Оюутан цэргийн тоог ирэх жил 500-аар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Оюутан цэргийн тоог ирэх жил 500-аар нэмэгдүүлнэ

Оюутан цэргийн тоог ирэх жил 500-аар нэмэгдүүлнэ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  нар  МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцаж, оюутан залуусын санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.  Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр онолын хичээлд сууж байна. Бямба, ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтанд нь саад болохгүйгээр дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-н хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа аж.

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулагдах болно.

Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах ажээ. Их дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн албаа хаах боломжийг илүү олон залууст олгохыг оюутнууд салбарын сайд нараас хүсч байсан юм. Батлан хамгаалах яамнаас жил бүр оюутан цэргийн тоог нэмж байгаа. Ирэх жил мөн 500-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй гэдгийг хөтөлбөр хариуцсан  албаныхан хэлсэн.

Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 4500 гаруй оюутан залуучууд тус хөтөлбөрт хамрагджээ. Энэ жил Улаанбаатар хотын 6 их дээд сургуулиас гадна Ховд, Дорнод, Эрдэнэт аймгууд дээр хөтөлбөр хэрэгжиж байна. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж