Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

Өнгөрч буй долоо хоног улс төрийн хүрээнд онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АТГ-ын дарга болон дэд дарга нарыг иргэдийн санал хураалтаар нэр дэвшүүлэх болсон тухай ЕТГ-ын дарга З.Энхболд олон нийтэд дуулгасан юм. Улмаар АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм. 

Тэгвэл  “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

Харин АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд сануулсан юм. 

Үүний зэрэгцээ, өнгөрч буй долоо хоногт  АТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болд болон Ж.Батзандан нараас мэдүүлэг авсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор дээр хоёр гишүүн сэтгүүлчдэд тайлбар өгсөн байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

ЦОЛ ХУРААХ ЗАРЛИГ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад генерал цолтнуудын баярын өдөр тохиосон. Энэхүү баярын өдрийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ‘Цол хасах тухай’ зарлиг гаргасан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. 

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Үүнээс гадна, тэрбээр Тод манлай уяач Д.Дагвадорж, Манлай уяач П.Сэргэлэн нарын цолыг хураах зарлиг гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомжийг зөрчсөн, малын гоц халдварт өвчний  эрдлийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан гэж үзэж ийнхүү цолыг нь хасах шийдвэр гаргажээ.

ЭЛЧИН САЙДУУДЫН ТОМИЛГОО

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх Элчин сайдуудын томилгоог хэлэлцэх асуудлыг баасан гаригт  /2018.04.27/хэлэлцсэн юм. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ. Тодруулбал, Шведийн Вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэг, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад улсад суух Элчин сайдаар Н.Тулга нарыг томилохоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм. Засгийн газар дээрх асуудлыг хэлэлцэж, гарсан шийдвэрээ УИХ-д өргөн барих юм байна.

АЙЛЧЛАЛ

Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга

Харин өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчиллаа. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгад тус тус бараалхлаа.

Айлчлалын хүрээнд хоёр тал Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн талбарт бие биеэ дэмжсэн нягт хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1072 ХУВЬЦАА

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал баасан гаригт /2018.4.27/ болж, 2017 оны ажлын болон санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэд дүгнүүллээ. Жил бүр алдагдалтай ажилладаг тус компани 2017 онд анх удаа ашигтай ажиллажээ. Тодруулбал, 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх алдагдлаа нөхсөнөөр 46.8 тэрбум төгрөг үлдсэн аж. Төлөвлөгөө ёсоор хувьцааны 20 хувийг олон улсад гаргах бөгөөд 65 хувийг “Эрдэнэс Монгол”, 14.5 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшдэг. 1072 хувьцааг 2511 мянган иргэнд хуваавал нэг хүнд  3000 орчим төгрөг ногдох юм байна. Тиймээс иргэд дараа жилээс хувьцааны ногдлоо авах шийдвэр гаргалаа.

Хуралд компанийн 40 гаруй төлөөлөл, удирдлага, хувьцаа эзэмшигчдийн 50 гаруй төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Монгол” компани, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж