Ерөнхийлөгч МАН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч МАН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг сануулав

Ерөнхийлөгч МАН-д мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны хуулийн төсөл байнгын хорооны хуралдааны үеэр дэмжигдээгүй ч УИХ-ын босго давав. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд УИХ-д өргөн барьсан юм. Өмнө нь Ерөнхийлөгчийн зүгээс хоёр удаа хориг тавьж байсан ч УИХ хүлээж аваагүй. Харин энэ удаад хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох төслийг Засгийн газраас өргөн барьсан хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 80 хувьд олгох төсөлтэй хамтатган ажлын хэсэг гаргахаар болов.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг унагаасан юм. МАН бүлгийн хуралдааны үеэр ч Ерөнхийлөгчийн хуулийн төслийг унагаж, өөрийн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхээр тохиролцсон байсан юм. Гэвч баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хувь, Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн 100 хувь олгож байсан. Бүх бүтээгдэхүүний үнэ шалан дээр унасан, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан ийм цаг үед ч хүүхдийн мөнгийг хасч байгаагүй. МАН мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт, ялгаварлахгүй олгоно гэсэн. Хүүхдийн мөнгөн дээр намын харьяалал харгалзахгүй дэмжээд өгөөч гэж Ерөнхийлөгч хүсч байгаа” гэдгийг тодотгосон юм. МАН хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн цаасан дээр хараар бичсэн мөрийн хөтөлбөр бий. Тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч төдийгүй МАН-ын гишүүд ч хүсч байгаа юм. Ийнхүү Ерөнхийлөгчийн төсөл дэмжигдэж, хүүхдийн мөнгийг 80, 100 олгох уу гэдгийг ажлын хэсэг байгуулж шийдэхээр боллоо.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохын тулд төсөвт тодотгол хийх үү?

ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэж үзэж, нийт хүүхдүүдийн 60 хувьд 20 мянган төгрөг олгож байсан. Саяхан Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасан. Ингэснээр нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж Засгийн газар үзсэн. Нийт хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход одоогийн олгож байгаа төсөв дээр нэмж 17 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд нийт хүүхдүүдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгож, эдийн засаг сайжрахаар буюу ирэх оноос хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох боломжтой гэж үзэж буй. Мөн 2018 оны төсвийн тодотголд ч тодотгол хийх сонирхолгүй байгаа гэдгээ байнгын хороо, чуулганы үеэр дуулгаад буй. Гэхдээ намын гишүүд нь түүнийг ажлаа хийж чадахгүй байна, хүүхэд бүрт олго гэх шахалтыг үзүүлээд эхэлсэн. Энэ нь ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл УИХ-ын босго давахад нөлөөлснийг үгүйсгэх аргагүй юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж