Тэд 70 жилийн дараа Солонгосын хойгт энх тайван тогтоож буйг зарлан Панмунжомы тунхаглалыг баталжээ. Хоёр Солонгос бүхий л талаар дайсагналаа зогсоож, энэ ондоо багтаан энх тайвны гэрээ байгуулахаар тохиролцов. Үүгээр ч зогсохгүй ижил цагийн бүсчлэлд шилжихээр болсон зэргээр хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө.
Уулзалтын дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Японы ерөнхий сайдтай утсаар ярьжээ. Тэрбээр Хойд Солонгос болон Японы хооронд уулзалт, хэлэлцээг зуучлах хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байгаа тухай дуулгажээ. Хариуд нь Шинзо Абэ хоёр Солонгосын төрийн тэргүүн нар цөмийн зэвсэглэлээс татгалзахаар тохиролцсоныг өндрөөр үнэлж, үгээ үйлдэл болгох хэрэгтэйг сануулсан байна. Түүнчлэн энэ уулзалт нь ирэх саруудад болох Пхеньяны удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын сайн өмнөтгөл болсныг онцолжээ. Шинзо Абэ Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын албаны дарга Со Хуныг хүлээн авч уулзан, төрийн тэргүүн нарын уулзалтын талаар ярилцсан аж.
Өмнө нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Тэрбээр айлчлалын хүрээнд Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ буцаан авах асуудалд АНУ-ын ерөнхийлөгчөөс тусламж хүсчээ. Харин Дональд Трамп Хойд Солонгосыг зөрчсөн амлалтуудаа биелүүлэхэд хүчтэй шахалт үзүүлэхээ амласан гэнэ. Дональд Трамп ирэх саруудад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах юм.
Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нь 2002 онд Японы ерөнхий сайд асан Жуничиро Койзумитэй уулзахдаа 1970-1980-аад оны хооронд тус улсын иргэдийг хулгайлан авснаа хүлээжээ.
Үүнээс хойш Япон улсаас хэлэлцээ явуулсны үр дүнд хэдэн иргэнийг нутаг буцаасан боловч Токио илүү олон иргэний мэдээллийг шаарддаг. Харин хоёр орны харилцааг хэвийн болгох шаардлагын хүрээнд Япон улс нь 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колончилж байхдаа учруулсан хохирлоо төлөхийг Пхеньян шаарджээ. Япон улс шаардлагыг хүлээн авбал зугаацуулагч эмэгтэйчүүдийн хэрэгт Өмнөд Солонгост төлснөөсөө илүүг Пхеньянд өгөх хэрэгтэй аж. Хэрэв Япон улс нь Хойд Солонгостой ганцаарчлан хэлэлцээ хийх нөхцөлд Пхеньян хулгайлагдсан иргэдээр барьцаалан өөрт ашигтай талд эргүүлэх гэнэ. Иймд Япон улсад АНУ зэрэг хүчирхэг орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.