Монголбанк руу чиглэсэн шүүмжлэл хожоо хайсан байдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Монголбанк руу чиглэсэн шүүмжлэл хожоо хайсан байдаг

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Инфляци дөрвөн хувь хүртэл буурч байснаа 8.7 хувьд хүрч өссөөр байна гэсэн мэдээлэл түгшээж эхэллээ. Инфляцийн өсөлтийн хувьд энэ айх тоо мөн үү?

-Инфляцийн талаасаа аваад үзвэл аймаар тоо. Аймаар гэдгийг нь зөвхөн түвшнөөр нь биш, өөр хэд хэдэн талаас нь авч үзэж болно. Өнгөрсөн жилийн зургаагаас арваннэгдүгээр дүгээр сарыг дуустал бараа бүтээгдэхүүний үнэ буурч ирсэн. Энэ нөхцөл байдал өнөө жилд дахин давтагдахгүй байх. Тиймээс цаашид инфляци энэ чигээрээ байлаа гэхэд наанадаж дахин 4.6 орчим хувийн өсөлт нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл инфляци энэ чигээрээ, өсөхгүй байх боломж маш хязгаарлагдмал байна шүү дээ. Одоо дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар л гэхэд махны үнэ өсчихөөд байна. Энэ нь инфляцийг өсөхөд нөлөөлнө.

-Хоёр дахь аюул нь юу вэ?

-Энэ бол инфляцийн өсөлтийн хурд. Ердөө гуравхан сарын дотор ийм огцом хурдтай өсч байна. Ингэж хэлэхээр дэлхийн бусад орныхоос манайх өөр гэж хэлэх хүн олон гарах байх. Гэхдээ одоо мэдэгдэж байгаа түүхэнд дэлхийн ихэнх улсад  инфляци нь ингэж огцом хурдтай, эрчимжих шинжтэй өсөөд ирэхээр инфляцид  өөрөө өөрийгөө үйлдвэрлэх хүч үүсдэг.  Зүйрлээд хэлбэл зах дээр махны худалдаачин үнээ өсгөж чадаад байвал гутлын худалдаачин дагаад өсгөхийг хичээдэг. Үнэ өсч байгаа энэ сэтгэл зүй олон нийтийн ойлголт болж хувирвал инфляцийн өсөлтийн хүлээлтийг үүсгэдэг. Энэ хүлээлтийн дагуу гутал худалдан авагч “махны үнэ өссөн, инфляциа дагаад үнэтэй байхаас аргагүй” гэж хүлээж авах талтай.

Ийм байдал удаан үргэлжлэхгүй байх гол баталгаа юу вэ гэхээр мөнгөний хатуу бодлого, цалин нэмэхгүй байх, татварын дараах орлого нэмэгдэхгүй байх л чухал.

-Гэтэл цалин нэмнэ, өрхийн орлогыг нэмнэ гэж яриад байгаа шүү дээ?

-Одоо яриад байгаа эдгээр зүйлс инфляцийн хүлээлт бий болгож болзошгүй. Өөрөөр хэлбэл, инфляци өөрөө инфляцийг үйлдвэрлэх цикль бий болгох, одоогоор онолын хувьд бүрдэх ёстой “хувьсгалын тохироог” нь бүрдүүлж өгөх гэж байгаагаараа аюултай.

-Ойрын жишээ авахад инфляци 33 хувьд хүрээд эдийн засаг нэлэнхүйдээ доргиж байсан нь саяхан. Одоогийн инфляцийн өсөлт үүнтэй юугаар ижил, бас өөр байна вэ?

-Хэмжээний хувьд түүнтэй төстэй. Үүсэл гарлын хувьд өөр юм. Тухайлбал өмнө нь бензин шатахуун, улаан буудайны үнийн өсөлт, цагаан будаа, наран цэцгийн тосны хомсдол гээд дэлхий нийтээр хөдөө аж ахуйн салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дутагдмал байдлаас үүсэлтэй байсан. Энэ удаа гаднын тэр нөлөөллүүд алга. Яг одоогийн байдлаар инфляцийн гол шалтгаан нь махны үнэ өсч, нийлүүлэлт буурсантай холбоотой. Засгийн газрын холбогдох байгууллагаас авсан мэдээллээр бол хоёрдугаар сард л гэхэд хөдөө орон нутгаас Улаанбаатарт өдөрт нийлүүлдэг махны хэмжээ гурав дахин багассан байгаа. Тэгэхээр нийгмийн шинж чанартай, махнаас үүдэлтэйгээр инфляци өсөөд байна гэж хэлж болно.

-Олон нийтийн дунд инфляци өсч байгаа нэг шалтгаан нь иргэдэд бэлэн мөнгө тараах явдал мөн гэсэн эхний ойл­голттой байна. Одоогоор энэ мөн­гийг багахан хэсэгт нь өгчихөөд байгаа, удахгүй иргэн бүрт өгч эхэлнэ. Улстөрчид үүнийг инфляцид онцгой нөлөөлөхгүй гэж хэлж байгаа. Мэргэжлийн хүний хувьд та иргэн бүрт өгөх 70 мянга инфляцид нөлөөлөх эсэхийг хэлж өгөөч?

-Олон нийтийн ойлголт гажуу биш. Ерөнхийдөө ойлголтыг зөв авч чаддаг. Жилийн эхнээс нэмэгдэж буй инфляцийн хамгийн өндөр хэсэг нь хоёрдугаар сард байсан. Тухайлбал, нэгдүгээр сард 2,7 хувь, хоёрдугаар сард 3,9 хувь, гуравдугаар сард 1,9 хувьтай байна.

-Цаашид оны сүүлч гэхэд байдал сайжрах болов уу?

-Нэг л зүйлийг баттай хэлэхэд хэрэв цаашид махны үнэ буурахгүй бол ойролцоогоор инфляци 13-14 хувьд хүрч болзошгүй. Буурвал мэдээж өөр дүн гарна.

-Оны эхнээс 8.7 хувь, жилийн инфляци 7.8 хувь гэсэн хоёр тоо гарч байгаа. Энэ хоёрын зөрүү юуг хэлж байна вэ?

-Оны эхний инфляци жилийнхээс өндөр байна гэдэг нь энэ жил өнгөрсөн жилийнхээс илүү хүчтэй өсөлттэй  байна гэсэн үг.

-Урьд нь инфляци 33 хувьд хүрчихээд байхад Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 14 хувь хүртэл нэмж байж тогтоон барьж байсан. Энэ удаад тийм арга хэрэглэхэд хүрэх болов уу?

-Инфляци, эдийн засгийн өсөлт сангийн бодлогоос ихээхэн хэмжээгээр хамааралтай байдаг. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн хувьд төсөв санхүүгийн бодлого чухал. Мөнгөний бодлого бол сангийн бодлогын хүрээнд гарч ирж буй өөрчлөлтийг бага зэрэг засах үйл ажиллагаа хийх чадвартай болохоос сангийн бод­логыг орлох чадваргүй. Тиймээс төсвийн бодлого инфляцийг хөө­рөгдөх чигтэй явбал түүнтэй уял­даагүйгээр авах бидний ар­га хэмжээ эдийн засгийн өсөл­төд нэлээд хохиролтойгоор тус­на. Монголбанкны хувьд бол сонголт бага шүү дээ. Бидний хувьд одоогоор нөөцийн махыг худалдаанд гаргаснаар махны үнэ буурах эсэхийг л харж байна.

-Хэрэв нааштай үр дүн гарахгүй бол?

-Бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголт байхгүй шүү дээ. Одоогийн инфляцийн өсөлтийн дийлэнх шалтгаан нь махны үнэд байгаа учраас бид бодлогоо яаран чангалах арга хэмжээ авахгүй байгаа юм. Нийлүүлэлтийн шинж чанартай учраас давхар хумих шаардлагагүй. Эрэлтийн шинжтэй нөлөөллүүд гараад эхэлбэл ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болно.

-Тэгэхээр арилжааны бан­куудын зээлийн хүү нэмэгдэнэ. Өөр ямар сөрөг талтай вэ?

-Мэдээж зээлийн хүү нэмэг­дэнэ. Бид сүүлийн зургаан сарын турш мөнгөний зөөлрүүлэх бод­лого баримталсан. Үүний дүнд банкуудын хадгаламжийн болон зээлийн хүү буурч, тэр хэмжээгээр олгосон зээлийн хэмжээ нэмэгдлээ. Зээлийн өрийн үлдэгдэл өссөн гэх зэрэг нааштай үр дүн гарсан. Бодитойгоор хэлэхэд энэ нааштай үр дагаврыг лавшруулах боломж хойшлогдож байна.

-Тэгвэл мөнгөний бодлогыг хатууруулж байсны чинь эерэг үр дагавар яаж гарсан юм бэ?

-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдал, санхүүгийн сектороос мөнгө гадагшилж байсан тэр урсгал зогссон байгааг бид харж байна. Энэ бол маш бодитой, ил тод үр дүн юм шүү.

-Монголбанкны бодлогын арга хэмжээний үр дүнг харахад хугацаа шаарддаг. Тухайн үед Монголбанкны удирдлагууд ийм арга хэмжээ авсныхаа үр дүнд нэлээд хатуу шүүмжлэлтэй тулгарч, бүр огцрохдоо тулсан шүү дээ. Гэтэл үр дүн нь өнгөрсөн жилийн сүүлчээс харагдаж эхлэх жишээтэй. Монголбанкны бодлого, шийдвэрийн зөв, бурууг яаж үнэлж дүгнэдэг юм бэ. Улстөрчид биш мэргэжлийн байгууллага дүгнэж болдоггүй юм уу?

-Мөнгөний бодлогын арга хэмжээ бол Монголбанкны шийдвэр гараад, тэр нь зах зээлийн нөхцөл байдлыг өөрчлөөд, тодорхой нааш­тай нөхцөл бүрдүүлэх хэлбэрээр үйлчилдэг учраас хугацааны хоц­ролт­тойгоор үр дүн нь илэрдэг. Жишээ нь өнөөдөр гаргасан шийд­вэрийн үр дүн, үйл явц 11-24 сарын дотор дуусна гэсэн үг. Хүчтэй нөлөөлж эхлэх хугацаа нь таван сарын дараа гэж тооцдог. Гэхдээ аль ч улсын төв банкны хувьд мөнгөний бодлогын талаар шийдвэр гаргахад тулгардаг нэг зовлон бол шийдвэр гаргаснаас хойш 3-4 сарын дараа ямар нөхцөл байдал бий болох вэ гэдгийг урьдчилж таах боломж хязгаарлагдмал байдаг явдал юм. Бид өнгөрсөн жил мөнгөний бодлого, эдийн засгийн өсөлтийг тооцоолж байхдаа хэрэндээ л “Хүнд өвөл болно” гэж ярьж байсан болохоос яг ийм хөнөөлтэй болчихно, махны нөөц ингэж хүнд хэлбэрээр тасалдана” гэсэн ойлголт байгаагүй. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-д мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ барьж байхад “Гахайн ханиад ийм хүчтэй тусна, тархана” гэсэн ойлголт ч байгаагүй. Гахайн ханиад бизнесийн ашгийг нэлээд бууруулсан. Одоохондоо энэ нөлөөллийн аналог байхгүй болохоор үнэлж чадахгүй байна. Зудын хувьд бол 2000, 2001 оны зудын байдалтай харьцуулсан аналог судалгаа, харьцуулалт байж болж байна. Бид аливаа шийдвэрийг Монголбанкны захир­лын зөвлөлөөр хэлэлцэж байж гаргадаг. УИХ дээр Монголбанкны ерөнхийлөгч тайлангаа тавьж ажлаа дүгнүүлдэг. Монголбанкны жилийн тайлан олон нийтэд нээлттэй байдаг.

-Олон эдийн засагч бусад орон, тухайлбал Америкт бод­логын хүүг зөөлрүүлж байхад ма­най хатууруулж, эдийн зас­гаа боомилж байна гэж ярьж байсан. Одоо ч гэсэн бодлогоо хатууруулбал тэр шүүмжтэй да­хин тулгарах байх. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Америктай харьцуулахад ма­найх эдийн засгийн хамааралтай байдал, далайц, мэдрэг шинж чанар зэрэг олон талаараа асар том ялгаатай.Тухайн үед дэлхий нийтээр санхүүгийн зах зээл дээр хямрал үүсч, аль улсын ямар банк, валют тогтвортой байх нь тодорхойгүй байсан. Энэ үед дэлхийн санхүүгийн хөрөнгө үндсэндээ доллар, алт хоёр руу л урсдаг. Энэ бол хэдэн зуун жилийн түүх. Ингээд бүгд долларт хөрөнгөө байршуулж байхад манайд эсрэгээрээ байсан. Манай гадаад валютын орлого хомстсон учраас валютын өрөө төлж чадахгүй юм биш биз гэсэн болгоомжлол үүссэний улмаас Монголоос хөрөнгөө татаж эхэлсэн. Төгрөг эзэмшихээс олж авах бодитой хожоо нь гадаад валют эзэмшихээс олох ашгаас үлэмж доогуур байсан. Монгол төгрөгтэй хүмүүс ч гадаад валют руу хөрөнгөө юулж, гадаадын банкуудад байршуулан өөрөөр хэлбэл Монголоос хөрөнгө зугатаж байлаа. Тийм учраас бодлогын хүүг өсгөх болсон. Харин Америкт бол хөрөнгө төвлөрч байсан учраас бодлогын хүүгээ бууруулж, дотооддоо шингээж байсан хэрэг. Монголбанк сүүлийн зургаан сард хүүгээ буулгаж, дотоодын эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч байна. Тухайн үеийн нөхцөл байдал дээр гарсан тэр шүүмжлэл түүх болон үлдсэн. Гэхдээ тэр шүүмжлэлийн ихэнх нь улс төрийн хожоо хайсан хэрэг байсан болов уу гэж бодож байна.

-Шүүмжлэгчдийн дийлэнх нь биз­несийнхний эрх ашгийн тө­лөө байсан. Гэтэл Монголбанк Монголын нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хү­лээдэг. Үүнд л зөрүү гарснаас болсон юм биш үү. Одоо дахин ийм байдал үүсч болзошгүй гэсэндээ асууж байна л даа?

-Монголбанк гэдэг  байгууллагын өмнөөс үүнд хариулт өгөх албан тушаалтан би биш. Гэхдээ танд ярилцлага өгч байр сууриа илэрхийлж байгаа нь манай байгууллагад өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ардчилал байдгийн нэг жишээ гэж хэлж болно. Шүүмжилж байгаа хүмүүс улс төрийн хожоо харж, зөвхөн шүүмжлэхийн төлөө шүүмжилж байгаа тохиолдолд бид “Үнэн хэрэгтээ тийм биш ээ” гэдгээ хэлдэг. Монголбанк бодлогын шийдвэр гаргахдаа яагаад ингэж шийдснээ хэвлэлээр олон нийтэд мэдээлж байгаа. Тэр нь олон нийтийн яриад байгаа зүйл ч юм уу, улс төрийн мэдэгдэл биш учраас сонирхолгүй, албан байж болох юм. Гэхдээ төрийн байгууллагын мэдээлэл тийм л байх ёстой. Инфляци бага, тогтвортой байх нь нийгмийн орлогын туйлшралыг арай багасгадаг. Мөн урт хугацаанд эдийн засгийг тогтвортой өсгөх суурийг бий болгодог. Инфляциас хөрөнгөтэй хүмүүс, үйлдвэрлэгчид, худалдаачид тодорхой хэмжээнд хамгаалагдсан байдаг. Хохирч байгаа хүмүүс нь хөрөнгөгүй, зөвхөн цалинтай ажилчид л байдаг. Тэдний орлого багасдаг учраас амьдрал нь доройтоод байдаг. Тэгэхээр жишээ нь Үйлдвэрчний эв­лэлээс инфляци үүсгэх нөхцөл бай­дал үүсчихээд байхад  “Цалин өсгө” гэсэн шаардлага тавьж байгаа нь ажилчдаа биш үйлдвэрийн эздийн эрх ашгийг хамгаалсан үр дагавартай болж харагдаж байна. Үүнийг аль ч эдийн засагчаас асуусан хэлээд өгнө. Иймд инфляцийг бууруулах үүрэг нь  Монголбанкинд оногдож байна. Хийж, хийх гэж байгаа үйлдэл маань тэр бүр хүмүүсийн сонирхолд нийцэхгүй байж болно. Зээл авах гэж  байгаа хүнд л гэхэд зээлийн хүү бага байх чухал болохоос улс орны хэмжээнд амьжиргааны түвшин дээшлэх асуудал тэргүүн сонголт биш. Улс төрийн сонгуульд оролцож байхад мөн л тэргүүн сонголт нь өөрөө сонгогдох явдал байх жишээтэй. Бодлогын ийм ялгаатай нөхцөлд Монголбанкийг шүүмжлэх, түүний эсрэг байр сууриа илэрхийлэх нь элбэг тохиолддог. Зориг мохоосон, дарамт учруулсан хэлбэртэй л болж ирж байна. Арай ч ийм байгаагүй л юм. 

-Сүүлийн жилүүдэд гарч байгаа олон нөхцөл байдалтай уялдаад мөнгөний бодлогын хүүг ингэж онцгой анхаарах болов уу. Эсвэл Монголбанк анх байгуулагдахдаа л мөнгөний бодлогын хүүг тооцоолж эхэлсэн мөртлөө тэгтлээ ил ярьдаггүй байсан юм уу?

-Түвэгтэй асуулт байна. Бодож байгаагүй юм байна. Маш тодорхой нэг зүйл бол манай санхүүгийн зах зээлийн хөгжлийг дагаад бидний хийж чадах ажлын хэмжээ, өөрөөр хэлбэл хамрах фронтын шугам өргөжиж, олон янзын хувилбартай болоод байгаа юм. Ерээд оны эхний хагаст бол банк, арилжааны банк, зээл, зээлийн хүү зэргээ шинэ ухагдахуунаар нь ойлгож ашиглах, санхүүгийн зах зээлийн архитектурын бүтцийг бий болгоход илүү анхаарч байсан. Яваандаа эдийн засгийн хүчин чадал өргөсч, банкуудын цар хүрээ ч гүнзгий тэлсэн. Эргээд харахад олон нааштай өөрчлөлт гарч, улмаар биднийг сайн ажиллахыг шаардаж эхэлсэн. Монголбанкны хувьд ихээхэн хөрөнгө зарцуулдаг нэг зүйл бол судалгааны асуудал байдаг. Судалгааны хэмжээ өсөхийн тулд статистикийг хан­галт­тай бий болгох хэрэгтэй. Жишээ нь, АНУ шиг хөдөлмөрийн бүтээмжийг цалингийн хэмжээтэй харьцуулсан судалгаа хийх гэхэд тэд 400 жилийн тоо тавьчихаад сууж байхад би 400 сарынхыг олж чадахгүй байна шүү дээ.

-“Статистикт зөвхөн тэнэгүүд итгэдэг” гэсэн шог яриа байдаг. Та статистик тоо баримтад итгэдэг үү?

– Манай статистикийнхан энэ талаар сайн хичээж ажилладаг. Мэдээж алдаа бий. Ер нь аливаа статистик алдаа, орхигдуулалттай байдаг. Статистикийн бүтээг­дэхүүнүүд сүүлийн жилүүдэд сай­жирсан. Бодит ДНБ-ний улирлын тооцооны албан ёсны үзүүлэлттэй боллоо, Тухайн сардаа багтаж гардаг, хамрах хүрээ өргөн болсон гээд сайн л үзүүлэлт нэрлэж чадах байна.

У.Оргилмаа

Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж