Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Х.Өлзий-Оршихоос цалингийн нэмэгдлийн талаар тодрууллаа.
-Эмч, сувилагчдын цалинг нэмэх судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ хамтран багагүй хугацаанд хийлээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачааллын дүн, ур чадварт суурилсан тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтыг улсын хэмжээнд хөдөлмөрийн цалин хөлсний бодлогыг хариуцдаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ахлан, ЭМЯ хамтарч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг зохион байгуулсан.
Үүний дүнд сувилагч нарын болон нийт эрүүл мэндийн ажилтны албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэгдсэн. Ангилал зэрэглэлтэй холбоотойгоор цалин хөлс тогтоогддог. Шинэчлэгдсэн үнэлгээний үр дүнг аваад үзэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан ангилал зэрэглэлээр бүх сувилагч ижилхэн ТҮЭМ-II гэсэн ангиллаар цалинжаад явдаг. Харин шинэчилж байгаа цалин хөлсний сүлжээгээр бүх сувилагч зэрэглэл ахиж байгаа, дээд тал нь таван зэрэглэл ахиж, ТҮЭМ-VII гэсэн зэрэглэлд очиж байна.
-Цалинг нэмэхэд өөр юу шаардлагатай байгаа вэ?
-Энэ удаа бүх сувилагчийн ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэл өсч байгааг хариуцлагатайгаар хэлье. Тиймээс бүх сувилагч нарын цалин хөлс нэмэгдэнэ. Мөн энэ үнэлгээг хийснээр эрүүл мэндийн салбарын бүх эмч, ажиллагсдын цалин хөлс 7-49 хувь нэмэгдэхээр байгаа. Нийт 62.1 тэрбум төгрөг жилдээ шаардлагатай болно. Үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин