй бололтой. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж