Хэмилтон улирлын анхны түрүүгээ хүртлээ | News.MN

Хэмилтон улирлын анхны түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Хэмилтон улирлын анхны түрүүгээ хүртлээ

Хэмилтон улирлын анхны түрүүгээ хүртлээ

Өнгөрсөн амралтын өдөр формула-1 авто уралдааны энэ оны дөрөв дэх гараа Каспийн тэнгисийн эрэг дэх Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж өндөрлөлөө. Азербайжаны гараа маш өрсөлдөөнтэй болж уралдааны эхнээс л зарим тамирчид тэмцээнээ орхиж байсны зэрэгцээ нисгэгчдийн хоорондын мөрсөлдөөн, шүргэлцээнээс үүдсэн эвдэрхий эд зүйлс машинуудын дугуйнд нөлөөлж байсан. “Феррари” багийн К.Райкконен “Форс-Индиа” багийн Э.Оконы машинтай шүргэлцэж Франц залуу тэмцээнийг орхисон бол удалгүй “Уилльямс” багийн С.Сироткин ч уралдааны замыг орхисон. Мөн тэмцээний уралдаан өндөрлөхөөс ердөө 11 тойргийн өмнө “Ред Булл” багийн хоёр нисгэгч хоорондоо үл ойлголцон мөргөлдөж хоёулаа уралдааны замыг орхисон. Энэ үед уралдааныг “Мерседес” багийн В.Боттас тэргүүлж байсан бөгөөд аюулгүйн машин зам дээр гарч ирээд орсны дараа В.Боттасын дугуй хагарч тэмцээн өндөрлөхөөс ердөө гурван тойргийн өмнө уралдааны замыг орхисон юм. Ийнхүү тун ширүүн өрсөлдөөн өрнөсөн Азербайжаны гараа өндөрлөж, “Мерседес” багийн Л.Хэмилтон улирлын анхны түрүүгээ хүртлээ.

Азербайжаны гарааны ТОП-10 нисгэгчид:

  1. Л.Хэмилтон “Мерседес” – 1 цаг 43 мин 44.291 сек
  2. К.Райкконен “Феррари” +2.460 сек
  3. С.Перез “Форс-Индиа” +4.024 сек
  4. С.Феттел “Феррари” +5.329 сек
  5. К.Сайз “Рено” +7.515 сек
  6. Ч.Леклерс “Заубер” +9.159 сек
  7. Ф.Алонсо “МкЛарен” +10.931 сек
  8. Л.Стролл “Уилльямс” +12.546 сек
  9. С.Вандуурне “МкЛарен” +14.152 сек
  10. Б.Хартлей “Торо-Россо” +18.030 сек

Гуравдугаар байранд шалгарсан “Форс-Индиа” багийн С.Перез энэ улиралд анх удаагаа онооны бүсэд багтаж, бүр шагналын тавцан дээр гарч байна. Мөн “Заубер” багийн Ч.Леклерс, “Уилльямс” багийн Л.Стролл, “Торо Россо” багийн Б.Хартлей нар энэ улиралд анх удаа онооны бүсэд багтаж чадлаа. Азербайжаны гарааны дараа “Ред Булл” баг доторх уур амьсгал таагүй байгаа нь ойлгомжтой юм. Алдаагаа хэрхэн засаж Испаний гараанд эргэн ирэхийг харах л үлдэж байна.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж