Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодров

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодров

Бодибилдингийн тивийн аваргууд Улаанбаатарт тодров

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд боллоо. 52 дахь удаагийн уг тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Иран, Ирак, Макао зэрэг тивийн 40 гаруй орны 400 тамирчин өрсөлдлөө. Улаанбаатар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй Азийн бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль давхацсан нь тэмцээнд оролцогч орнуудын тоог нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Тэмцээн IFBB дэлхийн түвшин болон IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох сорилтийг хийснээс гадна тамирчид хувийн чансаагаа ахиулах боломжтой байсанд оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгчээ.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй 49 ангилалд тивийн аваргууд тодорсон бөгөөд багийн дүнгээр БНХАУ-ын баг тамирчид тэргүүллээ. Харин “Азийн мистер 2018” цомын эзнээр Ираны тамирчин шалгарсан. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс долоо хоногийн өмнө бодибилдинг, фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэхүү тэмцээнд эхний байруудад орсон тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Манай баг тамирчдаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл  медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Тэмцээний өдрүүдэд Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгресс хуралдаж алдаа, оноогоо хэлэлцэн, тэргүүнийхээ сонгуулийг явуулсан. Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир дээрх сонгуульд ялалт байгуулж, тивийн холбооны тэргүүнээр сонгогдсон. Ийнхүү монгол хүн Ази тивийн спортын холбоог удирдахаар сонгогдсон нь Монголын бодибилдинг, фитнессийн спорт тив, дэлхийн хэмжээнд хүрч хөгжсөний илэрхийлэл болсныг энэ удаагийн тэмцээнээр харуулж чадлаа.

Манай улсын хувьд 2008 оны тавдугаар сард бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ‘Корпорейт конвеншн центр’-т зохион байгуулж туршлагатай болсноо харуулсныг олон улсын тамирчид болон шүүгчид өндрөөр үнэлжээ. Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсаныг зохион байгуулагчид онцолж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж