Партизануудад байр олгох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Партизануудад байр олгох уу?

Партизануудад байр олгох уу?

“News” агентлаг УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдийг “Хууль төрөхийн өмнө” буландаа танилцуулдаг билээ. Энэ удаад Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс  тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг танилцуулж байна. Тус хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хууль юм. Ингэхдээ 1990 оны зургадугаар сарын 1-нээс өмнө МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэд холбоо, Монголын оюутны холбоог үүсгэн байгуулалцаж элссэн гишүүн, зохицуулагч болон идэвх зүтгэлтэй оролцож явсан талаар хөдлөшгүй нотлох баримттай Монгол Улсын иргэн энэ хуульд хамрагдах эрхтэй юм. 

Хуулийн төсөлд дараах тусламжуудыг олгохоор тусгажээ. Үүнд:

  • Ардчилсан хувьсгалын анхдагчдад сар бүр мөнгөн тусламж олгох

  • Дотоодын рашаан сувиллын эрхийн бичгийн үнэ, ирэх, буцах замын зардал жилд нэг удаа олгох

  • Орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа тусламж олгох

  • Өөрийн өмчлөлийн орон сууцгүй Ардчилсан хувьсгалын анхдагчдад нэг удаа нэг өрөө байр эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох

Хууль санаачлагч орон сууц, мөнгөн тусламж олгохоор санаачилсан ч тусламж, хөнгөлөлтийн хэмжээ болон олгох журмыг Засгийн газар батлах аж. Харин нэмэгдэл, хөнгөлөлт авагч нас барсан тохиолдолд нэмэгдлийг нас барсны дараачийн сар дуустал олгоод зогсоох аж. Хэрэв хуурамч баримт бичиг бүрдүүлж нэмэгдэл, хөнгөлөлт авсан нь тогтоогдвол олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдэл, хөнгөлөлтийг нөхөн төлүүлэх юм байна.

Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ардчиллын анхдагчдад тусламж, хөнгөлөлт үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, тусламж, хөнгөлөлтийн зардлыг төлөвлөж, жил бүр улсын төсөвт тусгуулах аж. Хууль батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн энэ хуульд хамрагдах эрхтэй.

Энэ хуулийн төслийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ санаачилсан бөгөөд партизануудаа мөнгөөр ‘базах’ нэг арга гэж улс төрийн хүрээнийхэн хардаж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж