Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Итали-1934

Алдаа, оноотой ч гэсэн хөлбөмбөгийн ДАШТ тун амжилттай боллоо. Ингээд дараагийн тэмцээнийг хаана зохиох нь бараг л тодорхой байсан гэхэд болно. Мэдээж энэ бол Европ тив байсан юм. 1934 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг 1932 оны 5 сард Шведийн нийслэл хот Стокгольм хотноо хуралдсан ФИФА-н конгрессоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Швед болон Итали улсууд өрсөлдөж Италичууд ялалт байгуулсан. Ийнхүү хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаагаа Европ тивд зохион байгуулах улсаар Итали улс тодорсон юм. Италичууд ДАШТ-нийг зохион байгуулахын тулд чамгүй хөрөнгө зарж, Италийн засгийн газраас бүтээн байгуулалтанд зориулж тухайн үеийн ханшаар 3.5 сая лир гаргасан. Италичууд ДАШТ-нд зориулж нэг цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьсан бол нэгийг сэргээн засварласан байдаг. Дөрвөн жилийн өмнө Уругвайчууд ДАШТ-г зохион байгуулахдаа зөвхөн нийслэл Монтевидео хотноо 3 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол ФИФА сонгон шалгаруулалт хийлгүй улс орнуудыг оролцуулж байсан. Тэгвэл энэ удаа Италичууд 8 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнийг явуулсан бол ФИФА-гаас анх удаагаа ДАШТ-ний сонгон шалгаруулалтыг хийж хүсэлтээ өгсөн 32 улсын шигшээ багаас 16-г нь урьдчилсан шатны тоглолтоор шалгаруулж авсан.

1934 оны ДАШТ-нд шалгарсан 16 шигшээ багийн 12 нь Европ тивээс байсан бол Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Хойд Америкаас АНУ, Африк тивээс Египет улсын шигшээ багууд багтсан. Харин 1930 оны ДАШТ-нд оролцсон Уругвай, Парагвай, Болив, Перу улсууд оролцоогүй бол хөлбөмбөгийн эх орон гэгддэг Их Британий харъяа Англи, Шотланд, Уэльс, Ирландын шигшээ багууд ч оролцсонгүй. Италид болсон ДАШТ нь дөрвөн жилийн өмнөхөөс арай өөрөөр явагдсан юм. Сонгон шалгаруулалтыг давсан 16 шигшээ багийг хэсэгт хуваалгүй шууд хасагдах журмаар тоглуулсан байдаг. Иймд Бразил болон Аргентин гэсэн Өмнөд Америкийн хүчирхэг багууд ганцхан тоглолт хийн хожигдоод тэмцээнийг эхний шатнаас шууд өндөрлүүлж нутаг буцсан. “Гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр нутагтаа ДАШТ-нийг зохион байгуулж байгаа Италичууд аваргын алтан медаль хүртэхдээ Испаний шигшээ багтай хийсэн хариу тоглолтыг оролцуулаад ердөө 5 тоглолт хийсэн. Тэрээр эхний шатанд АНУ-ыг 7-1, дунд шөвөгт Испанийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2-1 харьцаатай хожиж хагас шигшээд Австрийн шигшээ 1-0-ээр хожин шишгээд шалгарсан. Тэмцэний шигшээ тоглолт Италийн нийслэл Ром хотын “Стапио Национале” цэнгэлдэх хүрээлэнд болж тус тэмцээний мэргэн буучаар шалгарсан О.Неедлы тэргүүтэй Чехословакийн шигшээ багийг Италийн шигшээ баг 2-1 харьцаатай хожиж аваргын алтан медаль хүртэж байжээ.

Ийнхүү Италичууд анх удаагаа Европ тивд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахдаа шууд аваргын алтан медалийг хүртсэн. Энэ багт хожмоо домог болон үлдсэн Жузеппе Меацца болон 1930 оны Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан ДАШТ-ний алтан медалийг зүүж байсан Луис Монти нарын шилдгүүд тоглож байсан. Л.Монтигийн хувьд Италийн засгийн газрын ятгалгаар Уругвайн шигшээ багийн хэд хэдэн нөхдийн хамтаар Италийн шигшээ багийн өмсгөлийг өмссөн бөгөөд 2 улсын шигшээ багийн өмнөөс тоглон дэлхийн аварга болсон цорын ганц тоглогч болсон байдаг. Мөн энэ удаагийн ДАШТ-нээс эхлэн хүрэл медалийн төлөөх тоглолт албан ёсоор явагдсан бөгөөд Германы шигшээ баг Австрийн шигшээг 3-2 харьцаатай хожиж ДАШТ-ний анхны медалиа хүртсэн юм.

Тоон хэлээр:

  • 4: тэмцээний турш 11 метрийн торгуулийн цохилт 4 удаа болсны 2 нь амжилттай болсон.
  • 5: Итали-1934 ДАШТ-ний мэргэн буучаар Чехословак улсын шигшээ багийн тамирчин О.Неедлы тодорсон бөгөөд 5 гоол оруулсан.
  • 8: ДАШТ нь Итлаийн Ром, Неаполь, Болонъя, Флоренци, Генуя, Милан, Турин, Триест гэсэн 8 хотын 8 өөр цэнгэлдэх хүрээлэнд явагдсан
  • 16: энэ тэмцээнд Европ тивээс 12, Америк тивээс 3, Африк тивээс 1 улс оролцсон
  • 17: нийт 17 тоглолт болсон бөгөөд Италийн шигшээ баг Испаний шигшээтэй тус ДАШТ-ний цорын ганц хариу тоглолтыг хийсэн.
  • 70: тэмцээний турш нийт 70 гоол хаалганы торыг хөдөлгөсөн бөгөөд нэг тоглолтонд дунджаар 4.1 гоол орсон

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж