Хүний юм, төсвийн мөнгө хоёрт гамгүй ханддаг нь монголчуудын бүр генд байдаг зүйл гэлтэй. Өөрийнхөө халааснаас арван доллар гаргаад өрөөлийн хүүхдэд чихэр аваад өгдөг улстөрч хэзээ байлаа? Харин төсвийн мөнгийг бол ёолтол нь үрнэ чиг, тараана чиг, цацна чиг, дуусгана чиг.
Хүүхдийн мөнгө өг, зээл чөлөөл гэж улстөрчдөөс уг нь хэн ч гуйдаггүй юм. Өөрсдөө өгнө гэдэг, дараа нь хаслаа гэдэг. Зарим нэг улстөрч бүр гүүр барьж байхаар дөрвөн жил хүүхдийн мөнгө ялгаварлалгүй өгөх хэрэгтэй гэж попрох болсон. Хар массаас улс төрийн оноо цуглуулж байвал төсөв сохор зоосгүй болсон ч хамаагүй бололтой, манай попуудад. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг булаагаад тауэр барьчихсан гэх шүүмжлэлд үргэлж өртдөг намын дарга гуай хүүхдийг баян ядуугаар ялгаж буйг буруутгахыг хараад ямар нулимс унагалтай нь биш. Товчхондоо, хорин мянган төгрөг ядуусын хүүхдийн сарын хоолны мөнгө бол баячуудын бацаануудын хувьд ганц зайрмагны мөнгө. Зүй нь бүх хүүхдэд дөрвөн жил мөнгө өг гэж байхаар эмзэг бүлгийн хүүхдэд өгдөг 10 доллараа нэмэх санал гаргасан бол “Ямар сайхан улстөрчдийг бурхан бидэнд илгээснийг” гээд ялгуун сарных нь дор магтаад өгөх байлаа.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн гэрээн дээр монголчууд бүгдээрээ мегатөсөлчид болсон. Тавантолгой дээр бүгдээрээ нүүрсчид болчихдог. Ийм олон мегатөсөлчидтэй, уул уурхайчидтай хэрнээ бид яагаад тийм ядуу улс юм бол гээч?
Хувийнхаа компанийн ажилчдыг мянган доллараар цалинжуулж чаддаггүй манай зарим эх оронч төмөр замыг түмэн цэргээр бариулж, хоёр сая төгрөгийн цалин олгох тухай идэвхтэй ярих болсон. Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог, мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг бүгд худлаа. Тавантолгой, төмөр зам, цахилгаан станцын төслүүд хөдөлсөн бол ядаж өнөөдөр ОУВС-гаас гуйлгүйгээр Монголын бүх хүүхдэд ялгаварлалгүйгээр мөнгө тараах боломжтой байсан. Тиймээс улстөрчдийн мөрөөдөл болгонд бид тодорхой такс төлдөг, төлсөөр ирсэн гэсэн үг.
Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.1 хувийн өсөлттэй гарсныг өдгөө Ардын засагтай хамаатуулж ярьж байна. Зүй нь эдийн засаг 5.1 хувьтай гарсанд У.Хүрэлсүхэд биш татвар төлөгчдөд талархах ёстой юм. Учир нь, эдийн засгийн өсөлтийн 93.9 хувь, татварын орлогын 50 хувийг Монголын 78 мянга гаруй аж ахуйн нэгжийн зөвхөн 100-хан л бүрдүүлдэг.
Өнгөрсөн онд улсын төсөвт 6.3 их наяд төгрөг төвлөрсний 3.2 их ная нь топуудын төлсөн татвар. Тэдний улсад төлдөг мөнгө 2017 онд өмнөх оноос 30 орчим хувиар буюу 1,9 дахин нэмэгджээ. 2016 онд борлуулалтын орлого нь 17.7 их наяд байсан бол 2017 онд 25.5, татварын орлого нь хоёр их наяд байсан бол 3.2 буюу 1.2 их наядаар өсчээ.
ТОП 100 аж ахуйн нэгжийг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдтэй харьцуулбал
Үзүүлэлтүүд | 2015 | 2016 | 2017 |
---|---|---|---|
ДНБ (их наяд.төг) | 23.1 | 23.9 | 27.2 |
ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) | 16.6 | 17.7 | 25.5 |
Топ100 ААН-ын орлогын ДНБ-д эзлэх хувь, % | 72.1% | 74.2% | 93.9% |
Монгол улсын нийт татварын орлого (их наяд.төг) | 5.1 | 5.0 | 6.3 |
ТОП100 татвар (их наяд.төг) | 2.5 | 2.0 | 3.2 |
Топ100 ААН-ын татварын Монгол улсын нийт татварын орлогод эзлэх хувь, % | 48.1% | 39.8% | 50.5% |
Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) | 1,151 | 1,147 | 1,240 |
ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) | 65 | 67 | 76 |
Топ100 ААН-ын ажиллагчдын тоо ДНБ-д эзлэх хувь, % | 5.7% | 5.8% | 6.2% |
Эндээс харахад, өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс батламжаа авсан топууд 2017 онд нийтдээ 25.5 их наядын орлого олж, 74 мянган хүнийг ажлын байраар хангаж, төрийн 180 албан хаагчийн цалин болоод тэтгэвэр тэтгэмж тавих төсвийг нь бүрдүүлж өгчээ.
‘ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлж, “Оюутолгой”, “Эрдэнэс-Тавантолгой”, Хаан банк, “Энержи ресурс, “Монголын алт”, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, татвар, галаь, нийгмийн даатгалын газар, статистик, Санхүүгий зохицуулах хороо зэрэг мэдээлэлд үндэслэн, тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн байдал, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэх мэт олон үзүүлэлтийг чухалчилдаг аж. Өөрөөр хэлбэл, топ-100 бол ямар ч ар, өврийн хаалгаар авдаг шагнал биш гэсэн үг. Мөнгө төлөөд авдаг шагналуудаас хамгийн шударга нь.
Тэгэхээр монголчуудыг хэн тэжээдгийг, хэн нь жинхэнэ эх орончид хийгээд хэн нь дүр эсгэсэн баатрууд болохыг, хэн мөнгө олж, хэн үрж тараадгийг сайн таньж бас харж ав. Мөнгө олдог нь бидний муу хэлж, таашаал авдаг уул уурхай, банк санхүүгийнхэн. Үрдэг нь манай эх орончид.
Үлгэрт ингэж гардаг. Эртээ урьд цагт үнэг чоно хоёр байжээ. Гүзээтэй шар тос олоод уулын оройд аваачиж идэхээр болжээ. Үнэг чононд хандан ингэж хэлжээ. Үүрэх нь яахав амархан, аахилах гэж айхтар ажил бий гэж. Үлгэр ингэж төгсдөг. ‘..Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг,Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно
-Чи юунд уйлаа вэ? гэхэд үнэг,
-Би гурван гавартай байсан юмаа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсч, ихэд ичин буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ’.
Үлгэрт өгүүлдэг шиг өнөөдөр топууд нь чоно шиг үүрч, попууд үнэг шиг аахилсаар. Попуудаа дагаад, топуудаа хөөх үү. Хоолтой хонох уу, хоосон үлдэх үү? Эцэст нь тэгээд хэн нь жинхэнэ эх оронч юм бэ гэж үү?!