Их хотын завгүй хэмнэл бэлэн хүнсний зах зээлийг тэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Их хотын завгүй хэмнэл бэлэн хүнсний зах зээлийг тэлж байна

Их хотын завгүй хэмнэл бэлэн хүнсний зах зээлийг тэлж байна

2017 онд залуучуудын гадуур хооллолт 43.5 хувьд хүрчээ

Сүүлийн жилүүдэд нарийн боов, хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тэлэх, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх үүднээс сэндвич, бургер зэрэг бэлэн хүнсний зах зээлд ихээр нэвтрэх болсон. Forbes сэтгүүлийн судалгаагаар Millennials буюу мянганыхан (1980 оны эхэн үеэс 1990 оны дунд үед төрөгсөд) ажлын бус цагаар гадуур хооллох эсвэл аль болох хурдан хугацаанд идэж болох түргэн хоол ихээр худалдан авдаг нь тогтоогдсон. 1970-аад оны үед залуучуудын гадуур хооллолт 25.9 хувь байсан бол 2017 онд 43.5 хувь болсон байв. Үүнд зөвхөн мянганыхан бус маш олон хүчин зүйл нөлөөлсөн нь мэдээж.

Гэхдээ шинэ үеийн залуусыг мянганыхан гэж тодотгох болсон гол шалтгаан нь өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн юм. Хурдацтай өөрчлөгдөж буй технологи өрсөлдөөнийг шинэ түвшинд аваачиж, энэхүү цаг үед ажлын гараагаа эхэлсэн залуус улам завгүй байх болсон. Үүнээс үүдэн залуус гэртээ хоол хийхээс илүү бага зэрэг зардал гарган гадуур хооллох, бэлэн хүнс худалдан авах сонирхолтой болжээ. Үйл ажиллагаагаа эхлээд 20 гаруй жил болж буй МонБейкери компанийн мэдээлж буйгаар бэлэн хүнс худалдан авагчдын дийлэнх нь 20-35 насныхан бөгөөд гэр бүлээрээ хооллох нь түгээмэл. Үнийн хувьд дэлгүүрээр худалдаалдаг бэлэн хүнс дунджаар 2500-5000 төгрөг. АНУ-ын NPD группийн хүнсний зах зээлийн ахлах шинжээч Харри Балзер USA Today сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бусдын адилаар мянганыхан хямгач байдаг. Бид хүнсийг адал явдал эрэлхийлж бус, амин дэмээ нөхөх гэж л хэрэглэдэг” хэмээн хэлсэн нь хямд үнэтэй, чанартай бэлэн хүнсний эрэлт өдрөөс өдөрт нэмэгдэж буйг тайлбарлах мэт.

Бэлэн хүнс худалдан авагчдын дийлэнх нь 20-35 насныхан

Хэдийгээр мянганы залуус гадуур хооллох сонирхол ихтэй ч судалгаанаас харахад бусад аль ч үетэй харьцуулахад эрүүл хооллолтыг эрэлхийлдэг байна. Энэ талаар NDP группийн рестораны зах зээлийн шинжээч Бонни Риггс “Үнэ дангаараа тийм ч чухал биш. Хүнсний чанар, шинэлэг байдал, үнэ гурвын хоорондын хамаарал хамгийн чухал. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шинэ, чанартай, амт сайтай, хямд үнэтэй байх ёстой гэсэн үг. Амт тааруу бол нэг доллараар ч худалдан авахгүй” хэмээн тайлбарласан байдаг. Тиймээс бэлэн хүнсний зах зээл хөгжихөд тулгамдаж буй асуудлын нэг нь төвлөрсөн түгээлт болоод буй. Учир нь үнэд шингэсэн түгээлтийн зардал иргэдийн худалдан авах чадалд нийцүүлэхийн тулд амт, чанарыг сулруулахад хүргэх боломжтой. Тэгвэл энэ жишгийг “convience store” буюу “дөхөм дэлгүүр” шийдэж болох юм. Гаднын орны жишгээс харахад дөхөм дэлгүүр бэлэн хүнсний борлуулалтаараа хүнсний дэлгүүр, түргэн хоолны газрыг зах зээлээс шахан гаргаж эхэллээ. Хэрэглэгчийн худалдан авалтад түлхүү анхаарал хандуулдаг дөхөм дэлгүүр худалдан авагчдад цөөн сонголт санал болгож, харин цаг хэмнэхэд тусалдаг нь бэлэн хүнсний борлуулалтад ихээхэн нөлөөлдөг аж.

Учир нь залуус түргэн хоолны газар дугаарлан зогсохоос илүү түргэн худалдан авалт хийх сонирхолтой нь ажиглагдаад байна. Дашрамд өгүүлэхэд, “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ- 2020” нийслэлийн дэд хөтөлбөр өнгөрсөн пүрэв гарагт батлагдсан. Уг журмын хүрээнд худалдаа үйлчилгээний салбарын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулах аж. Энэ нь бэлэн хүнсний зах зээлд маш том үүд хаалга нээж магадгүй. Уг хөтөлбөрөөр дамжуулан бэлэн хүнс үйлдвэрлэгчид нэгж бүтээгдэхүүнд шингэсэн зардлаа багасгаж чадвал цаашид үүсэх өрсөлдөөнөөс бүтээгдэхүүний чанар нь сайжирч, эрэлт нь тогтмол зах зээлээр борлуулалтаа өсгөх боломжтой юм. Харин төвлөрсөн түгээлтийн хувьд Монголын зах зээлд дөхөм дэлгүүрийн сүлжээ саяхнаас орж ирээд байгаа. Үүний анхдагч болж Circle K сүлжээ Улаанбаатарт хоёр салбар нээсэн ба дахин дөрвөн салбар байгуулахаар төлөвлөжээ.

Харин Premium Group-ийн Central Express сүлжээ энэ сарын дундуур Өмнөд Солонгосын хамгийн том сүлжээ болох CU дөхөм дэлгүүрийг Монголд оруулж ирэхээр санамж бичигт гарын үсэг зурсан аж. Өрсөлдөөн үүгээр зогсохгүй бөгөөд Lemon 27 сүлжээ дөхөм дэлгүүрийг эмийн сантай хослуулсан үйлчилгээ хүргэж эхлээд байгаа билээ. Монголд шинэ давалгаа болж хүчээ авч буй бизнесийн хэв маяг болох дөхөм дэлгүүрийн талаар сонирхолтой мэдээллийг манай сонин тун удахгүй танд хүргэх болно.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж