Б.Жаргалсайхан: Намаас хэдэн ч удаа орж гарсан яах вэ дээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Намаас хэдэн ч удаа орж гарсан яах вэ дээ

Б.Жаргалсайхан: Намаас хэдэн ч удаа орж гарсан яах вэ дээ

Бүгд найрамдах намын онц их хурал тавдугаар сарын 4,5-нд болох гэнэ. Энэ талаар өнөөдөр /2018.4.30/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын дарга Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


-Саяхан та АН-д гишүүнээр элсч байсан. Яагаад Бүгд найрамдах намдаа орох болов?

-Би хэзээ ч АН-ын гишүүн байгаагүй. Черчил гуай намаасаа 10 удаа орж, гарсан байдаг юм билээ. Би тэр намд хэд орж гарсан ч яах вэ дээ. Би эх орноосоо урваагүй шүү дээ.

-Таны бизнес хэр амжилттай явна вэ. Марубений зээлтэй холбоотойгоор Япончууд танд итгэхээ больсон гэх юм?

-Миний бизнес дажгүй, сайн яваа. Япончуудтай хамтран ажилладаг хэвээр байна. “Буян” компанид хулхидуулчихлаа, дээрэмдүүлчихлээ гээд ямар нэгэн Япон уйлаад явахгүй л байгаа биз дээ.  

-УИХ-ын 2020 оны сонгуульд та нэр дэвших үү. Та өмнө нь дөрвөн жил УИХ-д сууж байсан. Тэр үед юу хийсэн бэ. Магадгүй 2020 оны сонгуульд ялбал ямар ажил хийх вэ?

-2020 онд нэр дэвших эсэхэд намын нөхөд юу гэж хэлдэг юм бол, ард иргэд юу гэж хэлэх юм бол. Та боль доо, гэртээ байж бай л даа гэж магадгүй. Сонгуульд нэр дэвшинэ гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Намын дотоод сахилга бат, хариуцлагыг цэгцлэх ёстой юм билээ. 

-Бүгд найрамдах намын онц их хурал болох гэж байна. Хурлаар юу хэлэлцэх вэ?

-Улс оронд юу болж байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа. Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна. Хэдэн оны хэдэн сард, яаж энэ мөнгийг авсныг ил болгох ёстой. Өнгөрсөн 27 жилийн нийгэм, эдийн засгийн байдлаа бүгдээрээ нэг дүгнэж, цэгнэх цаг нь болсон. Муугаа ил гаргаж, хэрхэн сайжруулах талаар ярьж байж улс орон хөгждөг юм билээ. Бидний амьдралд дээр дооргүй хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Дарга нар хариуцлагагүй, шударга бус гэж их ярьж байна. Гэтэл иргэд бид өөрсдөө ямар байгаа билээ. Тэгэхээр бид одоо дээр дооргүй байгаа энэхүү шударга ёсны төлөө дүгнэж цэгнэж, ярих цаг нь болсон. Олон нийтийн хяналтын дор төр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Нийгэмд үгүйлэгдэж буй үнэн, худлын заагийг тогтоож, ярих болсон. Бидний зохион байгуулах гэж буй энэхүү ажилд та бүгдийг цаг заваа зориулан, идэвхтэй оролцохыг уриалж байна. Одоо ер нь хулгайч, дээрэмчдээсээ салах цаг нь болсон. Тэгэхгүй бол бид амар заяагаа үзэхгүй юм байна лээ. Нэг хүн хагартлаа баяжаад, бусад нь ядуурдаг ийм тогтолцоог халах хэрэгтэй.

-Танай нам Үндсэн хуулийг өөрчлөх үү?

-Үндсэн хуулийг өөрчлөхгүй ээ. Бас дахиад баахан хоолны савнууд суучхаад биднийг баллана. Иргэддээ улс төрийн мэдлэг, боловсрол олго л доо. Сонгуульд оролцох гэж буй хүмүүс 14 хоног фотошопоор зургаа засуулж тавихаа болих хэрэгтэй.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж