Ким Жон Уны дараагийн алхам юу вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дараагийн алхам юу вэ?

Ким Жон Уны дараагийн алхам юу вэ?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын энэ сарын 27-нд товлосон уулзалт амжилттай болж, оны эцсээр дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зурахаар боллоо.

60 гаруй жилийн турш хоорондоо дайсагналцаж, хэдийд ч дайны гал дүрэлзэж болзошгүй нөхцөлд байсан хоёр Солонгос улсыг өчигдрийг хүртэл энх тайвны гэрээнд гарын үсэг зурах юм чинээ хэн ч тааварлаагүй. Тэр тусмаа залуу Ким аавынхаа, өвөөгийнхөө бодлогыг зөөлрүүлж, цөмийн зэвсгээс татгалзах алхам хийнэ гэдэгт дэлхий дахин тийм ч итгэлтэй байгаагүй л болов уу. Гэвч талууд түүхэнд гаргаж байгаагүй хамгийн том шийдвэрт хүрлээ.

Одоо дэлхий дахин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дараагийн алхам юу байх вэ гэдгийг тааварлахыг хичээж байна.

Хоёр улсын удирдагчид энх тайвны гэрээг зурахдаа АНУ, Хятад хоёрын аль нэгийг оролцуулан гурван талт энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн.

Тиймээс ирэх зургадугаар сард залуу удирдагч Ким Жон Уны АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэх болно гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Эл уулзалт анх товлогдоход дэлхийн олон орны нэр яригдаж эхэлсэн ч одоогоор хоёр орон тунаж үлдээд буй нь Монгол болон Сингапур юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Сингапурыг, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсад уулзалтыг хийх боломжтой тухай санал гаргасан талаар Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонин хамгийн сүүлд мэдээлсэн.

Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс нь АНУ, Хойд Солонгос зэрэг олон улстай найрсаг харилцаатай явж ирсэн.

Тэр дундаа Солонгосын хойгийн зөрчлийг энх тайвны замаар шийдвэрлэхийн төлөө Монгол Улс идэвхи санаачлага гаргаж ажиллаж ирсэн түүхтэй.

Мөн АСЕМ зэрэг томоохон уулзалтыг амжилттай зохион байгуулсан, Хойд Солонгосын удирдагч уулзалтыг Улаанбаатарт хийх санаачлага гаргасан зэргээс үзвэл төмөр замаар зорчин Монголд ирэх боломжийг эрэлхийлсэн байх талтайг ч энд онцолж болохоор буй.

Түүнчлэн анх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах болсон тухай мэдээлэл цацагдахад эл түүхэн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломж бий гэдэг санаачлагыг Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж байв.

Цахим хуудсаараа дамжуулан тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өндөрлөсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадсан” гэж байр сууриа илэрхийлж байв. 

Товчхондоо эл түүхэн уулзалт Улаанбаатар хотноо болбол Монгол Улс дэлхийн энх тайвны төлөөх зорилгын төлөө олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй, 2022 онд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох статуст хүрэх хамгийн том хөшүүрэг болох учиртай. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын тэргүүнүүдийн уулзалт Улаанбаатар хотод болох асуудлын тухайд “Бид зүгээр суугаагүй” гэдэг тайлбар хийгээд буй. Эндээс үзвэл Засгийн газар мөн ажиллаж байна гэж үзэж болохоор байгаа юм.

Хойд Солонгосын удирдагчийн дараагийн хийх алхам юу байх вэ гэдэг одоо ид дэлхий дахины анхаарлыг татаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтыг Улаанбаатарт хийх санаачлагыг хүлээн авах болов уу, яах бол…

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж