УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр /2018.04.28/ МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцаж, оюутан залуусын санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй “Оюутан-цэрэг” хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.
Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр хичээллэж байгаа бөгөөд ҮБХИС-ийн 20 гаруй мэргэжлийн багш нар бямба, ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтанд нь саад болохгүйгээр дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-н хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа аж.
Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтад хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулагдах болно.
Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах ажээ.
Оюутан залуусыг цэрэг, эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэн болон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон байдаг бөгөөд ирэх онд оюутан залуусын тоог 500-аар нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд онцлон хэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй залуус Оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж, дээд сургуульд сурч байх явцдаа эр цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөжээ.