Б.Сүхбаатар: 2017 он нефтийн салбарынханд хүч, ухаан сорьсон жил байлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Б.Сүхбаатар: 2017 он нефтийн салбарынханд хүч, ухаан сорьсон жил байлаа

Б.Сүхбаатар: 2017 он нефтийн салбарынханд хүч, ухаан сорьсон жил байлаа

Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.04.27/  Төрийн ордны Баганат танхимд боллоо. Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаасан байна. ТОП-100 аж ахуй нэгжийг тодруулах ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав болон ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарсан татвар төлөгч шилдэг байгууллагуудын төлөөлөл, удирдлагууд оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын нийт шатахууны хэрэгцээний 15 хувийг дангаараа хангадаг, Үндэсний бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулагч “Сод Монгол Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатартай ярилцлаа. 

-“Сод Монгол Групп” ТОП-100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа. Хэд дэх жилдээ шилдэг топ аж ахуй нэгжээр шалгарч байна вэ?

-“Сод Монгол Групп” 15 дахь жилдээ ТОП-100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарч байна. Жил жилийн ажлын үр дүн, үзүүлэлтийг харгалзаж ийнхүү шалгаруулдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд манай хамт олон маш олон үр дүнтэй ажлуудыг хийж чадлаа. Зах зээлийнхээ хүрээг тэлж, хөдөө орон нутаг руу үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ. Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Хархорин аймгууд зэрэг нийт 40 гаруй шатахуун түгээх станцыг барьж ашиглалтад орууллаа. Дорнод аймагт нэг бүрэн агуулаг барьсан байна. Нийт борлуулалтын хэмжээ 15 хувиар өсч, улсад 50 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн үзүүлэлтээр энэхүү ТОП-100 аж ахуй нэгжид шалгаруулсанд баяртай байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлууд зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн 2017 оны хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 30 орчим тэрбум төгрөгийг зарцуулж, байгууллагын хамт олон, ажилчдын нийгмийн асуудалд 500 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Энэ бүх үзүүлэлтүүд манай компанийг ТОП-100 аж ахуй нэгжийн нэгээр шалгарахад нөлөөлсөн гэж бодож байна. Байгууллагын бүх хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

-Хувийн компанийн хувьд эдийн засгийн хүнд үед бизнесээ авч үлдэнэ гэдэг амаргүй даваа. Тэгэхээр “Сод Монгол Групп”-ийн хувьд ямар стратеги барьж ажиллаж байгаа талаар хуваалцаач?

-Өнгөрсөн жилийн хувьд нефтийн байгууллагуудад хүч, ухаан сорьсон жил боллоо. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ долоон сарын турш огцом өссөн. Нөгөө талаар улсаас онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Энэ бүгдээс хамааран шатахууны жижиглэн худалдааны бөөний үнэ нэмэгдсэн зэрэг томоохон сорилтууд тулгарлаа. Гэхдээ компани нөөц бололцоогоо ашиглаж, үргүй зардлаа багасгах, өртөг зардлыг хямдруулах зэрэг олон талт арга хэмжээг авч ажиллалаа. Түүнчлэн төрөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд төрийн бодлоготой уялдуулж ажилласан хариуцлагатай жил байлаа. Өрийг нэмэгдүүлэхгүйн тулд багагүй хичээж ажилласан. Он гарснаар нефтийн бүтээгдэхүүний тийм тогтворжихгүй, буух хандлагагүй байна. Тавдугаар сар ойртож байхад нефтийн үнэ 20 гаруй ам.доллараар үнэ нь өсчихлөө. Энэ бүхэн бол бидний өмнө улам л өртөг зардлаа хэмнэх, бололцоо нөхцөлөө дайчилж ажиллах шаардлага бидэнд тулгарч байна.

-Төрийн зүгээс ийм үед ямар байдлаар аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого баримтлах ёстой вэ гэдэгт та хариулт өгөөч?

-Төрийн зүгээс хүссэн хүсээгүй нефтийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх асуудал зайлшгүй тавигдах болж байна. Үнийн зөвлөлөөс эхний ээлжинд арга хэмжээ авсан. Евро чиглэлийн шатахуун, түлшний үнийг чөлөөлсөн нь үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад тодорхой хэмжээний дэмжлэг болсон. Гэхдээ цаашид үнэ чөлөөлөх асуудал мэдээж яригдах болов уу гэсэн хүлээлт бол бий. Засгийн газрын зүгээс дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханшаас хамааран онцгой албан татварт уян хатан нөхцөлтэй хандаж ирсэн. Тиймээс цаашид мөн дэлхийн зах зээл дээр үнэ өсвөл онцгой албан татвараар жийрэг хийх бодлогоо баримтлаад явах болов уу гэж бодож байна. Татварын орчныг илүү сайжруулах, тендерийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагууд бол бий.

-“Сод Монгол Групп”-ийн зүгээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллахаар зорьж байгаа вэ?

-Бидний зүгээс хэд хэдэн аймгуудад дахин шатахуун түгээх станц барих төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, Баянхонгор, Архангай аймгууд буюу баруун аймгууд руу чиглэсэн үйл ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Увс, Орхон аймгуудад агуулах барих төлөвлөгөөтэй байна. Мөн “Сод Монгол Групп”-ын нийтдээ 17 охин компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайлбал, IМAX кино театрын үйл ажиллагааг өргөтгөж, 14 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий орчин үеийн техникээр тоноглогдсон кино театрыг Орхон аймагт ашиглалтад оруулсан. Ингэснээр Орхон аймгийн хүүхэд залуучуудад цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг нь бүрдүүлсэн байгаа. Цаашид бид Дорнод, Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Энэ жилийн хувьд Дархан аймагт кино театраа ашиглалтад оруулсан. Нийтийн орон сууцны чиглэлд мөн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж