Шведийн алдарт АББА хамтлаг шинэхэн уран бүтээлүүд гаргахаар эргэн нэгдсэн баяртай мэдээг албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэд энэхүү мэдэгдэлдээ “Манай хамтлагийн гишүүд 35 жилийн дараа бичлэгийн студийг дахин зорих болсондоо сэтгэл их хөдөлж байна. Яг л цаг хугацаа зогссон мэт, богино хугацааны амралтаас буцаж ирсэн мэт сэтгэгдэл төрж байна. Бид хөгширсөн байж болох ч шинэ дуу маань залуугаараа байна. Агнета, Бэнни, Бьёрн, Анни-Фрид” хэмээн бичжээ.
Алдарт хамтлаг энэ удаа 2 шинэ дуу гаргахаар ажиллаж байна. Тэдний нэг болох “I Still Have Faith In You” нь энэ оны арванхоёрдугаар сард NBC болон BBC агентлагийн зохион байгуулах тусгай хөтөлбөрөөр сонсогчдод нь хүрэхээр товлогджээ. Эргэн сануулахад АББА хамтлаг 1982 онд албан ёсоор тарсан бөгөөд, тэр цагаас хойш 2016 онд хамтлагийн гишүүн Бьёрний ресторанд анх удаа нэг дор цугларан уулзалдсан юм.
Эх сурвалж: CNN
Г.Сүмбээ