С.Баярт давхар эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

С.Баярт давхар эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардлаа

С.Баярт давхар эрүүгийн хэрэг үүсгэхийг  шаардлаа

  

 “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ  долдугаар сарын 1-ний өдрийн асуудлаар С.Баярт хэрэг үүсгэх талаар өнөөдөр /2018.04.30/ мэдээлэл хийлээ.  Тус хуралд долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчид  болон ар гэрийнх нь хүмүүс мөн ирсэн юм.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн  Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үй­мээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үй­мээний улмаас таван хүний амь нас эрсэдсэн. Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр  онц бай­дал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэд  рүүгээ галт сумаар буудсан. Тухайн үед бүх телевизүүдийг хааж  нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй  залуучуудыг хоморголон баривчилж албаар  байраа шатаагаад хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан МАХН  буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгагдаж байгаа С.Баяр эрүүл мэндийн  шалтгааны улмаас ялаас мултрах гэсэн  оролдлогуудыг  хийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдөр таван хүний амь нас, эрүүл мэнд болон  амь насаараа  хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв.

     ‘Одоо бол надад сонгууль хамаатай

Хохирогч Ж.Батзаяа  “Одоогоос арван жилийн өмнө би 16 настай байсан. Тухайн өдөр байлдааны суманд баруун хөлийнхөө дунд чөмгөнд буудуулж гэмтсэн. Эхний хоёр жил эмнэлгийн орноос босоогүй, дөрвөн жилийг суга таягтай өнгөрөөсөн.  Уг нь би Улаан-Үдийн урлагийн их сургуулиас урилгатай байсан. Би тэр урилгаа зарсан. Миний ганц мөрөөдөл тайзан дээр  ганц удаа гарж үзэх юмсан л гэж боддог. Хэрэв би гэмтээгүй шархдаагүй байсан бол нэг театрын дуучин болох байсан байх. Гэхдээ би  хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Энэ хугацаанд би жижиг, том 40 гаруй хагалгаанд орсон. 2008 онд Солонгос улсад эмчлүүлж 17 удаа  хагалгаанд  орсон. Гэр бүл хамаатан садан маань миний хагалгаанд  75 сая гаруй төгрөг зарцуулсан. Улсаас арван сая төгрөг өгсөн. Одоо хөлийн төмрөө авхуулж өвдөгний  мэс засалд ороход 45 сая төгрөг шаардлагатай байгаа. Миний орлого  нийгмийн халамжаас авч байгаа 155 мянган төгрөг л байна. Намайг тэр өдөр  хэн  буудсан бэ, цагдаа буудсан. Буудуулчхаад хэвтэж байхад тэр цагдаа ирж байсан. “Ахаа авраач ээ туслаач” гэхэд намайг дэвсч байсан. Тэр үедээ намайг нэг мөсөн гүйцээчихгүй яасан  юм. Яах гэж намайг насаар минь тамлаж байгаа юм. Одоо миний хөл байнга өвддөг.  Хөлөө янзлуулъя  гэвэл авхуулаад өөр хөл хийлгэ гэсэн. Өвдөг нугарахгүй, өвдөгнөөс доош мэдээгүй хөл, хөл мөн  үү. Хамгийн эцсийн шатны шүүх  хурал дээр цагдаагийн дарга нар оролцож байсан. Тэд нарын хамгийн дээд тал нь зургаан жилийн  ял авч байсан. Тэгвэл би насаараа эрүүл мэндийн ялд уначхаад байна. Би 16 настай байхдаа сонгууль яаж өгдгийг ч мэддэггүй байсан. Одоо бол надад сонгууль хамаатай. Эрх баригч нарт хандаад  “Намайг энэ өвчнөөс салгаад хиймэл хөл хийлгээд өгөөч  гэж гуйж байна”

Ард түмнийг  зориуд турхирсан

Нүдээ үрлэн суманд  сохлуулсан   52 настай хохирогч Ц.Сүхбаатар “Үймээн дунд миний нүд оногдсон. Төмөр үрлэн сум байсан.  Хамгийн гол нь  эргээд харахад  долдугаар сарын 1 хэрэг цаанаасаа зохион байгуулалтай зүйл болсон байгаа юм. Ард түмнийг  зориуд турхирсан. Энэ үйл явдлаас болж ард түмэн, цагдаа нар л хохирсон. Хэн хожсон юм. Хэдэн эрх баригч нар л хожсон. 2008 оны сонгуулиар заавал   ямар нэгэн аргаар ялах ёстой гэсэн үүргийг МАН-д өгсөн юм байна гэж бодсон. Улсаас  арван сая төгрөг өгсөн. Би долоон удаа хагалгаанд орсон  боловч сум нүднээс гараагүй. Нөгөө нүдэндээ бага багаар нөлөөлж байгаа. Гадаадад дахин  хагалгаанд ороход 45 сая төгрөг  шаардлагатай. Бидэнд тусламж хэрэгтэй байна”

Бид нарын зүрх сэтгэл арван жил өвдөж байна

Нөхрөө алдсан хохирогч А.Оюунбилэг “Бид нар арван жилийн турш энэ хэрэгтэй зууралдаж явж байна. Хэдэн давхар хавтаст хэрэг байна. Иргэдээ бууддаг,  зоддог, бөөнөөр нь хоморголон шоронд хийдэг. Энэ үйл явдлыг  С.Баярын хийсэн. Долдугаар сарын 1-ний өдрийн аймшигт зүйлийг хийснийхээ хариуд оффшорт  хөрөнгөө хийчхээд,   шоронд  орохоор өвчтэй зовлонтой болчихдог. Ард иргэд нь өвддөггүй юм уу. Бид нарын зүрх сэтгэл арван жил өвдөж байна. Миний хүүхдүүд аавгүй арван жилийг үдлээ. Ач зээгээ үзэх насны нөхөр маань шороонд булуулчхаад байна. Би амьдралыг арван жил нуруундаа үүрч явлаа. Энэ хэний буруу юм. Төр яагаад өөрсдийнхөө бурууг ард түмэнд үүрүүлж байгаа юм” гэв.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж