2002 оны “Их Эе” дөрөв хоног хуралдсан ч маргаантай дуусчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

2002 оны “Их Эе” дөрөв хоног хуралдсан ч маргаантай дуусчээ

2002 оны “Их Эе” дөрөв хоног хуралдсан ч маргаантай дуусчээ

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан үргэлжилсээр байна. Үндэсний бөхийн холбооны дүрмээр аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе” зарлан хуралдуулах дүрэмтэй аж. Тиймээс тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхээр “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүдийн хурал өнгөрөгч долоо

 

хоногт болсон. Хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл болсон бөхчүүд оролцлоо. Хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Мөн 16 жилийн өмнөх Цэцдийн зөвлөлөөр сонгогдсон гишүүдийн 2/3-ыг цуглуулж, тавдугаар сарын 3-ны өдөр хуралдуулахаар болсон байна. Гэхдээ 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар авахаар болжээ.

Бөхийн холбооны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа ээлжит “Их Эе”-ийг зохион байгуулдаг. Харин Бөхийн өргөө болон холбооны маргаан 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон хурлаас эхэлжээ. Тухайн үед хуучнаар Энхтайван найрамдлын ордонд дөрөвдүгээр “Их Эе” хурлыг хийж, дөрвөн өдөр үргэлжлэхдээ дүрмийнхээ дагуу явагдсан гэж үзсэн байна. Тус хурлаас Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг сонгосон бол тэргүүнийг сонгох сонгуульд Р.Нямдорж, Ж.Сүхбаатар нар өрсөлджээ. Тэргүүний сонгуульд Р.Нямдорж Ж.Сүхбаатараас найман хүний саналаар илүү (90-82) санал авсан ч тухайн үед дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд эсэргүүцэж хурлыг орхин гарч байжээ. Мөн хурлын тооллогын комиссын тогтоолыг Ж.Ганболд заан авч явснаар маргаан дэгдсэн гэдэг. Энэ үеэс бөхчүүд хоёр хуваагдаж, шүүхээр өнөөг хүртэл явсаар байна.

Шүүхээс 2002 онд дөрвөн өдөр хуралдсан “Их Эе” хурлыг дүрмийн дагуу болж, тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Олон шат дамжсан шүүх хуралд тухайн хурлын бичлэг, тэмдэглэлийг үзүүлж аль аль талд шүүхийн дүгнэлт гарч байсан байна. Тэгвэл холбооны маргаан улам даамжирч, Ерөнхийлөгчийн зүгээс маргааныг яаралтай шийдвэрлэх үүрэг өгөөд байгаа. Тиймээс “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл хуралдаж, 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар ‘Их Эе’ хурлаас шинээр 67 гишүүнийг сонгосон билээ.  

2002 оны дөрөвдүгээр ‘Их Эе’ хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүн хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж