Уругвай улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Уругвай улсын шигшээ баг

Уругвай улсын шигшээ баг
  • Дасгалжуулагч: Оскар Табарез
  • Багийн ахлагч: Диего Годин
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Макси Перейра 124 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Луйс Суарез 50 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 17
  • ДАШТ-нд оролцсон тоо: 12 удаа оролцож 1934, 1938, 1958, 1978, 1982, 1994, 1998, 2006 онуудад оролцоогүй.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1930 болон 1950 оны дэлхийн аварга цол хүртсэн

Москва хүрэх замд:

Дэлхийн аваргыг анх эх орондоо зохиож аваргын алтан цом хүртэж байсан анхдагч улс Уругвайн шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс 2-р гарч Оросыг зорих эрхээ авсан. Нийт 18 тоглолт хийхэд 9 хожиж, 4 тэнцэж, 5 хожигдон 31 оноотой Өмнөд Америкийн бүсээс шалгарсан. Өмнөд Америкийн бүсийн сонгон шалгаруулалт тун өрсөлдөөнтэй, ширүүн явагдсан бөгөөд Уругвайчууд Перу, Бразил, Аргентин, Чили болон Эквадорын шигшээ багуудад тус бүр нэг хожигдсон. Ерөнхийдөө Бразил болон Аргентины шигшээ багуудтай тус бүр 2 удаа тоглохдоо хожиж чадаагүй. Гэсэн хэдий ч бүсээсээ ДАШТ-ний эрхийг авч чадсан. О.Табарезэд хийх ажил их байгаа болов уу? 12 дахь жилдээ удирдаж О.Табарез 3 дахь удаагаа Уругвай улсын шигшээ багийг удирдан ДАШТ-нд оролцох гэж байна. 2010 оны ДАШТ-нд хэний ч таамаглаагүй өндөр амжилтыг үзүүлж Уругвайн шигшээ багийг сүүлийн 40 жилд анх удаагаа хагас шигшээд хүргэсэн эрхэм юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүн: 

Дасгалжуулагч О.Табарез ДАШТ-ний урьдчилсан шатанд давхардсан тоогоор 50 орчим тоглогчийг шигшээ багтаа дуудсан. Эдгээр тоглогчдоос эхний ээлжинд 30-г дуудаад дараа нь 23 тоглогчийг Орос руу авч явна.

Хаалгач: Ф.Муслера (Галатасарай), М.Силва (Бразилын Васко да Гама), М.Кампана (Аргентины Индепендиенте), Э.Конде (Аргентины Национал). Шигшээ багийн №1 сонголт бол Ф.Муслера байх нь дамжиггүй. Харин 2 болон 3-р хаалгачаар Оросыг зорих эрхийн төлөө бусад хаалгачид өрсөлдөнө.

Хамгаалагч: М.Перейра (Порто), Д.Годин (Атлетико Мадрид), М.Касерес (Лацио), Хосе Мариа Гименез (Атлетико Мадрид), С.Коатез (Спортинг), Г.Силва (Аргентины Индепенпиенте), А.Силва (Канадын Монерал Импакт), Г.Варела (Уругвайн Пенарол), М.Лемос (Сассуоло), Ф.Рикко (Малага). Хүчирхэг төвийн хамгаалагч байсан багийн ахлагч Д.Лугано зодог тайлсан тул хамгаалалтын тэргүүн сонголт нь Атлетико Мадрид клубын Д.Годин юм. Түүнтэй төвд хослох тоглогчид бол Мариа Гименез болон С.Коатез нарын хамгаалагчид нэрлэгдэх болов уу?

Хагас хамгаалагч: К.Родригез (Уругвайн Пенарол), А.Гонзалес (Уругвайн Национал), Н.Лодейро (АНУ-ын Сеатл Соундерс), Г.Рамирез (Сампдориа), К.Санчес (Мексикийн Монтеррей), М.Весино (Интер Милан), М.Коружо (Уругвайн Пенарол), де Арраскаето (Бразилын Крузейро), Н.Нандез (Аргентины Буко Хуниорс), Р.Бентанкур (Ювентус), Д.Лаксальт (Женоа), Л.Торрейра (Сампдориа), Ф.Валверде (Депортиво), Й.Урретавискаяа (Мексикийн Монтеррей). Яг онцлох тоглогч нэрлэж мэдэхгүй юм. Гэхдээ Италийн лигийн хоёр хүчирхэг багт тоглож байгаа залуу тоглогчид болох Р.Бентакур болон М.Весино нарыг сүүлийн хэдэн тоглолтуудад тогтмол оролцуулсан.

Довтлогч: Э.Кавани (ПСЖ), Л.Суарез (Барселона), К.Стуани (Гирона),, А.Хернандес (Халл Сити), М.Гомез (Сельта Виго), Д.Ролан (Малага), С.Фернандез (Уругвайн Национал). Уругвайн шигшээ багт ямар ч дасгалжуулагчийн атаархлыг төрүүлэх дэлхийн шилдэг хоёр довтлогч бий. Э.Каванигийн хувьд ДАШТ-ний сонгон шалгаруулалтын Өмнөд Америкийн бүсийг гоолоор тэргүүлсэн. Харин Суарез бол шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч. Эдгээр залуусыг зогсооно гэдэг ямар ч шигшээ багийн хамгаалагчдын хувьд хүнд асуудал байх нь гарцаагүй юм.

ДАШТ-ний хэсэг:

Уругвайн шигшээ баг ДАШТ-ний А хэсэгт зохион байгуулагч Орос болон Арабын ертөнцийн төлөөлөл болох Саудын Араб, Египетийн шигшээ багуудтай багтсан. Хэсгээс бол нэг их толгой өвдөхгүй гарах болов уу? Хэсгийн эхний тоглолт нь М.Салах тэргүүтэй Египетийн шигшээ баг байх бөгөөд М.Салахыг зогсоож чадвал хожил бол баттай. Яг үнэндээ А хэсэг бол Уругвайн хувьд дэндүү гар хөнгөхөн байна. Харин хэсгээс гараад шөвгийн 16-д тэднийг Португал эсвэл Испаний шигшээ баг хүлээж байгаа. Эндээс л бүх юм эхлэх болов уу?

Багийн түлхүүр тоглогч:

Мэдээж Л.Суарез хэмээх эрэмгий зоримог довтлогч бий. Түүнийг багийнхаа ялалтын төлөө ямар их хүсэл тэмүүлэлтэй, хортой шартай тоглодог гэдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй байх. Хэдийгээр өдгөө 30 гарсан ч түүнд эрч хүч хангалттай бий. Мөн түүнээс гадна Р.Бентакур болон , де Арраскаета хэмээх залуус өөрсдийгөө харуулж магадгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж