Монголын даамчид тивийн АШТ-д өндөр амжилт үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Монголын даамчид тивийн АШТ-д өндөр амжилт үзүүлэв

Монголын даамчид тивийн АШТ-д өндөр амжилт үзүүлэв

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж манай даамчид өндөр амжилтыг үзүүллээ. Тивийн аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн зургаан насны ангилалд болсон бөгөөд манай даамчид 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртжээ. Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Киргизстан, Узбекстан, Туркменстан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан юм. Манай улсаас нийт 67 тамирчин оролцсон бөгөөд багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт шалгарсан байна. 
Тэмцээний төрөл тус бүрээр ангилж үзвэл, үндсэн төрөлд 17 медаль /4 алт + 6 мөнгө + 7 хүрэл/, рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль /6 алт + 6 мөнгө + 4 хүрэл/, блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль /3 алт + 7 мөнгө + 5 хүрэл/ авчээ. Манай даамчдаас 28 тамирчин медаль хүртсэн бөгөөд Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноос медаль авчээ.

Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэллээ. Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангасан байна. Эдгээр тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авчээ.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж