"Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш"

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

"Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш"

"Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш"

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30 -ны өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн олон оронд эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодуулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалан сурталчилдаг байна. Монгол Улсад энэ өдрийг 2006 оноос зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Дэлхийн зөн олон улсын байгууллага энэ онд нийт 7000 орчим өсвөр насны хүүхдээс судалгаа авахад гурван хүүхэд тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр бие махбодын шийтгэлд өртөж байсан гэж хариулжээ. Энэ бол эцэг эхчүүдийн боловсрол, хүүхэдтэйгээ ажиллах арга барилаа мэддэггүйн илрэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Ингээд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаагаа бодож эргэцүүлэх, мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутагтай цөөн хором ярилцлаа.

-Хүүхэдтэйгээ учраа олохгүй ээж аав цөөнгүй байдаг. Харилцаандаа ямар алдаа гаргаснаас болж ийм байдалд хүрдэг вэ?

-Хүн бүхэн үр хүүхдээ эрдэм боловсролтой, сайн хүн болгох алсын зорилготой. Гэвч энэ зорилгоо умартаж, ажлын ачаалал, үл ойлголцол, өвчин зовлон гээд өдөр тутмын стрессийг зөвхөн өөрт тохиолдсон мэтээр хүндрүүлж боддог, үр хүүхдэдээ уур бухимдлаа гаргадаг эцэг эхчүүд цөөнгүй байна. Ажил дээрх уур бухимдалтайгаа гэртээ ирээд хүүхдээ гэр орноо цэвэрлээгүй, даалгавраа хийсэнгүй гэсэн шалтгаанаар харааж загнадаг, шууд гар хүрчихдэг тохиолдлууд бий. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж тайвшруулах хэрэгтэй. Томчууд бид ч үл ойлголцсоны дараа нэгнээсээ уучлалт гуйхаар, эсвэл уучлаарай гэсэн үг сонсоход сэтгэл санаа ямар сайхан болдог билээ.

-Ер нь хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Зодуулж шийтгүүлдэг хүүхэд дахин зодуулах вий гэж айх, амархан цочимтгой болох зэргээр сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй болчихдог. Мөн энэ нь удаан үргэлжлэх юм бол хүүхэд түрэмгий зан авиртай болдог. Улмаар хүүхдийг зодох тусам түрэмгий авир нь нэмэгддэг тал ч бий. Мөн бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлгүй болдог. Аливаа зүйлийг хүч хэрэглэж шийдэх нь хэвийн гэж үзэх хандлагатай болно. Түрэмгий зан авиртай болох, сурах чадвар нь буурах, архи тамхи мансууруулах бодист донтох, сэтгэлт гутралтай болох зэргээр хүүхэд өөрчлөгддөгийг судалгаагаар тогтоосон байдаг.

-Хүүхдэд гар хүрнэ гэдэг бидний уламжлалтай холбоотой гэх хүмүүс байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдийн хатуу гараар өсгөх ёстой гэсэн үзэл монголчуудын дунд их байдаг?

-Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш. Сахилга бат шийтгэл гэдгийг эцэг эхчүүд маань ялгаж ойлгодоггүй. Сахилга батыг хүүхдэд заавал хүчээр гар хүрч суулгахгүй. Ерөнхийдөө хүний бие махбодод хүрнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар хүний эрхэнд халдаж байна гэсэн үг. Тэр нь зөөлөн цохино, ширүүн цохино гэсэн ялгаа байхгүй. Өөр нэг чухал зүйл нь эцэг эхчүүд өөрсдөө бухимдалтай стресстэй байгаа үедээ хүүхдэдээ гар хүрч байна. Дараа нь энэ үйлдэлдээ ихээр харамсдаг гэж байгаа юм. Нөгөө талаасаа хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй шүү дээ. Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн өмч юм шиг үздэг. Хүүхэдтэйгээ хэрхэн яаж харьцах өөрсдийнх нь хэрэг мэт боловч үнэндээ хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх аргаа сайн мэдэхгүй байна. Гар хүрэх нь буруу гэдгийг нь мэдээд байдаг тэгсэн хэрнээ яах учраа олохгүй байна.

Тэгвэл хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх ёстой вэ?

-Бид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах таван зарчмыг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, холын зорилгоо тодорхойлох. Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсч байгаагаа тунгаан бодох хэрэгтэй. Өдөр тутам тулгарах асуудлыг уурлаж бухимдалгүйгээр шийдэж, хүүхэдтэйгээ найрсаг сайхан харилцах. Хоёрдугаарт, аливааг ойлгуулах. Томчууд бид хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг зааж өгөх анхны багш нь. Амьдралд таарах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг сонсдог байх. Гуравдугаарт, хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох. Хүүхэд бүр өөр өөр, хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах, ойлгуулах. Хэрэв хүүхэд эцэг эхээсээ айж эмээдэг бол аливаад урам зориггүй, хувирамтгай, өөртөө итгэлгүй болдог. Тиймээс хүүхдийг буруу зүйл хийлээ гэж зодох биш харин тайлбарлан ойлгуулах, хүүхдийн юу ярихыг нь сонсч бодол санаагаа хуваалцах хэрэгтэй. “Миний хүү даалгавраа яагаад хийгээгүй юм, хоёулаа хамтдаа хийе” гэж хэлэх өөр. “Яагаад даалгавраа хийгээгүй юм” гэж зандарч хэлэх нэг өөр сонсогдоно. Зандраад байвал хүүхдээ өөрөөсөө холдуулж байгаагаас ялгаагүй. Элгэмсэг дотно байдлаар харилцах гэдэг маш чухал зарчим. Эцэст нь ямар нэгэн асуудал гарвал дээрх зарчмуудаа бодож байгаад асуудлыг эергээр шийдвэрлэх хэрэгтэй.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж