Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Франц-1938

Орчин цагийн спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг санаачлагч, Франц эрхэм Ж.Римэгийн эх оронд хөлбөмбөгийн 3 дахь дэлхийн аварга зохион байгуулагдлаа. Өмнөх 2 удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдсан тул 1938 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Франц, Герман болон Аргентин улсууд саналаа хүргүүлсэн. Ингээд 1936 оны 8 сард Берлин хотноо болсон ФИФА-н хурлаар Франц улс 19 саналаар илт давуу ялалт байгуулж 1938 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авсан. Франц улс ДАШТ-ний 1938 оны 6 сарын 4-19-ний хооронд 156 хоногийн турш 10 хотын 10 цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулж чадсан юм. 1938 оны ДАШТ-нд Европ тивээс 13 улс, Америк тивээс 2 улс, Ази тивээс одоогийн Индонез улсууд оролцсон. Эдгээр 16 улсуудаас Австри, Польш, Норвеги, Куба, одоогийн Индонез улсууд анх удаагаа оролцсон юм. Тухайн үедээ Индонез улс нь Голландын Дорнод Энэтхэг нэртэйгээр оролцож байжээ. Гэхдээ Австрийн шигшээ баг ДАШТ-ний эрхээ авсан боловч эцсийн мөчид оролцохоос татгалзаж, шигшээ багийн зарим тамирчид нь Германы шигшээ багт багтсан байдаг.

Аваргын алтан медаль хүртсэн Италийн шигшээ баг

Тэмцээний 16 шигшээ баг олимпийн системээр буюу хасагдах журмаар зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнийг зохион байгуулагч Францын шигшээ баг эхний шатанд Бельгийг 3-1 харьцаатай буулгаж авсан ч дунд шөвөгт 1934 оны дэлхийн аварга Италийн шигшээд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Францыг буулгаж авсан Италичууд хагас шигшээд Бразилыг 2-1 харьцаатай хожиж шигшээд Унгарыг 4-2 харьцаатай хожиж анх удаагаа 2 дэлхийн аваргад дарааллан алтан медалийг хүртсэн юм. Мөн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Витторио Поццо одоогийн байдлаар цорын ганц ДАШТ-ний хошой аварга, Олимпийн аварга дасгалжуулагч болон түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Тэрээр 1934 онд Италийн шигшээг удирдан ДАШТ-нд түрүүлгэж байсан бол 1936 оны Зуны олимпийн наадамд мөн л шигшээ багаа удирдан аваргын алтан медалийг хүртсэн. В.Поццогийн энэхүү амжилтыг одоогоор давтсан дасгалжуулагч гараагүй л байна.

Шигшээ тоглолт: Унгар-Итали

Дэлхийн аваргын шигшээ  тоглолт Парис хотын “Stade Olympique Yves-du-Manoir” цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд нийт 40 гаруй мянган хүн үзсэн гэдэг. Аваргын алтан медалийн төлөө Италийн шигшээ баг Унгарын шигшээтэй тоглож 4-2 харьцаатай хожсон. Италийн шигшээ багаас Ж.Колаусси болон С.Пиола нар тус бүр 2 гоол оруулж аваргын алтан медалийг хүртсэн. Харин тэмцээний мэргэн буучаар Бразилын Леонидас 7 гоолтойгоор тэргүүлсний зэрэгцээ Бразил улсын шигшээ баг ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм. Тэрээр хүрэл медалийн төлөө Шведийн шигшээ багийг 4-2 харьцаатай хожсон. 

Тоон хэлээр: 

  • 7: тэмцээний мэргэн буучаар Бразилын Фламенго багийн довтлогч Леонадис шалгарсан
  • 10: тэмцээнийг хүлээн авсан хот болон цэнгэлдэх хүрээлэн
  • 15: тэмцээнд оролцсон улсын тоо. Анх удаагаа Ази тивээс одоогийн Индонез улс оролцсон
  • 18: тэмцээний турш нийт 18 тоглолт болсон бөгөөд 1-р шатанд Герман-Швейцар, Куба-Румыны шигшээ багууд хариу тоглолтоор шийдэгдсэн

б.бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж