Азийн бодибилдинг, фитнессийн холбоог Монгол хүн удирдана

Хуучирсан мэдээ: 2018.04.28-нд нийтлэгдсэн

Азийн бодибилдинг, фитнессийн холбоог Монгол хүн удирдана

Азийн бодибилдинг, фитнессийн холбоог Монгол хүн удирдана

Бодибилдингийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод болж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн ‘Корпорейт конвеншн центр’-т өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа аж.

Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгрессийн хурал өчигдөр болсон. Хурлаар холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль явагдаж, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир өрсөлдөж, ялалт байгуулжээ.

Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов.

Монгол Улс бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа эх орондоо зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ. Үүний үр дүнд өнөөдөр Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр боллоо.

Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр фитнессийн тэмцээнээр эхэлсэн. Өнөөдөр бодибилдингийн аваргууд тодорно.

Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

  • IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна.

Тиймээс оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж